С.Мөнхсүх: Жюү жицүгийн тэмцээнээс гадна өв соёлоо дэлхийд танилцууллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 16

Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр боллоо. 20 дахь удаагийн  жюү жицүгийн ДАШТ-д 50 орны 600 гаруй тамирчин хурд хүчийг сорин, өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний нээлтийн ёслолын дараа Монголын жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч Сүхбаатарын Мөнхсүхтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Монголын жюү жицүгийн холбооноос 2019 онд Азийн АШТ-ийг зохион байгуулж байсан. Өнөөдөр дэлхийн аваргын тэмцээнийг хүлээн авлаа.

-Тиймээ, 2019 онд тивийн аваргын тэмцээнийг эх орондоо хийж байсан. Энэ удаад Дэлхийн АШТ-ийг нутагтаа хүлээн авах алтан боломж бидэнд олдсон байгаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ бол жюү жицүгийн спортоор хичээллэдэг, үздэг сонирхдог хүн бүрийн хүсэл мөрөөдөл байлаа. Манай спортын төрлөөр хичээллэх хүүхэд залуучуудын тоо нэмэгдэж, спортын амжилт нь өсч, ахиц гарч байгаа. Монгол эх орондоо дэлхийн 50 орны шилдэг тамирчдыг цуглуулан, том тэмцээн зохион байгуулж байгаадаа сэтгэл үнэхээр өндөр байна. Энэ дашрамд маш олон дэмжигч байгууллага, сайн дурын ажилчид, тамирчид та бүхний дэмжлэгтэйгээр энэ сайхан тэмцээн явагдаж байгааг хэлмээр байна. Та бүхэнд талархаж байгаа шүү.

-ДАШТ маань “Монголд тавтай морил” сэдэвтэй явагдаж байна. Үнэхээр ордны гадаад, дотоод засал огт өөр байна.

-Байгаль маань сайхан, Монголын наадам сайхан. Бид дан тэмцээн зохиохоос гадна улс орноо сурталчлах, өөрсдийнхөө түүх, урлаг, соёлоор бахархах бодлоор наадмаар тааруулж хийсэн. Уг нь жюү жицүгийн ДАШТ 11 дүгээр сард болдог. Манай холбоо маш олон хүсэлт тавьсны ачаар ийнхүү наадмын дараа цаг агаар сайхан үед хийж чадлаа. Гадаадын маш олон тамирчин, албаны хүн, зочин гийчинд өв соёлоо танилцуулж чадсандаа баяртай байгаа. ДАШТ-ий уур амьсгал маш эерэг сайхан, эвтай найрамдалтай сайхан байна. Оргил тэмцээнүүд маань маргаашнаас эхэлнэ. Манай тамирчид тэмцээндээ маш сайн бэлтгэсэн. Нутагтаа болж байгаа ДАШТ-д оролцоно гэдэг нэг талаасаа нэр төрийн хэрэг, нөгөө талаасаа гадаад оронд очилгүй, гэртээ бэлтгэж байгаа тул давуу талтай. Дэлхийн аваргын тэмцээн амар түрүүлдэг тэмцээн биш ч манай залуучууд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байгаа.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top