ФОТО: Итгэл найдварын атгалт

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Нурсан барилгуудын нуранги дороос 65 цагийн дараа олдсон гурван настай Элиф Перинчек охины түүх олон нийтийн анхаарлыг татаж байна. Бяцхан охин газар хөдлөлт болох үед гэрийнхээ угаалгын машины дэргэд байж таарсан нь охиныг амь гарахад нөлөөлсөн байж магадгүй гэж аврагчид ярьжээ.

Элиф Перинчекийг олсон аврагч эр “Түүнийг анх олоход нүүр нь тоос шороо болохын зэрэгцээ царай нь цав цагаан болсон байсан. Би түүний нүүрэн дээрх тоосыг цэвэрлэхэд тэр нүдээ нээсэн. Би гайхсан. Тэр биднийг хараад инээмсэглэсэн. Гарч ирснийхээ дараа эрхий хурууг минь атгасан. Түргэн тусламжийн машинд хүрэх хүртлээ тэр хурууг минь огт тавиагүй. Тэр атгалт надад маш их урам зориг өгсөн” хэмээн ярьжээ.

Бяцхан охин түргэн тусламжийн машин руу явах замдаа аврагчдаас ээжийгээ гуйн уйлж байв. Гэвч Байракли хотын газар хөдлөлтөд амиа алдсан 105 хүний нэг нь охины ээж байжээ.

Туркийн Эрүүл мэндийн дэд сайд охины биеийн байдал хэвийн байгаа гэж мэдэгдсэн байна.

Охины эмээ TRT телевизэд "Би маш их баяртай байна, Бурхан чамайг минь ивээг. Би Элифтэй дахин нийллээ" хэмээн ярьжээ.

Дашрамд өгүүлэхэд дээрх үйл явдлын дараа өдөр өөр нэгэн орон сууцны нуранги дороос гурван настай бас нэгэн охиныг аварсан байна. Тэрбээр ээж, ихэр эгч нартайгаа уулзсан бөгөөд түүний гэр бүлийнх ихэнх нь азаар газар хөдлөлтөөс амь гарч чадсан аж. Гэвч төрсөн ах нь газар хөдлөлтийн улмаас нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top