Виртуал ертөнцөөр дамжуулан хиймэл оюуныг сургаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

Оюун ухаант бодгалиуд бодит ертөнцтэй харилцах замаар суралцдаг. Хиймэл оюуны судлаачид өөрсдийн виртуал агентдаа шинэ чадвар сургахдаа үүнтэй төстэй аргыг ашиглаж эхэллээ.

2009 онд Принстоны Их Сургуулийн судлаач Фей Фей Ли хиймэл оюуны  салбарын түүхийг  өөрчилсөн ImageNet нэртэй машин сургалтын загваруудыг сургахад тусгайлан бэлдсэн олон зуун сая зураг бүхий өгөгдлийн багцыг бий болгосон. 2015 онд судлаачид хүний юм ялган таних чадварыг давсан машиныг тус сангийн тусламжтай байгуулсан.

Үүний дараагаар Ли хиймэл оюуныг жинхэнэ оюун ухаан болгох замыг идэвхтэй судалж эхэлсэн.

Ли 530 гаруй сая жилийн өмнө Кембрийн үед хуурай газарт шинээр олон төрөл зүйлийн амьтад бий болох үйл явдлаас өөрийн хайж байсан санаагаа олж авчээ. Кембрийн үед хуурай газарт шинээр олон амьтад үүссэн шалтгааныг судлаачид амьтдад хүрээлэн буй орчныг харах нүд бий болсонтой холбоотой гэж үздэг. Ли амьтдын нүд хэзээ ч өөрөө аяндаа үүсэж бий болоогүй, харин  "амьтад хурдацтай өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицох буюу хөдлөх, амьд үлдэх, хоол хүнсээ олж авах гэх зэрэг шаардлагаас үүссэн " гэдгийг ойлгосон. Үүний адилаар “Хиймэл оюуны хувьд компьютерын хараа”-ны асуудал руу илүү төвлөрөх хэрэгтэйг ойлгосон.

Одоо Ли-гийн судалгааны ажил нь зөвхөн өгөгдлийн багцаас статик дүрсийг хүлээн авах бус, харин гурван хэмжээст виртуал ертөнцийн симуляци орчинтой  харилцаж, хөдөлж чаддаг хиймэл оюун ухааны агентуудад илүү төвлөрч байна. Энэхүү шинэ салбарыг “биежсэн хиймэл оюун”(embodied AI) гэж нэрлэдэг. Бид биежсэн хиймэл оюун ухааны агентуудыг бодит ертөнц дээр роботтой адилтгаж  ойлгож болно. Ли болон бусад эрдэмтэд биежсэн хиймэл оюун нь  дүрсийг таних гэх мэт энгийн чадвартай машиныг дараагийн түвшинд буюу олон шат дамжлагатай нарийн төвөгтэй комплекс үйлдлүүдийг хүн шиг хийж чаддаг болгоход томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Хэрхэн ухаалаг агент бүтээх вэ? гэсэн асуултад Беркли дэх Калифорнийн  Их сургуулийн компьютерын эрдэмтэн Житендра Малик “биежсэн хиймэл оюун хариулт өгөх болно” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: https://www.quantamagazine.org/ai-makes-strides-in-virtual-worlds-more-like-our-own-20220624/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top