Засгийн газрын зорилтыг биш эрх мэдэлтнүүдийг санхүүжүүлсэн ТУСГАЙ САНГУУД

2023 оны 05 сарын 22

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад Засгийн газрын тусгай сан гэх нэршлийн хүрээнд  40 гаруй сан байгуулагджээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлж буйгаар тэдгээр сангуудын  тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг ирэх өдрүүдэд олон нийтэд ил болгох аж.

ЖДҮ сангийн зээлийг хэн хэн авсан байсныг эргэн санахад, өдгөө Боловсролын зээлийн сан хэн хэний хүүхдүүдэд давуу байдал олгосноос харахад, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгө мөнгөний зарцуулалт үнэхээр л тусгай хэсэгт буюу эрх мэдэлд ойрхон этгээдүүдэд илүү өгөөжийг үзүүлж иржээ.

Уг нь хууль журмыг харахаар “Засгийн газрын тусгай сан" гэдэг нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлдэг.

Тэгвэл Засгийн газрын тусгай сангаас олгосон “эргэн төлөгдөх зээл" гэдэг нь тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байгаа улсын төсвийн шилжүүлгийг хэлдэг байна.

Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж хуульчилжээ.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Засгийн газрын 25 тусгай сан үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд: Боловсролын зээлийн сангийн талаар тусгахдаа Санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох замаар дээд боловсрол эзэмших хүсэлтэй тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэнийг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зориулалттай байна.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг Засгийн газраас баталсан журмын дагуу иргэдэд олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ болон сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж заажээ.

Хуульд ингэж заасан ч тус сангийн хөрөнгийн зарцуулалт шударга явагдахад үе үеийн Засгийн газрууд хяналт тавьж чадаагүй нь ойлгогдож буй. Түүнчлэн бусад сангуудын далд мэдээллүүд ил болоход дээрх хяналтгүй зарцуулалтын жишээнүүд давтагдах магадлал маш өндөр юм.

Бид өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг эргээд харахаар, хүний эрх, эрх чөлөөг ус, агаартай зүйрлэн ярьж гурван арваны ард гарсан ч үнэн хэрэгтээ агуулгыг нь хаа хаанаа бүрэн дүүрэн ойлгоогүй учраас л хэсэг бүлэг этгээдүүд баялаг болон баялгийг бий болгох боломжийг давуу эрхтэйгээр эзэмшиж ирсэн байдаг. Үүний тод жишээнүүд тусгай сангуудын хөрөнгийг  эрх мэдэлтнүүд дураараа өмчлөн зарцуулснаас харагдсаар байгаа.  Хүн амын олонх нь ядуу, ядуурлын шугамд дэндүү ойрхон амьдарч буй өнөөдрийн нийгэмд чинээлэг хэсэг гэгдэх цөөнхийн хувьд хөдөлмөр зүтгэлээрээ амжилтад хүрсэн хэсэг бий ч цус ойрсон улс төр, бизнесийн талбараас эрүүл угшилтай нөхдийг олоход бэрх гэдэг нь Хөгжлийн банкны хэрэг явдлаар ч нотлогдоод буй. Ерөөс хүний нийгэмд  шударга үнэн гэдэг зүйл байнгын л асуудал маргаан дагуулж байдаг гүнзгий сэдэв  ч манай нийгэмд хулгай, луйвар дэндүү ихээр нутагшчихжээ. Ийм байхад ямар юмны хөгжил дэвшил ирэх билээ дээ.

Өнөөдөр эрх мэдэлд ойр байгаа олон этгээд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийн боломжуудыг цөлмөгсөд гээд хэлчихэд хатуудахгүй байх. Луйврын замналыг нь эргэн сануулахад, 1992-1995 оны хувьчлал суурь нь болсон.  475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн,  нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг.

Ингэснээр нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон ч хувьчлалын үр дүнд өрөм битгий хэл хусам олж хүртсэн иргэд цөөн. Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг. Зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ ч мэддэггүй тул цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтойг тус компанийн зүгээс мэдэгдэж байсан билээ.

Тухайн үед хувьчлагдсан 475 гаруй улсын үйлдвэрээс үүдээ барьсан нь байгаа ч хувьчлал нэрээр хувьцааны дийлэнхийг авч, үйлдвэрийн газар болоод барилгаар нь суурь хийгээд хөлжсөн хүмүүс ч цөөнгүй. Товчхондоо бол ерээд оны тэрхүү үйл явц нь хувьчлал гэдэг гоё нэрээр халхавчилсан   баялгийн тэгш бус хуваарилалт болсон.  Ард иргэдийн  боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлсан уг үйл явц зүсээ хувилган өнгөрсөн гурван арванд амь бөхтэй урагшилсны тод жишээ нь тусгай сангуудын жишээ юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.28) 2023 оны 05 сарын 22

Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил цалинтай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яаралтай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ, МӨН АВСАН ХҮМҮҮС ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН САН ЧИНЬ ХООСОРЧИХООД БАЙНА, ЭС

0  |  0
зочин(66.181.160.48) 2023 оны 05 сарын 22

төрийн тусгай сан гэдэг зүйлийг бүгдийг нь одооноос байхгүй болгох хэрэгтэй бн ард иргэд эсэргүүцэж бас зэвүүцэж байгаа шүү

0  |  0
Top