Б.Оюунчимэг: Дархан-Уул аймагт хагас коксон түлш үйлдвэрлэж, хэрэглэж байсан туршлага бий

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 14

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ өдрүүдэд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдол, утааны талаар ярих нь олширдог. Энэ жилийн хувьд Эрчим хүчний яамнаас 177 тэрбум төгрөгөөр урд хөршөөс хагас кокс импортолж, “Тавантолгой түлш” компанид шахмал түлш үйлдвэрлэн нийслэлийг хангахаар төлөвлөж байсан ч олны эсэргүүцэлтэй тулгарч унасан. Гэсэн хэдий боловч энэ жилдээ Налайх, Нисэх, Яармаг, Дархан-Уул гэсэн дөрвөн газарт 32 тэрбум төгрөгөөр уг ажлыг хийх, Багануурын уурхайг түшиглэн хагас кокс боловсруулах үйлдвэрийг 16-18 сарын дотор барьж байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Тиймээс бид энэ удаагийн “Өглөөний зочин”-оороо Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Оюунчимэгийг урьж, агаарын бохирдол, хагас коксон түлшний талаар ярилцлаа.


-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь агаар, орчны бохирдлыг бууруулах, үүнтэй холбоотой төрийн болон төрийн бус, иргэд, олон улсын байгууллагуудын оролцоог хангах, хоорондын харилцан уялдааг хангаж өгөх чиг үүрэгтэй байгууллага юм. Ер нь бол салбар хоорондын ажлын уялдааг хангадаг байгууллага гэж ойлгож болно. Харин үйл ажиллагааны чиглэлийн хувьд агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлын менежмент гэсэн дөрвөн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээртэй холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадна болон дотны сайн туршлагыг амьдралд нэвтрүүлэх зэргээр ажилладаг.

-Дээрх дөрвөн чиглэлээс иргэдийн хамгийн их мэддэг, санаагаа чилээдэг нь агаарын бохирдол байх шиг байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас ч шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсны нэг нь өнөөдөр бидний хэрэглэж буй сайжруулсан шахмал түлш шүү дээ. Тэгэхээр сайжруулсан шахмал түлш буюу мидлинг маань тухайн үед ямар үүрэгтэй байсан, тэр үүргээ биелүүлж чадсан болов уу?

-Сайжруулсан шахмал түлш гарахаас өмнө бид түүхий нүүрсээ л түлж байлаа шүү дээ. Түүхий нүүрс гэдэг маань үндсэн элементүүд байхын зэрэгцээ олон төрлийн органик нэгдлүүд, микро элементүүд, газрын ховор элемент, шороо зэрэг нь бүгд холилдоод байгальд байж байдаг зүйл. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн нь дэвшил байсан. Ямар ч байсан мидлинг гэдэг маань угаачихсан, тодорхой хэлбэр дүрсэд оруулж, хүмүүсийг хэрэглэхэд амар хялбар болгосон бүтээгдэхүүн юм. Тухайн үед түүхий эдийн хамгийн боломжит сонголт нь л энэ байсан байх. Мидлингийг сонгосон хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, бидний хэрэглээг хангахуйц хангалттай нөөцтэй байсан. Хоёрдугаарт, тээврийн болоод бусад зардлын хувьд хамгийн хямд төсөр байсан. Ер нь агаар, орчны бохирдлын талаар судлаач, мэргэжилтнүүд маань ганц л зүйлийг хэлдэг. Энэ бол явж, явж ядуурал, эдийн засгийн чадамжтай холбоотой. Эдийн засгийн өндөр чадвартай, мөнгөтэй орнууд бол хамгийн сайн, дэвшилтэд технологийг хэрэглэдэг байхад бид өөрсдийн нөхцөл боломжинд тааруулж сонгосон сонголт нь мидлинг байсан хэрэг. Харин үүргийн тухайд бол маш сайн үүргээ гүйцэтгэсэн. Мөн судалгаанаас харахад анх сайжруулсан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн үед хэрэглэгчдийн тоо нэлээд бага байсан. Хэрэглэж байсан түлшний хэмжээ жилдээ 350 гаруй мянган тонн л байсан. Гэтэл одооны жилийн хэрэглээ 600 мянган тонн болсонтой ч холбоотой.

