Дижитал үхэл: Яагаад идэвхгүй аккаунтыг устгадаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Өнгөрсөн оны дунд үед “Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск нийгмийн сүлжээ сүүлийн хэдэн жил идэвхгүй байсан аккаунтуудыг архивлана хэмээн мэдэгдсэн. Хожим нь “Google” мөн хоёр гаруй жил ашиглагдаагүй аккаунтуудыг устгана хэмээн зарласан билээ. Хэрэглэгчид болон компаниуд үүнд сэтгэл түгшиж байна. Зарим хүмүүст тэнгэрийн оронд одсон ойр дотнын хүмүүсээ дурсахад чухал бол заримд нь хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхэд хэрэгтэй. Гэсэн хэдий ч шинжээчид идэвхгүй аккаунтуудыг устгах нь зайлшгүй гэж үзэж байна. 

2019 онд “Twitter” идэвхгүй аккаунтуудыг устгахаар зэхэж байгаа тухай зарлаж байсан ч хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу шийдвэрээ хойшлуулж байсан. Харин 2022 оны арванхоёрдугаар сард Маск дахин энэ сэдвийг дахин хөндөж, олон жил ашиглагдаагүй 1.5 тэрбум аакаунтыг устгана хэмээн мэдэгдэж байв. 

“Instagram”, “Facebook” талийгаачдын аккаунтын асуудлын олон жилийн өмнө шийдсэн. Эдгээр нийгмийн сүлжээний мэдээллийн төвийн хуудсанд “Remembering  буюу Дурсах статустай аккаунт” гэсэн тэмдэглэгээ бий. Ямар ч хэрэглэгч хүсэлтийн дагуу ийм статустай болох боломжтой бол аккаунтыг устгах хүсэлтийг зөвхөн ойр дотнын хүмүүс гаргах эрхтэй. Үүний тулд олон бичиг баримт шаардагддаг байна. 

Зарим тохиолдолд “Instagram” хэрэглэгчдийн аккаунтыг устгадаг. Мөн платформын дүрмийг нэг бус удаа зөрчсөн тохиолдолд аккаунтыг устгадаг бол “Telegram” сүлжээнд сүүлийн хагас жил идэвхгүй байсан аккаунт автоматаар устгагддаг байна. 

Яагаад аккаунтыг устгадаг вэ?

“Twitter” шинэ бодлогынхоо шалтгааныг тайлбарлаагүй бол харин “Google” идэвхгүй аккаунтуудыг устгах шийдвэрээ хэрэглэгчдийн аюулгүй байдалтай холбон тайлбарлажээ. Нөгөө талаар, “үхмэл” аккаунтыг устгах нь мэдээлэл хадгалах зардалтай холбоотой байх талтай гэж “MIT Technology Review” сэтгүүлийн шинжээчид үзэж байна. Сүүлийн арван ажилд мэдээлэл хадгалах зардал 90 хувиар буурсан ч мэдээллийн сан хоногт геометрийн прогрессоор нэмэгдэж байна. Мөн мэдээлэл хадгалдаг компьютеруудын тэжээлийн экологийн зардал чухал хүчин зүйл. Мэдээллийг тодорхойгүй хугацаагаар хадгалах нь цахим халдлагад өртөх эрсдэлийг ч мөн нэмэгдүүлдэг байна. 

Аккаунтыг серверээс устгахад дотор нь хадгалагдаж байсан мэдээлэл ч мөн устгагддаг. “Google”-ийн энэхүү бодлого зөвхөн хувийн аккаунтад хамаатай бөгөөд ашгийн болон ашгийн бус аж ахуйн нэгжийн аккаунтад үйлчилдэггүй. Тэгээд ч “Google”-ийн шийдвэр энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн үйлчилнэ. 

“Gem4me” платформын маркетингийн захирал Ольга Бобровская идэвхгүй аккаунтуудыг устгах хандлага үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Бүхий л сүлжээнүүд зардлаа тогтмол багасгаж байна. Энэ бол технологийн хөгжлийн салшгүй хэсэг. Ялангуяа “Google” зэрэг томоохон компаниуд зардлаа танах, платформыг ашиглах нөхцөлөө тогтмол шинэчлэх нь ойлгомжтой гэж тэрбээр онцолжээ. 

Аккаунтыг устгуулахгүй байхын тулд яах ёстой вэ? 

Аккаунтаа устгуулах эсвэл хаалгахгүй байх хамгийн найдвартай арга бол үе үе орж, идэвхжүүлэх явдал аж. “Google” компани жилд нэг, хоёр удаа цахим шуудан руугаа орж, шалгах эсвэл захидал явуулах, “Google Drive” ашиглах, өөрийн аккаунтаар орж, “YouTube” дээр дүрс бичлэг үзэх, “Google Play Store” аппликэйшн ашиглахыг зөвлөж байна. 

"Twitter” компанийн дүрэм ёсоор хэрэглэгч 30 хоногт нэгээс дээш удаа аккаунт руугаа орж, идэвхтэй байх ёстой. Удаан хугацаанд идэвхгүй байгаа аккаунтыг тус сүлжээ бүр мөсөн устгана. 

