76 ба НЭГ СЭДВЭЭР: Гишүүдийн хараагүй, мэдэхгүй гэрээ-III

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

“ТВ8” телевизээс бэлтгэн хүргэдэг “Эрэл” сурвалжилга багийнхан “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсад хэр ашигтай эсэх асуудлыг хөндөж, цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэд энэ удаад УИХ-ын гишүүдээс уг гэрээний талаар хэр мэдээлэлтэй байдаг эсэхийг тодруулж, “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх, улмаар нийтээрээ хэлэлцэх цаг нь болсон гэх асуудлыг хөнджээ. Эл асуудлыг “76 ба НЭГ СЭДВЭЭР” буландаа онцолж, гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Эхний хэсэг  - 76 ба НЭГ СЭДВЭЭР: Гишүүдийн хараагүй, мэдэхгүй гэрээ

Хоёр дахь хэсэг - 76 ба НЭГ СЭДВЭЭР: Гишүүдийн хараагүй, мэдэхгүй гэрээ- II 


 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Мэдээлэл алга, гэрээг нь хараагүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байдаг гэдэг л мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Гэрээг нь бол хараагүй. Дорнодод байдаг талбай. Байгаль орчин сүйдэж байна, орон нутгийн ажилчдын асуудал хурцаар тавигддаг. Улсын төсөвт жин дарах хэмжээний хөрөнгө орж ирдэг гэж ойлгодог.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Гэрээг нь мэднэ. Яг энэ газрын тосны салбарт ажиллаж байсан, ажил хөдөлмөрийнхөө гарааг тэндээс эхлүүлсэн. Дөрвөн жил гаруй хугацаанд газрын тосны салбарт ажилласан, жаргал зовлонг нь сайн мэднэ. Хамгийн анхных гэж хэлж болохоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн нэг нь “Петрочайна дачин тамсаг” байх. Ерөнхийдөө анхдагч хоёр, гурван гэрээ бий. Ашигтай, ашиггүй гэдгийг ярихаасаа эхлүүлээд байгуулсан гэрээнүүд газар, тэнгэр шиг ялгаатай болоод байгаа юм. Эрх зүйн орчин талаасаа гэрээг сайжруулж ажиллах хэрэгтэй. Энэ бол УИХ-ын анхаарч ажиллах зүйл мөн юм.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Бүтээгдэхүүн хуваах гэрээг хараагүй. Газрын тос олборлодог гэдэг л мэдээлэл байна. Гэхдээ тэр 26 хувийг судлах хэрэгтэй. Нэг талаас Монгол Улсын эрх ашиг хангагдаж байна уу гэдэг асуудал хөндөгдөх нь тодорхой. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх нь их чухал шүү дээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нарийвчилж бол хараагүй. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилж, шинэчлэхгүй бол манайхаас хилээр үнэ дээр алдаа их байна гэдэг асуудал хөндөгдөж байсан. Бид бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой өөрчлөлтийн талаар тухай үеийн Сангийн сайдад өгч байсан. Сангийн яамнаас Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хараагүй, сүүлийн үед маш олон сэтгүүлч асуугаад байх шиг байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаарх мэдээллийг УИХ дээр сонсчихмоор байгаа юм. Өнөөдөр дайны байдалтай байгаа үед Монгол Улс нефтээ хаанаас авах вэ, цаашид өөрсдөө үйлдвэрлэх нь зүйтэй гэж яриад байсан шүү дээ. Газрын тос олборлох, хайх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Гэрээний талаар тодорхой мэдээлэл алга байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би нарийн хараагүй, үзээгүй. Олон жилийн өмнө байгуулсан гэрээ байх ёстой. