Б.Оюунсүх: Туркийн гамшигт өртсөн олон хүүхэдтэй гэр бүлийг гэртээ байлгах хүсэлт тавьсан

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Турк улсад хүчтэй газар хөдлөлт болж, 5000 гаруй хүний алтан амь эрсдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрээс улс орнууд аврах багаа илгээж байгаа бөгөөд манай улс өнөөдөр /2023.02.08/ өглөө үүрээр тусгай багаа Турк улс руу илгээсэн юм. Тэгвэл Турк улсын Измир хотод амьдарч буй Монгол Улсын иргэн Б.Оюунсүх онц байдал зарласан бүсэд оршин суугаа олон хүүхэдтэй гэр бүлийг гурван сарын хугацаанд гэртээ амьдруулах шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагад хүсэлтээ уламжилсан байна. Энэ талаар бид иргэн Б.Оюунсүхтэй холбогдож тодрууллаа. 


-Гамшигт өртсөн гэр бүлд туслах шийдвэр гаргасан талаар сонслоо. Хичнээн гэр бүлийг гэртээ байлгах боломжтой вэ?

-Манайх хоёр давхар 5 өрөө хувийн эзэмшлийн орон сууц л даа. Тэгэхээр ер нь нэлээн олон хүүхэдтэй ам бүлийг байлгах боломжтой. Тиймээс олон хүүхэдтэй нэн ядуу гэр бүл гэж онцолж хүсэлтээ илэрхийлсэн.

-Хандивын аянг бас эхлүүлсэн байсан. Энэ талаараа яриач? 

-Гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд Казакстан улсын иргэн 100 гэр хандивлах аян өрнүүлж байгаа. Тэр талаар Туркүүд ярихдаа тухайн аяныг эхлүүлж буй хүнийг бус Казакстан улс тусламж үзүүлж байна гэж ярьж, бичээд байгаа харагдсан. Тэгэхээр нь Монгол Улс гэж яагаад бичүүлж болохгүй гэж бодсон. Тэгээд “БИД НЭГ ДЭЛХИЙД АМЬДАРДАГ” уриан дор хандив цуглуулж эхэлсэн. Үүгээрээ нэг ч гэсэн гэр бүлд туслая гэж бодсон.

Хандивын аянаа хоёрдугаар сарын 6-7-ныг дуустал 23 цагийн туршид өрнүүлсэн. Өөрийн дэмжигч, Захиалагч нартайгаа байнга хандивын үйл ажиллагаа зохион байгуулдаг болохоор тэд нар маань их баяртайгаар хүлээн авсан. Зарим нь өөрсдөө санаачилж санал оруулж ирсэн. Хандивын хүрээнд 5 сая гаруй төгрөг цуглаад байна. 

-Гамшигт өртсөн гэр бүлд туслах хүсэлтээ хэрхэн уламжилсан бэ. Хариу нь ирсэн үү?

-Засгийн газрын албан ёсны сайтад хүсэлт бөглөж илгээсэн. Хүсэлтийг холбогдох хүмүүс нь үзэж, үнэлээд айлынх нь нөхцөл байдлыг харгалзан үзээд иргэдийг илгээнэ гэсэн. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. 

-Та сошиалд "Сайн дураараа туслах хүсэлтээ илэрхийлж буй иргэд" гээд зураг постолсон байсан. Энэ хүмүүс мөн тантай ижил зорилготой хүмүүс үү? 

-Ер нь сайн дурын гэхээс илүү ах дүү найз нөхдөө эрэн хайж, тэдэндээ туслах гэсэн хүмүүс маш их байгаа тухай Мэргэжлийн Аврах багийн залуу бичсэн байсныг би орчуулаад оруулсан юм. 

Б.Оюунсүхийн хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг гэртээ байлгахаас гадна өөрийн биеэр тусламж үзүүлж, аврах ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top