Д.Ган-Очир: Хэрэв үнэн бол, эдийн засаг...

2022 оны 10 сарын 07

 

2023 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Төв банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэе.

 

ХЭРЭВ ҮНЭН БОЛ, ЭДИЙН ЗАСАГ …

Энэ жилийн төсвийн төсөлд олон жил яригдсан ч хийгдэхгүй байсан зарим бүтцийн реформ, түүнд чиглэсэн төсвийн шинэчлэл, ил тод байдал, сахилга хариуцлагын шавыг тавьж буйг талархан хүлээн авч байна. Зөв бодлого, реформын эхлэл, түүнд шаардлагатай улс төрийн манлайлал гаргаж байгааг талархан хүлээн авах учиртай.

Гэхдээ “… 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа…” гэсэн сүржин үгтэй текст уншиж дуусаад Засгийн газарт байгаа “Эдийн засагчид” маань энэ үгийг хянаж, зөвлөөгүй юм болов уу гэж эргэлзэхэд хүрлээ. Зөвлөж санал хэлээд ч авахгүй байхын “зовлонг” бас ойлгоно. Төрийн хүний, тэр дундаа үгийг нь чих тавин сонсох учиртай төрийн албан тушаалтны үг, илтгэл дэх тоо нь тооцоо, судалгаатай, бодит байдалд нийцтэй байх учиртай гэж “чичлүүлж” байсны хувьд хэд хэдэн зүйлд гайхах, эргэлзээ төрснөө нуух юун.  Заримыг нь тоймлон үзвэл:

“… Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.” гэжээ. 

Тэгсэн атлаа дараагийн өгүүлбэртээ “2023 онд … экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч…чадна гэдэгт ….итгэлтэй байна” гэсэн байх юм. Төлбөрийн тэнцлийн статистик дэх экспортын дүн 2019 онд 7.2 тэрбум ам.доллар, 2020 онд 7 тэрбум ам.доллар, 2021 онд 8.1 тэрбум ам.доллар, 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 8 тэрбум ам.доллароос хол давахааргүй байна. Экспорт 11 тэрбум ам.долларыг давах бол экспортын хэмжээ 2023 онд өмнөх оноосоо бараг 40 хувиар өснө гэсэн үг. Хэрэв энэ үнэн бол, эдийн засгийг тогтворжуулах бус бүр “халалт” бий болно.

Хэрэв экспорт 40 хувиар өсөх бол эдийн засгийн өсөлт 5 хувь биш, бүр маш өндөр хувиар өсөж, валютын нөөц огцом хуримтлагдаж, төгрөгийн ханш магадгүй чангарахад хүрэх учиртай. Харамсалтай нь тийм дүр зураг харагдахгүй байгаад л асуудал байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрдэс түүхий эдүүдийн үнэ алгуур буурах, “Тэг-КОВИД” бодлого үргэлжилж, БНХАУ-ын өсөлт үргэлжлэн саарахаар байна. Магадгүй энэ өндөр тоог гаргахдаа Гаалийн статистик дээрх нүүрсний жишиг үнийг ашигласан байх вий гэсэн болгоомжлол байна. Хэрэв тийм бол, энэ оны эхний 8 сарын байдлаар нүүрсний экспортын “бодитой” орж ирэх дүнг (төлбөрийн тэнцэл дээрх дүн)-ээс нь 2 тэрбум ам.доллароор илүү бүртгээд яваад байгаа асуудал бий. Өөрөөр хэлбэл, энэ нь зүгээр л хоосон хий бичилт гэсэн үг.

Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн стагфляц, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй, цаашид нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болзошгүй байгаа “хөрс”-нд төсвийн бодлого (улсын төсөв) дангаараа, тэр дундаа төсвийн зарлагыг өмнөх оноос 2.6 их наяд төгрөг (800 орчим сая ам.доллар)-аар нэмээд л эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангачих бол үнэхээр сайхан байна. Судалгаа хийж, ном хүртэл бичих хэрэг үгүй ажээ. Харамсалтай нь төсвийн зарлагын 100 төгрөг тутмын дунджаар 55-60 төгрөг (нийгмийн халамж, тэтгэмж, цалингийн хувьд 50 орчим хувь, хөрөнгө оруулалтын зардлын хувьд 60-70) нь импортын төлбөрт гадагш гарна.

