Монголын сүлжмэл барааны импортын татварыг бууруулахыг хүслээ

2022 оны 10 сарын 12

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга болон ноён Жорж Ж.Фюри нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд болсон.

Хэлэлцээний эхэнд хоёр тал Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжиж буйг харилцан тэмдэглэв. УИХ-ын дарга Г.Занданшатар Канад Улс нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” гэдгийг онцлоод, Сенатын танхимын дарга Ж.Фюригийн айлчлал хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг урагшлуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж буйг онцолжээ.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри Монгол Улс далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог амаргүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буй туршлагыг бахдан сайшааж буйгаа онцлон тэмдэглээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ойрын ирээдүйд бодит ажлуудаар идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ.

Мөн үүний тулд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч буйгаа дурдав. Түүнчлэн хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангаж, бодит үр дүнд хүргэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхийн чухлыг харилцан нотоллоо. Талууд 2023 онд тохиох Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд ойн хүрээнд харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцов.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Канад Улс нь манай хамгийн том хөрөнгө оруулагч орон гээд дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүрээнд хөгжлийн томоохон төсөл эхлүүлж хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Тэрээр манай хоёр орны харилцаанд тэргүүлэх байр суурьтай уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн зэрэгцээ бусад салбаруудын харилцаа, хамтын ажиллагааг солонгоруулан хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тодорхой агуулгаар баяжуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж бийг тэрээр онцлов. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар монголын сүлжмэл барааны импортын гаалийн татварыг бууруулах боломжийг судалж үзэхийг хүсээд, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр цааш нь боловсрол, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх боломжийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүсчээ.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top