ЭМГЭНЭЛ | Батбаярын Тунгалаг 

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

ЭМГЭНЭЛ |Батбаярын Тунгалаг  (1949-2022 он) 

Бидний журмын нөхөр, ахмад, хүндэт холбоочин Батбаярын Тунгалаг нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. 

Б.Тунгалаг нь 1949 онд Завхан аймгийн Яруу сумын Дунд булаг хэмээх газарт төрсөн, 1972 онд ОХУ-ын Цахилгаан холбооны их сургуулийг холбооны инженер-эдийн засагч мэргэжлээр, 1977 онд МУИС-ийн дэргэдэх их, дээд сургуулийн багш бэлтгэх курсыг багш мэргэжлээр, 1986 онд ОХУ-д Удирдлагын академийн дээд курсыг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. ШУТИС-ийн Хүндэт профессор, Монгол Улсын Зөвлөх инженер, Технологийн менежментийн хүрээний бизнесийн удирдлагын магистр.

Тэрбээр 1972-1974 онд Холбооны яаманд мэргэжилтэн, 1974-1978 онд Монгол Улсын Их сургууль, Политехникийн дээд сургуульд багш, 1978-1983 онд Холбооны яамны үйлдвэрлэл шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1983-1992 онд Холбооны яамны төлөвлөлт, эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга, 1992-1996 онд Монголын Харилцаа холбоо компанид хэлтсийн дарга, Дэд захирал, 1996-2000 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, 2000-2009 онд Монголын цахилгаан холбоо ХК-д хэлтсийн дарга, зөвлөхөөр, 2009-2017  онуудад Холбоо, мэдээллийн технологийн сургуульд багш, зөвлөх профессор, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт экспертээр тус тус ажиллаж байлаа. 

Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, харилцаа холбооны суурь сүлжээг аналоги технологиос тоон технологид, тоон технологиос интернэт протоколд суурилсан шинэ үеийн технологид шилжүүлэх, салбарын урт хугацааны хөгжлийн оновчтой бодлого, зохицуулалтыг хөгжүүлэх, үр ашиг, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсад олон улсын буухиа шуудангийн DHL, EMS-ийн үйлчилгээний суурийг тавьж хөгжүүлсэн зэрэг тус салбарын  техник, технологийн ашиглалт, маркетингийн бодлого, үйлчилгээний шинэчлэлтэд өөрийн чин сэтгэл, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрч чанараараа залуу хойч үедээ үлгэр дууриалалтай ажиллаж байсан ахмад холбоочны нэг билээ.

Түүний Монгол Улсын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон”, “Алтан гадас” одон, “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан”, “Хүндэт холбоочин” цол тэмдгээр тус тус шагнасан.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хийж бүтээсэн гавъяа, 50 жилийн ажил хөдөлмөр, зүтгэл, шинийг санаачлагч, хойч үедээ ихийг өвлүүлж, зааж сургасан багш, холбоочин Таны  туршлага, өмөг түшиг, шударга хичээнгүй, нөхөрсөг зан, гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Н.УЧРАЛ, Ч.ЗОЛБАЯР, Г.ЧИНЗОРИГ, Б.ЧИНБАТ, Н.ЧУЛУУНБАНДИ, 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ, 

 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, 

ХОЛБОО МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ,

 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН АХМАДЫН НЭГДСЭН ХОРОО, 

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХУВЬЦААТ КОМПАНИЙН НИЙТ ХАМТ 

            ОЛОН, ҮЕ ҮЕИЙН ХОЛБООЧИД

2022.11.25

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top