Ш.Чинбат: Бэлчээрийн мал аж ахуйг дагасан өв соёл, үндэстний дархлааг мартаж болохгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 26

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, Монгол Улсын гавьяат малчин Шарнайн Чинбаттай хөөрөлдлөө. 


-Та сайхан зусаж байна уу, өөрийгөө танилцуулаад ярилцлагаа эхлэх үү?

-Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын унаган иргэн, одоо ч нутагтаа ажиллаж амьдарч байна. Сулинхээрийн бага сургууль төгсөөд Зүүнбаянгийн дунд сургуульд дэвшин суралцсан. Энэ үеэр, 1970 онд ээж маань өөд болж, дөрвөн өнчин дүүтэйгээ үлдсэн хүн. Ингээд Шуудан зөөгчийн ажил хийж, долоо хоног тутам баг бригадаар тойрч сонин тараана. Тухайн үеийн “Үнэн”, “Хөдөлмөр”, “Ялалт” гэх мэт хэдэн сонин моринд ачаад явна. Ингэж явж байгаад моринд янгиагаа зүүж алдаад Хонгорын бутаар нэг сонингоо тараачихлаа. Сонингоо цуглуулж аваад урагдаагүй, арай гайгүйгээс нь намын гишүүдэд өгөөд уранхайг нь өөр тийш болгоод байтал сар бүрийн 25-ны өдөр болдог намын хурлаар намын гишүүн нөхөрт бут шүүмжлүүллээ. Хонгорын бутаар нэг хонь хэвтэж байна гэсэн намын үнэн сонин тараад хэвтэж байх юм, энэ ямар вэ гээд шүүмжилснээр би гэдэг хүн ажилгүй болов оо. Хэдэн дүү нартайгаа ажилгүй байж байтал адуун дээр очих болж, 1972 онд Даржаа гэдэг хүний туслах адуучин болсон доо. Удсан ч үгүй, 1973 онд цэргийн зарлан дуудах ирлээ. Сум нэгдлийн дарга нар намайг гэр оронд нь ойр Сулинхээрийн отрядод алба хаалгана гэхээр нь “Үгүй би өөр тийшээ явна” гэж зүтгэсээр байгаад Улаанбаатар хотод Холбооны ангид гурван жил алба хаагаад 1976 онд цэргээс Холбооны монтёр мэргэжилтэй халагдсан.

-Цэргээс халагдаад ирэхээр жинхэнэ амьдрал үргэлжилнэ биз дээ?

-Тэгнэ дээ. Цэргээс халагдсан хүн нэг сар амарна. Энэ хугацаанд Хөвсгөл сумын Холбооны эрхлэгчээр томилолт авчихлаа. Тухайн үед Хөвсгөл сумын холбооны салбарт урагшаа хил рүү явсан шугам орж ирсэн юм. Нэг сар амраад томилолтын дагуу ажилдаа орох гэтэл өвгөн ах нар “Очиж очиж Хятад явах шугам дээр очих гэлээ” гээд дургүйцдэг байгаа. Тэгэхээр нь тээнэгэлзээд ахиад нэг сар болчихсон чинь шүүхээс зарлан дуудах бичиг ирдэг байгаа. Ингээд аймгийн Цагдаагийн газар дээр арваад хоног үүдийг нь сахиж байтал Хатанбулаг сумын нэгдлийн дарга Чанравваанчиг гэдэг хүн сэргийлэх дээр явж байхад нь таарлаа. Би ч “Та намайг сэргийлэхтэй яриад ав” гэж учраа хэлж гуйсан дагуу хоёр хонож байтал сэргийлэхээс явж болно гэхээр нь гуяа алгадаад л нутаг явж өглөө. Сумандаа очоод байтал Чанравваанчиг дарга “Би чамайг сэргийлэхээс авсан. Одоо явж адуу малла” гэхээр нь адуунд дуртайг ч хэлэх үү тэгье гээд 1976 оны аравдугаар сарын 4-нд 404 адуу хүлээж аваад 1990 он хүртэл нэгдлийн адуу малласан. Энэ хугацаанд аймаг, сумын аварга, “Энх сүрэгтэн” гээд тухай үеийн бүхий л шагналыг авсан. Зах зээлд шилжихээс өмнө хоёулаа нийлээд 1080 адуутай нэг усанд байтал зах зээлийн нийгэмд шилжиж гэрээ түрээсийн системд шилжихэд хувьчлалаар адуу малаа авахыг нь авч, тараахыг нь тараагаад хувийн аж ахуйтан болсон доо.