Дижитал Александриагийн номын сан 

Интернэт дэх үхэл гэх үзэгдлийг судлаач Тамара Нисийн “MIT Technology Review”  сэтгүүлд ярьснаар,  хэрэв “Google” ийм бодлого барьж, бусад нь дэмжвэл хувийн баялаг дурсамжийн хамтаар бүхэл бүтэн түүхэн архивуудыг хамтдаа алдах эрсдэлтэй. 

Бобровскаягийн онцолсноор, өнөөдөр мэдээллийг үнэ төлбөртэй хадгалдаг олон тооны үүлэн сервис бий болсон. Хэрэглэгчдэд хувийн мэдээллээ өөрт тохиромжтой хэлбэрээр хадгалахыг хэн ч хориглоогүй. Зөвхөн устгахаас нь өмнө санаа тавих хэрэгтэй. Файл хадгалах нь төлбөртэй үйлчилгээ болсон энэ үед хэний ч ашигладаггүй мэдээллийг яагаад үнэ төлбөргүй хадгалах ёстой гэж хэмээн Бобровская тайлбарлав. 

Зарим хэрэглэгчид идэвхгүй аккаунтуудыг устгахыг эртний Египетийн алдарт Александриагийн номын сан үгүй болсонтой зүйрлэж байна. Нэрт программист, видео тоглоом хөгжүүлэгч Жон Кармак “Зарим нэг нь энэ зүйрлэлийг ёжилж магадгүй. Александриагийн номын сан шатаж, хэний ч хадгалахыг хүсээгүй асар олон тооны ном, судар устсан нь том эмгэнэл байсан” хэмээн бичиж байв. Кармакийн энэхүү тайлбар Маскийн анхаарлыг татсан. Тэрбээр идэвхгүй аккаунтуудыг архивлах боломжтой хэмээн хариулж байв. Ингэхдээ Маск үүний тулд яах ёстой, хаана хадгалах, архивлагдсан аккаунт руу хэрхэн нэтрэх тухай тодруулаагүй. 

Идэвхгүй аккаунтуудын асуудлын бас нэг тал нь ийм аккаунтууд зарим блогеруудын дагагчдын ихэнх хэсгийг эзэлдэг байна. Нөгөө талаар, “Instagram” блогерууд дагагчдынхаа  идэвхгүй аккаунтыг сайн дураар устгахыг зорьдог. Учир нь эдгээр нь сүлжээний алгоритмын улмаас жинхэнэ хүмүүст контентыг нь харахад саад учруулдаг байна. Одоогоор идэвхгүй аккаунтуудыг илрүүлдэг олон арван аппликэйшн байдаг. Хэвлэлүүд эдгээрээс хэрхэн сонголт хийх тухай хүртэл нийтлэлүүд гаргадаг. 

Маркетингийн “VY Agency” агентлагийн үүсгэн байгуулагч Викториа Яценкогийн үзэж буйгаар, бот болон “үхмэл” аккаунтууд маркетингийн мэргэжилтнүүдэд ажиллахад нь асар их саад учруулдаг. Идэвхгүй аккаунтуудыг устгаснаар гарах бодит статистик дижитал компаниудыг үйл ажиллагааг ихээхэн сайжруулахаас гадна зар сурталчилгаа явуулж буй компаниудын төсвийг илүү оновчтой хуваарилах боломж олгоно. 

Түүнтэй “InBrand Agency” дижитал агентлагийн мэргэжилтнүүд санал нэг байна. Нийгмийн сүлжээнд хэрэглэгчдийн тоо, тухайлбал хэрэглэгчдийн тооны өсөлт чухал байдаг. Энэ бол өрсөлдөөний гол хүчин зүйл. Хэрэглэгчдийн тоо огцом буурвал хувьцаа эзэмшигчдэд тийм ч таатай санагдахгүй л байх гэж шинжээчид дүгнэж байна. 

Харин хэрэглэгчид нийгмийн сүлжээн дэх аккаунтыг бодит хөрөнгө хэмээн үзэж байна. 2020 онд хоёр блогер “Instagram” дахь аккаунтаа шүүхээр салгуулж байсан тохиолдол ч гарч байжээ. Гэхдээ одоогоор Европт нийгмийн сүлжээн дэх аккаунтын эрх зүйн статусын асуудлыг шийдээгүй л байна. Нийгмийн сүлжээн дэх ихэнх аккаунтууд гэрэл зураг, текст зэрэг зохиогчийн эрхийн объектуудыг агуулдаг. Аккаунтад нэвтрэх эрхийг шилжүүлэх асуудал хэрэглэгч, гуравдагч этгээд хоорондын гэрээ, хэлцлээр шийдэгдэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Энэ тохиолдолд аккаунтыг устгах асуудлыг гэрээ, хэлцэлд тодорхой заах учиртай. Учир нь платформын зүгээс энэ асуудлыг эрх эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэх боломжтой. 

Хэрэглэгчид ийм үйлчилгээний дүрмийг өөрийн мэдэлгүй зөвшөөрдөг болохыг шинжээчид анхааруулж байна. Тиймээс хэрэглэгч та “платформ мэдээллийг мөнхөд хадгална гэсэн баталгаа олгохгүй” гэж жижиг үсгээр бичсэн анхааруулга байгаа эсэхийг заавал нягталж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top