-Бууруулах учиртай яндангийн тоо маань нэмэгдсэн хэрэг үү?

-Яндангийн тоо нэмэгдсэн хэрэг биш. Хэрэглээ, хэрэглэгчдийн тоо өссөн л зүйл. Учир нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш хэрэглэх бүсчлэлийг тэлж, нэмэгдүүлж ирсэн нь хэрэглээг өсгөсөн. Яахав, яндангийн тоо огт нэмэгдээгүй гэж хэлж бас болохгүй л байх. Яагаад гэхээр яг эцсийн тоо нарийн гардаггүй. Нэг жил нь байр түрээслээд, дараа нь гэр хороололд амьдарч байгаа өрхийн тоо нэлээд байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс хамаараад тооны тодорхойгүй нөхцөл байдал үүсдэг. Цаг Уур Орчны шинжилгээний газрын мэдээллээр Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогоор 196 мянган 3-15квт хүчин чадалтай зуух байдаг бол Тавантолгой түлш компанийн зүгээс өгч байгаа мэдээллээр бол сайжруулсан шахмал түлшний 220 мянган картаар түлшээ борлуулдаг юм билээ.

-Мэргэжилтнүүд ярихдаа түүхий нүүрс түлж байх үеийн утааг 40 хувь бууруулна гэсэн үр дүнгээ үзүүлсэн. Харамсалтай нь цаашид хэчнээн жил ч түлээд үүнээс цааш буурахгүй. Тиймээс дараагийн шатлалын түлш буюу хагас коксон түлшийг хэрэглэх ёстой гээд байгаа. Тэгэхээр та хагас кокс гэж яг юуг хэлээд байгаа талаар манай уншигчдад олйгомжтой тайлбарлаж өгнө үү?

-Ер нь бол нүүрсийг боловсруулж байгаа л хэлбэр. Харин боловсруулахдаа 550-700 орчим буюу бага градуст хуурайгаар нь жигнэж байгаа юм. Их градуст жигнэхээр бүтэн кокс болчихдог. Үүнийг металлург гэх мэтэд ашиглана. Тиймээс бага градуст жигнэж нүүрснээс хий, давирхай, хагас кокс гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гардаг. Боловсруулалтын үед ялгарч буй хийгээр нь цахилгаан үйлдвэрлэж байна. Давирхайг нь химийн үйлдвэрт боловсруулж, хүхрийн хий, газрын ховор элемент гээд олон ашигтай бүтээгдэхүүнийг гаргаж авдаг юм билээ. Үлдэж байгаа нь хагас кокс, түүнийг нь түлшинд хэрэглэхээр хүхрийн хий, үнс дэгдэмхий бодис нь маш багасдаг. Энэ технологи дэлхий нийтэд нэвтрээд олон жил болж байгаа.

-Бид шинээр хийх гээд байгаа зүйл биш байх нь?

-Тэгэлгүй яахав, шинээр бодож олсон зүйл биш. Дэлхий нийтээрээ энэ аргыг хэрэглээд олон жил болж байна. Ер нь манай улс ч анх удаагаа нэвтрүүлэх гээд байгаа юм биш. Анх агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2008 онд хамгийн анхны хагас коксжуулах туршилтыг ТЭЦ-2 дээр хийж үзсэн байдаг. Мөн Дархан-Уул аймагт хагас коксон шахмал түлшийг үйлдвэрлэж Улаанбаатар хотын нэг дүүргийн хэрэглээнд нэвтрүүлж байсан туршлага ч бий. Харамсалтай нь төрийн бодлогын залгамж халаагүй байдал, эдийн засгийн боломж, технологийн жижиг, сажиг алдаануудаас болоод энэ төсөл цаашид үргэлжилж чадаагүй. Харин одоо бид үүнийг яагаад зайлшгүй хийх шаардлагатай вэ гэхээр хэрэглэгчийн тоо ихсэх тусам мидлингээ түлээд л байвал агаарын чанар улам л муудна. Тиймээс л дараагийн алхам буюу хагас коксон шахмал түлшийг хэрэглэх хэрэгтэй болчихоод байгаа юм. Ингэж байж бид хий, цахилгаан зэрэг цаашдын том зорилтдоо хүрнэ. Хий, цахилгааны асуудал шийдэгдсэн тохиолдолд орон сууцжуулах ажил илүү хурдацтай болно. Илүү том зургаар нь авч үзвэл орчны бохирдолд нөлөөлдөг том хүчин зүйл болох үнсний хаягдал маш багасна. Гэтэл сүүлийн гурван жилийн статистикээс авч үзвэл агаар дахь тоосонцорын хэмжээ огт буураагүй байдаг. Ингэж тогтворжчихоод буурахгүй байгаа шалтгаан нь мидлингийн түлшний дэгдэмхий үнслэгтэй холбоотой.

