НАМРЫН ЧУУЛГАНААР: Баялгийн хулгайг ХАЗААРЛАХ хугацаа алдсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

2023 оны 09 сарын 28

УИХ-ын дарга Г.Занданшатар  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй өнгөрсөн  наймдугаар сарын 15-нд уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонссон юм.

Энэ үеэрээ тэрбээр, "Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай зэрэг багц хуулийн төслийг 2021 онд батлуулах ёстой байсан ч өнөөг хүртэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна. Эдгээр хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гаарахгүй байх боломжтой байсан" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Спикерийн үгийг аваад үзэхээр баялгийн хулгай сүүлийн хоёр жилд илүү гаарсан гэж ойлгогдож буй ч угтаа бол хулгай нутагшаад удсан л даа. 

Тэгвэл баялгийн хулгайг гааруулахгүй, хазаарлахад чиглэсэн гэх тодотголтой зарим хуулийн төсөл ирэх долоо хоногт нээлтээ хийх УИХ-ын 2023 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад байна.

Тухайлбал,  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн   найруулгын төсөл  байгаа бол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл багтаагүй байна. 

Спикерийн тодотгож буйгаар Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж буй. Хөрөнгөөр нь төсвийн алдагдлыг нөхдөггүй, эрүүл үйл ажиллагаа бүхий баялгийн санг нутагшуулах тухай сэдэв олон жилийн өмнөөс буюу эдийн засаг уул уурхайгаас хэт хамаарч эхэлсэн үеэс л яригдаж байсан. Энэ Засгийн газар ч баялгийн сангийн төслийг өргөн барих гэж дуншуулсаар байгаа нь үнэн. 2022 оны тавдугаар сард Засгийн газрын  хуралдаанаар  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Үүнээс хойш жил гаруйн хугацаа  өнгөрч буй ч төслийг өргөн мэдүүлээгүй байна.

Монгол Улс авлигын индексээр 5 байр хойшоо алхахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь баялгийн сангийн хууль байсан. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу заасан Үндэсний Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгох, сангийн засаглалд эрсдэл учруулахаар байгааг анхааруулж байна гэж "Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас /2023.01.31/ танилцуулсан  мэдээлэлд дурдсан байв. 

Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хуулийг батлаагүй байгааг тодотгосон. 

Олборлох салбарын ил тод байдал гэж чухам юуг хэлээд байгааг, манайд нөхцөл байдал нь ямар түвшинд байгааг дурдахад: 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” гэдэг бол байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, тэдгээрийн 53 улс нь ОҮИТБС-ын шаардлагыг хангаад буй аж. Харин манай улсын тухайд уг санаачилгын хүрээнд зарим мэдээллүүд ил тод болж байгаа юм.

Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд анх 2013 онд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил болгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед сайн дурын үндсэн дээр ил тод болгосон анхны тайлагналаар 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан юм. Харин 2020 оны нэгтгэл тайлангаар уг үзүүлэлт 3.2 дахин өссөн байдаг. 

Уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил тод болгосныг  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-аас мэдээлснийг өмнө нь хүргэж байв.

Тус санаачилгаас өнгөрсөн онд өгсөн  мэдээллээр Монгол Улсын  уурхайн салбар дахь 1,636 тусгай зөвшөөрлийг эзэмшигч 1195 аж ахуйн нэгж сүүлийн 5 жилд ОҮИТБС-ын тайлан гаргаагүй байгаа юм. ОҮИТБС-аас өгсөн мэдээллээр:

Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2,884 аж ахуйн нэгжийн 12,542 тайлан бий аж. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад  мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм.

Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1,195 байгаа бөгөөд тэдгээрийн эзэмшилд 1,636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.

Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрддөггүй байна гэж тус санаачилгын зүгээс үзэж буй юм.

ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 2,024 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 67 хувь нь 2020 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргажээ.

Хэдийгээр ОҮИТБС-ын олон улсын стандарт нь Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунджаар 25-30 хувь нь тухайн оныхоо ОҮИТБС-ын тайланг огт гаргадаггүй хандлага тогтоод байна. Тухайлбал, тайлан гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо 2016 онд 535 байсан бол 2020 онд 690 болж нэмэгджээ.

Монгол орны хаа нэгтээ ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа л бол холбогдох хууль тогтоомж, ОҮИТБС-ын олон улсын стандартын дагуу аж ахуйн нэгжүүд ил тод байдлын тайлангаа гаргах ёстойг тус санаачилгын зүгээс сануулдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухайд,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны тавдугаар сард төсөлд санал авч буйгаа мэдэгдсэн.  Салбар яамны зүгээс санал авч буйтай зэрэгцэн  тус хуулийн төсөлтэй холбоотой хөндлөнгийн судлаачдын байр суурийг хүргэж байсан билээ. Тухайлбал, хуульч, судлаач Р.Лхагвабаяр “Уул уурхайн үйл ажиллагаа: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба Олон нийтийн оролцоо” сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх өөрчлөх ёстой асуудлуудыг хөндсөн байсан. 

Тэгэхээр нөхцөл байдлыг аваад үзэхэд, баялгийн хулгай гаарсан үйл явц нэг хоёр жилээр тогтохгүй нэлээн олон жилийн өмнөөс бий болсон ч өдгөө тэр хулгайг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчныг, тогтолцоог бүрдүүлэх үйл явцын өрнөл тааруу байна гэж үзэхээр байгаа юм. 

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд эрдэс баялгийн салбараас олсон орлогынхоо тодорхой хэсгийг хурааж, хуримтлуулна гээд баялгийн сангийн хэлбэр бүхий сангууд байгуулсан ч, бодит байдал дээр 99 хувийг нь хэрэглээд, 1 хувийг л ирээдүйдээ үлдээдэг гэх шүүмжийг олон улсын байгууллагуудаас сонсож өнөөдрийг хүрсэн.  Тоо дурдвал, манай уул уурхайн салбар 2000 оноос хойших  хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан талаар эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд бийг сануулъя.

Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлсэн ч  есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийжээ. Гэсэн ч  эдгээр сангаас 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар 2020 оны байдлаар цэвэр  дүнгээр  0.2  тэрбум  ам.долларын  үлдэгдэлтэй  л байсан.  Нэг ёсондоо Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авсаар байдаг нь хойч үеийнхээ  санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй үйлдэл. Цаашид эл үйлдлүүдээ хазаарлах хэрэгтэйг эдийн засагчид сануулдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top