-Тухайн үед олон жил адгуулсан адуугаа тарааж өгөхөд ямар сэтгэгдэл төрж байв. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Насаараа малласан адуу малаа тарааж байгаа ч хувийн өмчтэй болж байгаадаа сэтгэл хангалуун байсан. Социалист нийгмийн үед нэг өрх 76 толгой малтай байхаас 20 нь бод байна гэсэн хатуу дүрэм журам үйлчилж байлаа шүү дээ. Гэр бүлийн хувьд 1977 онд нутгийнхаа Д.Нарангэрэл гэдэг охинтой амьдралаа холбож, айл болсон доо. Бид дөрвөн сайхан хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Одоо хоёр нь аав ээжийгээ уламжлан малчин болцгоон нутагтаа амьдарч байна. Тухайн үед хүн бүхэн ажил төрөлтэй байсан ч хэцүү зүйл бас байсан. Тухайлбал бид нэг сар адуу маллачихаад 70 төгрөгийн цалин авдаг байсан, гэхдээ л учрыг нь олдог байсан. Эмнэг хангал их сургана, бүдүүн морь 15 төгрөг, даага долоон төгрөг гэх мэт үнэлгээтэй байсан санагдана. Тиймээс Эмнэг хангал сургалтын спортын мастер цолтой. Ер нь би хувийн аж ахуйтан болоход зоригтой ч орсон. Зах зээлийн жилүүдэд малаа ч чамгүй өсгөж, бог малаа 4000, бод малаа 600 хүргэсэн шүү.    

-Сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйг нэлээд ярих болжээ?

-Миний хувьд эрчимжсэн мал аж ахуйг шууд үгүйсгэхгүй ч бас дэмждэггүй. Хоёр талтай зүйл. Тэр тусмаа говь нутагт зохицохгүй гэж үздэг хүн. Говьд л хамгийн шимтэй, чанартай ургамал байна. Эрчимжсэн мал аж ахуй бол суурин газар, хангайд байвал зүгээр юм гэж боддог. Говь тал нутагт бэлчээрлэж байгаа малын чанарыг гүйцэх зүйл дэлхий дээр байхгүй. Хамгийн гол нь бэлчээрийн мал аж ахуйг дагасан уламжлалт өв соёл, нүүдэлчдийн ахуй, үндэстний дархлаа гэж дэлхийд цор ганц зүйл байгааг мартаж болохгүй. Эрчимжсэн мал ахуй, малаа заавал хашаанд тэжээхгүйгээр адуулж маллах боломж байгаа. Тоонд бус чанарт анхаарах боломж байгааг залууст хэлдэг. Тухайлбал, Сүхбаатар аймгийн илүү нугламтай хонь гэж бий. Энэ үүлдрийн хонь бол цагийн хатууд эцэж турахгүй тэсвэртэй юм билээ. Би авчирч сүрэгтээ тавьж байсан.

-Адууны салхинд явсан эр хүнийг хурдан морьгүйгээр төсөөлөх аргагүй. Морь хурдан, уяа эвлэг байна уу?

-Насаараа л хурдан морь уяж оролдож ирлээ. Анх далаад онд бие даан морь уяж эхэлсэн. Миний хариулж байсан адуунд “Нийгмийн хүрэн” гэж хурдан морь байсныг өөр айлд хувиарлаад өгчихсөн байсан. Түүнийг авчирч нэгдлийн нэр дээр уяад түрүүлгэж, сум, нэгдлийн дарга нар сайшааж байлаа.

