Л.Оюун-Эрдэнэ: Тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж,  “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь гол онцлог 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  явуулав.

Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, 2023 оны төсвийн жил Монгол Улсад олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам.доллараар эерэг гарлаа. Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн байсан гэдгийг онцолсон.

Мөн, Бид өнгөрсөн гурван төсвийн жилийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадлаа. Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулсан. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв.

Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог гэж байлаа.

“Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно. Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд нь 2024 оны төсвийн жилийн онцлог байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.69) 2023 оны 10 сарын 21

Аймгуудыг хооронд нь болоод боомтуудтай холбох зам барих тай ярих юм алга. Зөв шийдэл. Яг холбох үед л зарим аймгууд хаягдна даа. Төсөв хуваарилахад томчуудын тойргуудад том том хаздаг жишэг бий дээ. Хэнтий, Увс, Ховд гээд маш том хөрөнгө оруулалт авдаг бол Булган, Баянхонгор мэтэд хусам л оногддог ялгавартай байдлаа шударга болгомоор.

0  |  0
Зоригт (66.181.185.139) 2023 оны 10 сарын 20

Бас юун 5 бэ. Лалараа

0  |  0
сонгогч(202.9.46.142) 2023 оны 10 сарын 20

улсын мөнгийг жалга довоор нэг цацалгүйгээр том бүтээн байгуулалтандаа зарцуулъя

0  |  0
Top