Хятадын нэрт зохиолч Үй Хуа Монголд ирнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

"нэпко” хэвлэлийн газар болон “тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид монголд” төслийг эхлүүлжээ.

Төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот” зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдий нь танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан аж. Урилгын дагуу зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох ба "Үндэсний номын баяр"-ын өдрүүдээр уншигчидтай уулзаж, залуу зохиолчдод санал, зөвлөгөө өгөхөөр болжээ. 

Тэрээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг.

Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.

Зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрээр зохиолчийн нэр хүнд төдий чинээ өсөж, Жэймс Жойсын нэрэмжит шагнал болон Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international зэрэг уран зохиолын нэр хүндтэй олон шагнал хүртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top