Мөн манайд төсвийн зарлагын өсөлт нь бодит өсөлтийг бий болгохоос илүүтэй үнийн өсөлт рүү яваад байгаа судалгааны үр дүнгүүд олон байна. Эдгээр нь тавьж буй зорилтынхоо эсрэг үр дагаварт хүрэх нигууртай. Түүнчлэн, хичнээн эдийн засгийн хувьд үр ашигтай төслүүд байсан ч экспортын орлогыг өсгөж эхлэхээсээ өмнө импортын орцуудаа авч хэрэглэх тул богино хугацаандаа төлбөрийн тэнцэлд томоохон дарамт болно. Ялангуяа, энэ үе нь төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй цаг хугацааны хувьд давхцах тохиолдолд асуудлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй юм. Төсвийн төсөлд “хөрсөндөө буусан” гадаад худалдаа, аж үйлдвэржилтийн бодлого, хөрөнгийн урсгалын удирдлагын хүрээнд татвар, тариф болон тарифын бус арга хэмжээнүүд орж ирсэн бол сайнсан. 

Эдийн засгийн асуудлаар бодит тооцоотойгоор нөхцөл байдлыг хэлэх гэж, сануулах гэж, зохистой бодлогын хослол нь юу байхыг зөвлөх эдийн засагч мэргэжил, тэр дундаа төрд ажиллаж буй макро эдийн засагчид байдаг. Энэ ажлаа “нэр төр”-тэй, хариуцлагатай хийх, зөвлөх учиртай… Харин “ … эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, … төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна…” гэсэн зорилт бодитоор биелээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэм. Дараа, дараагийн жилүүдэд төсвийн шинэчлэл үргэлжилж, чамбайрч улс төрийн популизмаас бүрэн дархлаатай болоосой гэж бүр их хүсэж, бас найдаж байна” гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.240) 2022 оны 10 сарын 08

Манай эдийн засаг өөдрөг төсөөлөхөөс аргагүй тийм өрөвдмөөр байдалд байгаа уруугаа төсөөлхөөр бүүр уруу газар тавьсан бөмбөг шиг шайрагдана энэнээс л болгоомжилж худлаач гэсэн өөдрөг төсөөлдөгийг бүгд ойлгох хэрэгтэй

0  |  0
ханш(150.129.142.176) 2022 оны 10 сарын 08

Хийсэн ажил чинь ямар ч үр дүн алга залуу минь, ханш тогтоох ямар ч ажил хийсэнгүй та нар, хий хоосон цэцэрхэх ч улиг болж дууслаа.

0  |  0
Зочин (202.126.89.14) 2022 оны 10 сарын 07

Судлаачид, Эрдэмтэн гэх хүмүүс ингэж л үгээ хэлж үнэн зөв, буруугаа ойлголцож байж цааш хөгжинө.Энэ залуу шиг бай

0  |  0
Зочин(192.82.91.170) 2022 оны 10 сарын 07

Ажоаа хашиж бгаа бол үүнийгээ зоригтойгоор УИХ болон Засгийн газарт хаяглаад биччихээчээ. Халагдахаас битгий ай. Өөх ч биш булчирхай ч биш битгий бай. Зоригтойхон шиг шүүмжлээд ард иргэд дээ хүлээгдэж буй бодит байдлбг зоригтойхон хэлж мэдээлчихээд ажлаа өгөхөд харамсах зүйл үгүй болно.

0  |  0
zochin(103.57.93.120) 2022 оны 10 сарын 07

Ochiroo! Unen zuv hoyoriin yalgaag ehleed buren oilgoh heregtei :)

0  |  0
Top