ХҮН: Сурагчийн дүрэмт хувцсыг шинэчилж, сонголт олгох шаардлагатай

2023 оны 08 сарын 30

Бага сургуулийн хүүхдүүдийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх цаг нь болсон уу? Дүрэмт хувцсыг хүүхдүүдэд яаж энгийн, хялбар дөхөм болгох вэ гэдэг асуудлаар ХҮН-аас хэвлэлийн хурал хийлээ.

/2023.08.30/


ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн н.Алтансар

-Дүрэмт хувцас нь хүүхдийг жигдрүүлж, хувцсаараа бие биеэ ялгаварлан гадуурхахгүй байх, жигд шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдэд суулгах үндсэн зорилготой.

Гэтэл өнөөдөр 10 жилийн өмнө хийсэн энэ хувцас хүүхдийн эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаасаа эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал сөхөгдөж байна.

Нэгдүгээрт хувцасны хувьд хүүхдийн биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс чийг гадагшлуулдаг байх шаардлагатай.

Өнөөдөр эдийн засгийн хувьд инфляци өндөр байгаа өнөө үед энэ хувцас нь дунджаар 100-250 мянган төгрөгийн хооронд үнэлгээтэй байна. Тэгэхээр дөрвөн хүүхэдтэй, дундаж өрх гэхэд нэг сая гаруй төгрөгөөр дүрэмт хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай тулгарч байна. Дээрээс нь ганц ээлжийн хувцастай, түүнийгээ байнга угааж, цэвэрлэж өмсөх гэдэг асуудлууд тулгараад байгааг олон нийт хэлж байна.

Судалгаагаар хүүхдийн биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй хүүхдийн хувьд 12 ангилал байдаг. Олон улсад үүнийг 5-10 жил тутамд хүүхдийн биеийн хөгжлийн өсөлтийн идексийн судалгаа явуулж, үнэхээр дүрэмт хувцсыг өөрчлөх шинэ санаачилгыг гаргадаг юм байна.

Олон улсад маш олон сургуулиуд эцэг эх, сургуулийн удирдлагууд, хүүхдүүд бүгд санаа бодлоо оролцуулаад дүрэмт хувцас дээрээ санаа шийдлийг гаргадаг сонголттой байдлыг бий болгодог. Жишээлбэл, Англи, Финланд, АНУ гэх мэт хөгжингүй улс орнуудад ямар нэгэн логогүй, эдийн засгийн боломжоос нь хамаарч өөрсдөд нь өнгө зааж өгдөг. Ингээд тухайн өнгийн хувцсыг өөрсдийн боломжид нийцүүлээд худалдаж авах боломжийг олгодог.

Жишээ нь, даавуун поло 15-30 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. Тэгэхээд энэ зүйлийг ард иргэдэд нээлттэй болгож өгөх ёстой. Дээрээс нь дүрэмт хувцас гэдэг зүйлийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Орчин үеийн хүүхдүүдийн өсөлт хөгжил, сурах арга барил, биеийн хөдөлгөөн, сургалтад чөлөөтэй хамрагдах байдал газар авч байгаа. Энэ зүйлд тааруулаад дүрэмт хувцсыг өөрчлөхгүй бол нэг хэвшилд баригдмал, цөөн үйлдвэрт үйлдвэрлэж, энэ нь эрэлт их, өртөг өндөртэй байна.

Тиймээс бид энэ саналыг олон нийтэд дэвшүүлж, санаачилгыг гаргасан. Одоогийн байдлаар 2000 гаруй иргэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бид цаашдаа үүнийг мэргэжлийн болоод хариуцсан шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжилж, энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр явна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 08 сарын 30

Өвөл хүүхэд даарна...

0  |  0
Top