Катар 2022: Украины шигшээ ДАШТ-д ороход нэг алхам үлдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Өчигдөр Шотландын Глазгод Катар-2022 дэлхийн аваргын тэмцээний Европын хэсгийн урьдчилсан шатны тоглолт болж өнгөрлөө.

Эх оронд нь дайн болж байгаа украинчууд энэ тоглолтын бэлтгэлээ Словенид хийсэн. Тун дажгүй бэлтгэснээ харуулж, Шотландын багийг буулган авсан юм. Ярмоленко эхний үед гоол оруулсан бол сүүлийн үед Яремчук нэмж, тооны харьцааг 2:0 болгосон. Байлдаж байгаа ард түмэндээ итгэл найдвар бэлэглэхээр тун дайчин байсныг нь эхний үед Украины баг 84 хувь бөмбөг эзэмшсэнээс харж болно.  

Харин шотландчууд Украины хаалгач Бущаны бүдүүлэг алдааг ашиглан, гоол хийсэн ч 95 дахь минутад довтлогч Артем Довбик гурав дахь гоолыг оруулж, Украины баг дараагийн шатанд шалгарлаа.

Украины баг энэ сарын 5-нд Уэльсийн шигшээтэй тоглоно. Уэльсд болох энэ тоглолтод ялсан нь Катарын ДАШТ-д В хэсэгт Англи, АНУ, Ирантай хамт өрсөлдөнө.

Катар-2022-ий сүүлийн 2 эрх

• АНЭУ-Австралийн тоглолт зургаадугаар сарын 7-нд явагдана. Ялсан нь зургаадугаар сарын 13-нд Перугийн шигшээтэй учирна. Эндээс шалгарсан баг ДАШТ-д Франц, Дани, Тунистэй нэг хэсэгт багтана.

• Зургаадугаар сарын 14-нд Коста-Рика – Шинэ Зеланд халз тоглоно. Ялсан нь Испани, Герман, Японтой нэг хэсэгт өрсөлдөнө.

Энэ бүх тоглолтууд Катарын “Ахмед бин Али” цэнгэлдэхэд болно.

Шотланд – Украин 1:3 (0:1, 1:2)

Хэмпден Парк

Гоол: 0:1 – 33 Ярмоленко, 0:2 – 49 Яремчук, 1:2 – 79 Макгрегор, 1:3 – 90 Довбик.

Шотланд – Гордон, Хики, Купер (Хендри, 67), Хэнли, Мактомини, Робертсон, Макгрегор, Макгинн, Гилмор (Армстронг, 68), Адамс, Дайкс (Кристи, 46).

Украин – Бущан, Караваев, Матвиенко, Забарный, Миколенко, Ярмоленко (Зубков, 79), Цыганков (Мудрик, 72), Степаненко (Сидорчук, 90), Малиновский (Шапаренко, 72), Зинченко, Яремчук (Довбик, 78).

Шар хуудас: Яремчук (5), Малиновский (11), Дайкс (44), Макгинн (59), Шапаренко (84).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top