Хүрэн морийг урьд өмнө гурван ч удаа өлдүүлээд унагааж байсан юм билээ. Би анх авчраад идүүлэх гэж гурван шөнө хөтөлж алхаж байгаад түрүүлгэж байв. Үүнээс хойш хүрэн морь хэд хэд айрагдаад зодог тайлсан. Ер нь бол олон ч хурдан адууны буянд айраг түрүү авч байсан учраас 1996 онд Хатанбулаг сумаас анхны “Аймгийн алдарт уяач” цол хүртэж байв. Одоо хүүхэд ч олдохоо больж, морь уях ажил ч өөр боллоо. Тариа будаанаас эхлээд асуудал өөр болсон учраас морь уяхаа больсон.

-Адууны цус их сэлбэж эрлийзжүүлэх болжээ. Та бол адууныхаа цусыг нэлээд сэлбэсэн үү?

-Үгүй. Би одоо 400 орчим адуутай ч нэг ч эрлийз адуу байхгүй. Эрлийз адуунд сүжиг муутай. Эрлийз адуу хөлийн хурдтай ч монгол адуунаас илүү зүйл байхгүй, цагийн хатууд тэсвэр тэвчээр муутай, анхаарал их шаардана. Цус сэлбээд хурдлаад байгааг нь харахаар эрлийз болгомоор байдаг ч адууныхаа цусыг эвдээд дэмий гэж боддог. Би нэг удаа сүү саалийг нь нэмэгдүүлье гээд үхрээ “Талын улаан” гэх үхрээр эрлийз болгож үзсэн ч тэсвэр муутай мал байна лээ. Түүнээс үүдээд жинхэнэ монгол малаас өөр байгалийн шалгуур даах тэсвэр тэвчээртэй мал байхгүй юм гэдгийг өөр дээрээ үзэж мэдэрсэн. Ер нь монгол адууны удмын санд төрөөс анхаарах хэрэгтэй болсон. Эрлийз адуу нь байна л биз. Тодорхой хувь зааж анхаарах хэрэгтэй болов уу гэж боддог.

-Олон жил мал дагасан ахмад малчин, тэр тусмаа Монгол Улсын гавьяат малчин хүн залуучуудаа дагуулж, зааж сургаж байна уу, тэднийг малжуулахаас эхлээд олон л ажил бий?

-Хүүхдүүдээсээ эхлээд зааж зөвлөж л байдаг. Малжуулах ажлыг бол хийсэн шүү. Бусдад өгсөн малын тоо миний хотонд байгаа малын тооноос хол давна. Нутгийн нэг залуу манайд таван жил мал малласан. Тэр залуу манайхаас явахдаа унах унаа, орох орон гэртэй, 200 гаруй малтай болоод явсан. Хүнийг би малжуулахдаа өөрийнх нь хөдөлмөрөөр л малжуулдаг. Жишээ нь 50 төллөх мал өгөхөд би төлийг нь авахгүй, надад эх малаа бүрэн өгөөрэй, төлөөр нь малжаарай гэдэг. Над дээр долоохон ямаатай гэж ирээд мал авч байсан хүн нэг өдөр “Манай төллөх ямаа гэхэд 100 гаруй болчихлоо. Танай малыг өгье” гэхээр тэг л гэдэг. Одоо ч би байгаа малаасаа хүнд түрээслүүлж байна.

-Төрөөс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг дааж төлөхөөр болсон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Төрөөс даах ёстой зүйлээ л даах ёстой. Малчид ч төлөөд аль гэж гуйгаагүй, бид төлдгөө төлөөд явж байгаа. Гэхдээ надад эмзэглэж явдаг нэг зүйл бий. Зах зээлээс өмнө Монгол Улсын эдийн засаг мал аж ахуй дээр тогтож байсан. Тухайн үед бүх хүн ажилтай байсан. Бид малын захад цаг наргүй, ээлжийн амралт, хагас бүтэн сайн гэхгүй ажиллаж, маш бага цалин авч байсан. Гэвч та нар цалин бага авч байсан гэх нэрээр тэтгэвэр бага тогтоосон. Бусад нь ч яахав, болж л байна.

