Венесуэлийн гэмт бүлэглэл шоронг тансаг ордон болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 23

Венесуэлийн Арагуа мужийн хууль хүчнийхэн “Трен де Арагуа” гэмт бүлэглэлийн хяналтад байсан Торокон хорих газарт томоохон хэмжээний ажиллагаа явуулжээ. Ажиллагаанд 11 мянган цэрэг, цагдаа оролцсон байна.

“Daily Mail” хэвлэлд мэдээлснээр, “Трен де Арагуа” бүлэглэлийн толгойлогч, гишүүд нь хоригдож байсан ч Венесуэлийн олон хотыг хэдэн жилийн турш айдаст автуулсаар байжээ. Хууль хүчнийхэн Торокон шорон руу дайран ороод бүхэл бүхэн хот илрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тус бүлэглэл хорих газрыг өөрийн төв болгосон байжээ. Хорих газрын нутаг дэвсгэрт шөнийн клуб “Tokyo”, бейсболын талбай, усан сан, амьтны хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай зэргийг байгуулжээ. Хорих газрын байранд мөрийтэй тоглоомын тусгай өрөө гаргасан байна. Түүнчлэн, хоригдлууд хууль бусаар криптовалют олборлож байжээ. Амьтны хүрээлэнд бар, арслан, хар ирвэс, матар тэжээж, амьтдаар бусад хоригдол, харгалзагч нарыг айлгадаг байжээ. Мөн Торокон хорих газрын доор хэд хэдэн хонгил илрүүлсэн байна. Эдгээр хонгилоор бүлэглэлийн гишүүд хот руу гардаг байжээ.

Венесуэлийн холбогдох төрийн бус байгууллагууд энэхүү ажиллагааг жинхэнэ байсан гэдэгт эргэлзэж байна. Тэд холбогдох албан тушаалтнууд “Трен де Арагуа” бүлэглэлийн толгойлогчтой тохиролцсон байж болзошгүй гэж сэжиглэж байна. Ажиллагааны дараа шоронгийн хоригдлын тоо 5000-аас 1500 болж цөөрсөн байна. Орон нутгийн “Union Radio” радио нутгийн иргэдийг оргосон хоригдлууд ойр орчимд бүгж байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.173) 2023 оны 09 сарын 23

Яасан хөдөлмөрч шаарнууд вээ

0  |  0
Top