Өршөөлийн хуулиар 12 хүүхдийг ЯЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

2022 оны 04 сарын 17

Прокурорын байгууллагаас энэ оны эхний гурван сарын байдлын дүн мэдээгээ гаргасан байна. Тодруулбал, он гарсаар авлига албан тушаалаа урвуулан ашиглах, хар тамхи, мөрийтэй тоглоомын хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргүүд ихэссэн дүн гарчээ. Мөн эрүү шүүлт тулгах, мөнгө угаах, хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгааг онцолсон юм.


 

ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ 71.9 ХУВИАР ӨСӨВ

 

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 31.399 гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 13.257 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 7939 гомдол, мэдээлэлд хэрэг нээн, 4565 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шалгуулжээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 75.6 хувь нь нийслэлд, 24.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэнэ. Нийт гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 13.133 буюу 71.9 хувиар өсжээ. Хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн хэрэг 7.8 хувиар, мөрдөн байцаалтын хэрэг 38.2 хувиар тус, тус өссөн аж.

 

ЭРҮҮГИЙН 3188 ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 32.502 хэрэгт хяналт тавьснаас 3188 буюу 9.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 3546 буюу 10.9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй гэж үзжээ. Мөрдөн байцаалтын 9002 хэрэгт хяналт тавьж, 4092 буюу 45.5 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Харин 189 буюу 2.1 хувийг нь хэрэгсэхгүй болгож, 48 буюу 0.5 хувийг нь түдгэлзүүлж шийдвэрлэжээ.


ЭРҮҮ, ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
 

Прокуророос энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 6731 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 298 буюу 4.4 хувьд нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өссөн, 587 буюу 8.7 хувьд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан нь өмнөх оны мөн үеэс  хоёр хувиар буурсан байна.

Түүнчлэн хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн 43.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэгджээ. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нийт 189 хэргийн 29.6 хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй”, 6.9 хувийг “Гэмт хэргийн шинжгүй”, 7.4 хувийг “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Харин бусад хэргийг “Сэжигтэн, яллагдагч нас барсан”, “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй” зэрэг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Тэгвэл 127 яллагдагчид холбогдох 83 хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, 17 хүртэлх насны 12, 18-30 насны 37, 31-44 насны 59, 45-аас дээш насны 19 хүн өршөөлд хамрагдсан аж. Хүйсийн хувьд 79.5 хувь нь эрэгтэй, 20.5 хувь нь эмэгтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн дийлэнх буюу 71.1 хувийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг эзэлж байна. Прокуророос гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан 1782 хэргийн 1954 яллагдагчтай ял тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлж  шийдвэрлүүлжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нийт 4092 хэргийн 1782 буюу 43.5 хувь нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэг байна. Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нийт хэргийн дийлэнх нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 1094, өмчлөх эрхийн эсрэг 354, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 134, хүрээлэн байгаа орчны эсрэг 51, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 19, авлигын 21 гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

 

ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАХ ГЭМТ ХЭРЭГ 475 ГАРЧЭЭ


Прокуророос хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн ихэнх хувийг хулгайлах, залилах гэмт хэрэг эзэлжээ. Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг 12.566 буюу 38.7 хувь, залилах гэмт хэрэг 6958 буюу 21.4 хувийг эзэлсэн байна. Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2543, мал хулгайлах гэмт хэрэг 1478, дээрэмдэх гэмт хэрэг 1233, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 873, завших гэмт хэрэг 646, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 491 тус, тус бүртгэгдсэн байна. Харин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 475, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 591 гарсан  байна.

 

АВЛИГЫН ХЭРЭГ ХАМГИЙН ИХ ГАРДАГ АЙМГААР ТӨВ, СЭЛЭНГЭ ТОДОРЧЭЭ

 

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар авлига, албан тушаалын 755 хэрэг шалгагджээ. Үүнээс прокурор 73 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн байна. Прокуророос хяналт тавьсан нийт авлигын гэмт хэргийн 61.4 хувь нь нийслэлд, 38.5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Төв, Сэлэнгэ аймагт хамгийн их бүртгэгджээ. Авлигын хэргийн 76.6 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна. Мөн мөнгө угаах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өссөн гэнэ.

Тодруулбал, мөнгө угаах 194 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 27 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Прокуророос хяналт тавьсан мөнгө угаах нийт гэмт хэргийн 32.4 хувь нь залилах, 28.3 хувь нь авлига, 17 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх,  хоёр хувь нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.

 

ЭРҮҮ, ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРЭГ 4.2 ХУВИАР ӨСЖЭЭ

 

Улсын хэмжээнд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 25 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсжээ. Эдгээр гомдол, мэдээллийг прокуророос хянаад 18 буюу 72 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол гурав буюу 12 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан аж. Үүнээс хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Прокурор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 106 хэрэгт хяналт тавьж, 64 яллагдагчид холбогдох 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. Хамгийн эмзэглүүштэй нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь залуучууд байна. Тодруулбал, 1.6 хувь нь 17 хүртэл, 1.6 хувь нь 45-аас дээш, 14.3 хувь нь 31-44, 82.5 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол 92.1 хувь нь эрэгтэй, 7.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

 

ХУУЛЬ БУСААР АН АГНАХ ХЭРЭГ 41 ҮЙЛДЭГДЖЭЭ

 

Хүрээлэн байгаа орчны эсрэг 523 хэрэгт прокурор хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс 193 хүнд холбогдох 142 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй 63 хэргийг хааж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хоёр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар дөрвөн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг орон нутагт 456, нийслэлд 67 бүртгэгдсэн аж.

Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 135, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 46, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 41 үйлдэгдсэн нь хамгийн их байна. Харин хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Дархан-Уул аймагт, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймагт, хууль бусаар ан агнах гэмт хэрэг Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Төв аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.

 

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ЭМЭГТЭЙ ХҮҮХДҮҮД ИХЭЭР ӨРТЖЭЭ

 

Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 49 хэрэгт прокурор хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Дээрх гэмт хэргийн 35 буюу 71.4 хувь нь нийслэлд, 14 буюу 28.6 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас нийт 53 хүүхэд хохирогчоор тогтоогдсоноос 3.8 хувь нь найм хүртэлх, 28.2 хувь нь 8-13, 68 хувь нь 14-17 насны хүүхдүүд байжээ.

Тэгвэл дээрх хүүхдүүдийн 12 нь эрэгтэй, 41 нь эмэгтэй хүүхэд байна. Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх, хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн улмаас хүүхэд хамгийн их хохирсон байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 61 хувь, хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх гэмт хэрэг 16.6 хувь, хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг 11.1 хувь байна.

Одоогийн байдлаар прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн найман хүнд холбогдох 12 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа аж. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 116 хэрэгт хяналт тавьж, 49 хүнд холбогдох 39 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.  Эдгээр хэргийн 44 хувь нь нийслэлд, 56 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насны хүмүүс байна. Тодруулбал, 30.6 хувь нь 18-30, 67.4 хувь нь 31-44, хоёр хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 93.9 хувь нь эрэгтэй, 6.1 хувь нь эмэгтэй байгаа бол 75.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top