-Хагас коксоор хийсэн түлшний туршилтыг энэ жилийн хоёрдугаар сараас хийж, үр дүн сайн гарсан учраас нийслэлийн хэрэглээнд нэвтрүүлж үр дүнгээ үзье гэдэг асуудал яригдаж байсан. Харамсалтай нь нөгөө “туршилт” гэсэн үгээс нь болоод нийтээрээ баалуулаад мөнгө болоод бүсийн хэмжээ багассан. Бид хэрэв нөгөө 177 тэрбум төгрөгийг нь батлаад нийслэл даяараа уг түлшийг хэрэглэсэн бол агаарын бохирдолд ямар нөлөө үзүүлэх байсан бэ?

-Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд буюу автомашин, замын тоос, яндангийн утаа гээд олон зүйл бий. Дээрээс нь улирлын шинж чанараас их өөрчлөгддөг. Мөн нийслэлийн агаарын бохирдол хэмждэг цэгүүдэд  бохирдлын хэмжээ өөр, өөр гарна. Судлаачдын хийсэн ажлаас харж байхад галлагааны улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь нүүрсэн галлагаа байдаг. Тиймээс энэ нөлөөг хагас коксоор хийсэн шахмал түлш бууруулж байгаа нь судлагаагаар батлагдсан. Бид Бээжин хотын агаарын бохирдлоо бууруулсан арга зам, хагас коксоор хийсэн түлшинд шилжсэн шалтгаан болон судалгааны ажлуудтай танилцсан. Тэгэхэд Хятад улс хагас коксоор хийсэн түлшинд шилжсэнээр хар нүүрстөрөгч, элемент нүүрстөрөгч, органик нүүрстөрөгч, тоосонцор зэргээ буулгаж чадсан байна. Хүхрийн хувьд Хятадын өөрийн түүхий эдэнд бага юм билээ. Харин манайд хүхрийн хэмжээ 0.8-1.0-тэй нүүрс түлж байгаа. Хагас коксоор хийсэн шахмал түлшинд шилжсэнээр хүхрийг мөн 50 хувиар бууруулах боломжтой. Орчны агаар дээр бидний хийсэн судалгаагаар доод тал нь 35 орчим хувиар буурна. Хүлээгдэж буй үр дүн бол 50 хувь байгаа. Сайжруулсан шахмал түлшин дээрээ болохоор 70 хувь гэж Эрчим хүчний яамнаас танилцуулж байсан.

-Олон нийт, цахим орчны шүүмжлэлээс болоод нийслэлийг бүхэлд нь бус Нисэх, Яармаг, Налайх, Дархан-Уул гэсэн дөрвөн цэгт 45 хоногийн хугацаанд хагас коксоор хийсэн шахмал түлш түлэхээр шийдвэрлэсэн. Яагаад энэ цэгүүдийг сонгосон юм бэ?

-Дээрх дөрвөн цэгийг яагаад сонгосон шалтгааныг бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан нийслэлийн агаарын урсгал, утаа бохирдлын хөдлөл зүй дээр дүн шинжилгээ хийж, мэргэжлийн байгууллагаас зөвлөмжийг авч байж эдгээр цэгүүдийг сонгосон байх.