-Хуучин цагт олон тооны адуу мал дутааж, нэгдлээс өршөөл үзүүлж байсан тохиолдол байдаг юм билээ. Таны хувьд?

-Тийм тохиолдол олон байсан. Ах нь өнчин сарваа дутааж, нэг килограмм хөөвөр дутааж үзээгүй, үйлдвэрийнхээ даалгаврыг цаг тухайд нь дутаалгүй өгч ирсэн. Би Төмөрбат гэдэг залуутай хамт адуу маллаж байсан. Бид хоёр адуу дутааж байгаагүй, дандаа бүрэн тоолуулж байсан ч заавал дараа нь эргэж хяналтын тоо ирж тоолно. Их сонин санагдана, дургүй хүрнэ. Залуу байхад л ойлгодоггүй уцаарлаж байсан болохоос биш хяналтын тооллогоо бүрэн бүтэн малаа тоолуулсан малчин дээрээ л авчирч байсан юм болов уу даа.

-Малын захад, тэр тусмаа адуучин байна гэдэг амаргүй. Таныг адуучин болоход зааж сургасан малчдаа дурсвал сонин байх?

-Манай хөгшин бид хоёрыг малчин, адуучин болгосон Дамба, Тангад гэж лут лут малчин хүмүүстэй айл аймаг, ойр нутаглаж байлаа. Тухайн үед манай “Эднийх үхрээ саагаад таван цагт явуулж байна. Манайх зэлэн дээрээ үхэртэй байж болохгүй. Адилхан л саагаад бэлчээж байя” гэнэ. Манай хөгшин ч ажиласаг хүн. Одоо бодохоор гайхдаг юм. Манайх ч олон хүүхэдтэй, ах дүү нарын хүүхдүүд ч байна. Тогоо тогоо хоол, цай хийж л байна, үхрээ сааж л байна, гүү ч сааж л байна, тогоо ч нэрж л байна. Уяачид ч их ирнэ. Одоо хөгшин бид “Тэр их ажлыг яаж амжуулж байв” гээд ярьдаг юм. Амжуулдаг л байсан. Тэр тусмаа гүү саана гэдэг том ажил, хоёр цаг тутамд толгой даран саана. Эхний гүү сааж байхад дараагийнх нь гүүний сүү ивлээд дусаж байдаг амьтан.

-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бэлчээрийн хомсдол бий боллоо, нөгөө талаас малын тоо толгой ч ихэслээ гэх юм. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдөр малын тоо толгой олон болж, бэлчээр хомсдлоо гэж байна. Үнэн хэрэгтээ асуудал нь үүнд биш байх гэж боддог. Бэлчээр буруу ашигласандаа ч биш. Ерөөсөө уул уурхай, зам барилга гэх мэт зүйлс сүйтгэж байна. Би Төрийн бус байгууллагын нөхөртэй сууж байгаад “Манай Хатанбулаг нутгийн хэчнээн квадрат метр газарт өвс ургамал юунаас болж ургахаа больсон юм, ахиж ургахааргүй болсон юм гэдгийг тооцохоор мөн ч олон мянган малын бэлчээр гарна даа” гэж ярьдаг. Хамгийн гол нь газар нутагтайгаа л үлдэх юм сан гэж боддог доо. Ялангуяа энэ говийн хэдэн аймаг юу болж байна вэ, газар нутаг, бэлчээр минь үлдэх нь үү гэх эмзэглэл байдаг. Нөгөө талаар хойч үед маань газар нутаг үлдэх үү гэдэг асуудал хөндөгдөж байна. Үүнийг анхаарах цаг нь болсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.161) 2023 оны 08 сарын 29

Маш үнэн үг

0  |  0
Top