“Нэг бүс, Нэг зам” форумд 130 гаруй орны төлөөлөгчид хуран цуглав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

Өнөөдөр /2023.10.17/ Бээжин хотноо “Нэг Бүс, Нэг Зам” гурав дахь удаагийн форумд оролцохоор 130 улс, 30 олон улсын байгууллагын төлөөлөгчид хуран цуглаад байна.

“Нэг Бүс, Нэг Зам” санаачилгын 10 жилийн ойд зориулагдсан арга хэмжээнд олон хамтын ажиллагааны хөгжил, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, экологийн салбарын хамтын ажиллагаа, байгаль орчныг хамгаалах зэрэг өргөн хүрээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Тус форум Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын харилцааг нэмэгдүүлэх стратегийн хүрээнд 2013 оноос хойш зохион байгуулагдаж байна. Гол зорилго нь Торгоны замын дагуу эдийн засгийн бүс байгуулахад чиглэсэн Хятадын санаачилгыг хэлэлцэн урагшлуулах явдал юм. Торгоны замын эдийн засгийн бүс нь Хятад-Орос-Монгол, Хятад-Төв Ази, Хятад-Персийн булан, Хятад-Пакистан, Хятад-Бангладеш-Энэтхэг-Мьянмар болон Хятад-Зүүн Өмнөд Ази гэсэн зургаан гол эдийн засгийн коридороос бүрдэж байна.

Форумын үеэр болох БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ­Ерөнхийлөгч Владимир Путины уулзалт олны анхаарлыг татаж байгаа бол форумд “Талибан“ хөдөлгөөнийг мөн уриад байна.

Энэ удаад Германы канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг Европын Холбооны зарим гишүүн орнуудын тэргүүнийг уриагүй байна.

“Бүс ба Зам” санаачилгын анхны форумыг 2017 онд байгуулж байсан ба тухайн үед дэлхийн 130 орны төлөөлөгчид оролцож байжээ. 2019 онд болсон хоёрдугаар форумд Европ, Ази, Африкийн 150 орны төлөөлөгчид ирж байсан бол 2021 оны арга хэмжээ коронавирусний цар тахлын улмаас хойшлуулагдаж байв.

Форумын хөтөлбөр

Хоёр хоног үргэлжлэх форумын үеэр оролцогчид хоёр талын уулзалтуудаас гадна хөрөнгө оруулалт, цахим эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны сэдвээр болох хэлэлцүүлгүүдэд оролцоно. Тухайлбал, хөрөнгө оруулалтын тодорхой төслүүдийг танилцуулж, эдийн засгийн салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна.

“Бүс ба Зам” санаачилгын тухай

Шинэ Торгоны замын хүрээнд эдийн засгийн коридорууд барих санаачилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх 2013 онд танилцуулж байсан билээ. Тэрбээр хуурай газар, далайн тээврийн замуудыг нэгтгэн, бараа таваарыг Зүүн Өмнөд Ази, Африк, Ойрх Дорнод, Европт шуурхай бөгөөд хямд өртгөөр тээвэрлэх боломжийг бүрдүүлэхийг санал болгосон.

Өнгөрсөн хугацаанд санаачилгад дэлхийн 150 гаруй улс нэгджээ. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгаас Филиппин, Индонез, БНСУ, Тайланд, Ойрх Дорнодоос Турк, Саудын араб, Арабын Нэгдсэн эмирт Улс, ТУХН болон Зүүн Европын бараг бүх орнууд, Африкийн ихэнх улс, Латин Америкаас Аргентин, Венесуэл, Чили, Уругвай зэрэг орнууд нэгдээд байна.

Торгоны замын Эдийн засгийн бүсийн хуурай газрын гол цэг нь Хятадын Шиань, Казахстаны Алматы, Киргизийн Бишкек, Узбекистаны Самарканд, Ираны Тегеран, Туркийн Истанбул, Оросын Москва, Германы Дуйбург хотоор дайран өнгөрнө. Харин XXI зууны Тэнгисийн Торгоны замын гол боомтуудаар Вьетнамын Ханой, Индонезийн Жакарта, Малайзын Куала Лумпур, Энэтхэгийн Колката, Кенийн Найроби, Грекийн Афин, Италийн Венец сонгогдоод байгаа юм.

“Зам ба Бүс” санаачилгын хүрээнд үндэстэн дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүч, харилцаа холбооны гинжин хэлхээг бий болгох, худалдааны саад тотгорыг арилган, макро эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, үндэсний валютын төлбөр тооцоонд шилжих, хүн хоорондын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадын компаниуд Ази даяр далайн боомт, авто зам, төмөр зам, гүүр, усан цахилгаан станцын далан зэрэг олон тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлээд байна. Есдүгээр сарын сүүлээр, Хятад, Монгол, Оросын хооронд авто замын тээврийн хоёр дахь маршрутыг ашиглалтад оруулаад байна. Үүнтэй зэрэгцэн, Төв-Евразийн тээврийн коридор байгуулах асуудал яригдаж байна.

“Бүс ба Зам” санаачилга өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэх замаар гурван мянга гаруй төсөл хэрэгжүүлж, Торгоны зам дагуу 420 мянган ажлын байр бий болгосноор 40 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ. Хятад-Европ төмөр замаар нийт 65 мянган галт тэрэг аялжээ.

Мега төслийн хамарсан нутаг дэвсгэрт дэлхийн хүн амын 63 хувь нь амьдарч, эрдэс баялгийн асар их нөөц төвлөрч байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top