-Хагас кокс боловруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ нь цаашдаа агаарын бохирдол болоод эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

-Багануурын уурхайг түшиглээд жилд 600 мянган тонн хагас кокс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар болж, ТЭЗҮ нь хийгдэж байгаа юм билээ. Хэрэв ямар нэгэн зүйл тохиолдохгүй бол энэ үйлдвэр маань богинодоо 16 сар, уртдаа хоёр жилийн хугацаанд ашиглалтад орчих байх гэсэн хүлээлттэй байна. Энэ бол ганцхан агаарын бохирдолд нөлөө үзүүлэхгүй. Цаашлаад улс орны хөгжил, эдийн засагт нөлөөгөө үзүүлнэ. Нүүрсний зах зээл тэлнэ. Үр ашиг нь асар их. Үүний хойноос явах хэрэгтэй, богино хугацаанд ажил хэрэг болгож үр дүнг нь үзэх хэрэгтэй гэсэн хувийн бодолтой байгаа. Соёлт ертөнцөд гэрэл цахилгаан, дулаан гэдэг маань наад захын хэрэглээ болчихсон. Гэтэл бид аль болгон “лаа, шүдэнзтэй зууралдаж”, цахилгаан дээр хүний царай харж суух билээ дээ. Агаарын бохирдол, түлшний асуудлаа шийдээд зогсохгүй, хийгээ ч ашиглаад, хийгээр нь цахилгаанаа шийдээд явах боломж байна. Ингэж болдог нь дэлхий нийтийн улсуудын бодит жишээ харуулж байгаа шүү дээ. Бусдын амьдралдаа туршаад хэрэгжүүлчихсэн зүйлийг амьдралдаа авч хэрэглэх л асуудал. Эцсийн дүндээ бид чинь эрүүл, цэвэр орчинд санаа зовох зүйлгүйгээр амьдармаар байна шүү дээ. Яахав, энэ үйлдвэр ашиглалтад орохоор бидэнд нэг асуудал гарч ирэх нь давирхай байж мэднэ. Учир нь давирхайг боловсруулдаг химийн үйлдвэр одоогоор Монголд алга. Гэхдээ юм дандаа иймээрээ байхгүй. Улс орон хөгжинө, эдийн засаг тэлнэ. Үүнтэй зэрэгцээд химийн үйлдвэрээ барьж, боловсон хүчнээ бэлдээд явах нь дамжиггүй. Ойрын хугацаандаа бол бусад улс руу, тэр дундаа өмнөд хөрш рүүгээ гаргаад байх боломж нь ч байгаа. Мэдээж явцын дунд алдаа, мадаг гарч таарах биз. Гэсэн ч бүгдээрээ хэлэлцвэл буруу гэдгээр хоорондоо зөвлөлдөж ярилцаад алдаагаа засаад, бусад орны туршлагыг сайтар судлаад явахад болохгүй асуудалгүй. Эцсийн, эцэст монголчууд бид ирээдүйн сайн сайхныхаа төлөө, хамгийн анхан шатныхаа хэрэглээг бүрэн хангахын тулд цэцэн мэргэнээ шалгаруулаад байлгүй нэгэн зүгт харж, хамгийн боломжит хувилбараа сонгоод цаашаа явах нь чухал.

-Бусдын хийчихсэн сайн туршлагыг эх орондоо нутагшуулах л асуудал яригдаж байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Хүмүүс туршилт гэдэг үгнээс нэлээд болгоомжлоод байх шиг байна. Бид зайлшгүй турших ёстой. Гэхдээ туршихдаа шинэ нээлт хийчихээд түүнийгээ харанхуйгаар турших гээд байгаа асуудал огт биш. Хэрэглээн дээр л манай нөхцөлд яаж гарч ирэх нь вэ, нутагших нь ямар байх нь вэ гэдгийг л турших гээд байгаа хэрэг. Зөвхөн үгэн дээр л эмзэглээд байна. Ер нь агаарын бохирдол гэдэг манай улсын хувьд зөвхөн Улаанбаатар хотын асуудал байхаа аль хэдийнэ больсон. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо маань үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг газар. Одоогийн байдлаар 5-6 аймгийн төв агаарын бохирдол, утааныхаа хэмжээгээр Улаанбаатар хоттой дөхөж ирсэн байдалтай байна. Тиймээс эдгээр аймагт энэ нутагшуулсан арга, технологио шууд хуулах боломжтой болно. Ганцхан Улаанбаатарын утаанд өвөлдөө санаа зовчихоод бусдыг нь зөнд нь орхиод байж болмооргүй байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top