Э.Билгүүн: Хүйтэн байсан ч бэлтгэлээ хийх хамгийн сайхан

2023 оны 08 сарын 29

“Шарын гол” хоккейн багийн тамирчин, довтлогч Эрдэнэ-Очирийн Билгүүнтэй ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулна уу, мөн хоккейн спорттой яаж танилцсан бэ?

-Намайг Эрдэнэ-Очирийн Билгүүн гэдэг, 18  настай. Дархан-Уул аймгийн “Шарын гол” хоккейн багийн тамирчин, багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг. Хоккейн спортоор зургаан настайгаасаа эхэлж хичээллэсэн.  Өнөөдрийг хүртэл  12   жил хоккей тоглож байна.

-Тэгэхээр хоккей тоглож сурахаас өмнө гулгаж сурсан байх нь ээ?

-Таван настайдаа гулгаж сурсан.  Зургаан нас хүрдэг жилээ мөсөн талбай дээр ах нар хоккей тоглохыг хараад тоглож сурахаар шийдсэн.  Хоккей тоглож эхэлснээр тэсвэр тэвчээр сууж, багаар ажиллахыг сурч, бие бялдарын хувьд ч чийрэгжиж, өөрийгөө илүүтэй таньж мэдэж, ойлгож эхэлсэн. Хоккей Монголд хөгжөөгүй учраас зориулалтын талбай ховор. Тийм болохоор зөвхөн өвөл гадаа гараад,  бидний  хэлж заншсанаар  коток орж  бэлтгэл хийдэг. Ямар ч хүйтэн байсан бэлтгэлээ хийх бол  хамгийн гоё,  үгээр хэлж, үзгээр бичихийн аргагүй  мэдрэмж  өгдөг сайхан спорт шүү.

-Хоккей гэж юу вэ. Таны хувьд хэр үнэ цэнтэй вэ?

-Хоккэй гэдэг нь  (хуучин франц хэлээр hoquet, буюу "Тахир саваа" гэсэн утгатай үг) юм байна лээ. Нэг үзүүр нь тахир модон цохиураар, бөмбөг, шайб зэргийг цохиж эсрэг багийн хаалганд оруулж тоглодог, хамгийн өргөн хэрэглэгддэг багийн спортын тоглоомын нэг. Анх үүссэнээсээ эхлэн олон төрөл жанрыг бий болгож ирсэний хамгийн алдартай нь талбайн хоккей болон мөсөн хоккей юм. Миний хичээллэдэг төрөл бол мөсөн хоккей. Мөсөн хоккей нь таван тоглогч, нэг хаалгач баг болж, 60 м урт, 30м өргөн мөсөн талбай дээр тэшүүрээр гулгаж тоглодог спорт юм. Мөсөн хоккей нь хамгийн хурдан багийн спортуудын нэг. Шайбыг хүчтэй цохих үед 190 км/ц хүртэл хүрдэг. Мөн нэлээд их зодоон гардаг спортуудын нэг гэдгээрээ онцлог. Мөсөн хоккей нь 1840 оноос 1870 оны хооронд Канадад Британы цэргүүд мөсөн дээр Shinty хэмээх шотландуудын модоор бөмбөг цохиж тоглодог тоглоомоос сэдэвлэн үүсcэн. Миний хувьд хоккей анхдагч хэрэгцээ шиг. Анхдагч хэрэгцээ нь хангагдахгүй л бол хүн амьд явах хэцүү шүү дээ, тэрэнтэй л ижилхэн /инээв/. Дээрээс нь миний хүмүүжилд гэр бүл, хоккей хоёр  гол үүрэг гүйцэтгэсэн юм шиг санагддаг. Хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд онгироо, сагсуу зан байдаг шүү дээ. Надад ч бас ийм зан чанар байсан. Гэхдээ хоккей энэ занг минь дарж төлөвшүүлсэн гэх үү дээ. Багийнхантайгаа маргалдах эсвэл эсрэг багийнхантайгаа муудалцахыг алийг тэр гэх вэ  дээ. Гэхдээ тамирчин хүний ёс жудагт зодолдох, гар зөрүүлэх нь харш буюу хориотой. Тийм учраас ярилцаж ойлголцох ухаан суусан даа.  

-Та гаргасан амжилт болон оролцож байсан томоохон тэмцээнүүдийнхээ талаар хуваалцаач?

-Миний оролцож байсан хамгийн том тэмцээн гэвэл Ази тивийн аварга шалгаруулах  хоккейн “U18” насны тэмцээн байна. Энэ тэмцээн нь 2023 оны гуравдугаар сарын 10-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Ази, Номхон далайн бүсийн  “U18” насны ангиллын Энэтхэг, Иран, Макао, Индонез, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекстан зэрэг есөн орны баг тамирчинд оролцсон тэмцээн юм. Энэ тэмцээнээс манай баг хүрэл медалийн эзэн болсон. Монголд социализмын үед мөсөн хоккей орж ирж дэлгэрсэн боловч хүчтэй хөгжиж чадаагүй юм билээ. Гэхдээ энэ удаагийн тэмцээнээр олон хүн хоккейн талаар мэдэж сонирхох болсон байх. Өөр тэмцээн гэвэл 2011 онд Эрдэнэт хотод болсон Улсын аврага шалгаруулах тэмцээнд оролцоод алтан медаль авж байлаа. Энэ тэмцээн миний хамгийн анхны тэмцээн байсан.

-Та сая Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролц­сон гэлээ шүү дээ, тэр үеийн сэтгэгдэл ямар байсан бэ. Баг бүрэлдэхүүний хувьд “Шарын гол”-ын баг тамирчидтайгаа оролцсон уу. Олон улсын тамирчидтай өрсөлдөх ямар байсан бэ?

-Азийн аваргын тэмцээнд  орсон баг маань Хөх чоно, Баланст, Бага нуур, Эрдэнэт, “Шарын гол” зэрэг өөр өөр хоккейн багаас хүүхдүүдийг сонгоод оруулсан болохоор зүс танихаас, хэн яаж тоглодог, ямар ааш араншинтай хүүхэд вэ гэдгийг мэдэхгүй нэг баг болж байгаа шүү. Бусад орны багуудын бэлтгэл ялангуяа Узбекстан улсын тамирчдын бэлтгэл маш сайн байсан. Ердөө 10-хан хоног бэлтгэл хийгээд тэмцээнд орно гэж бодоход л сандарч байсан ч бэлтгэлээ хийж хамтаа байгаад нэг гэр бүл шиг болоод тэмцээндээ орсон. Медаль гардуулах үед багийн тамирчид, дасгалжуулагчаараа бахархаж, улс эх орныхоо нэрийг гаргасандаа маш их баярласан.

 

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top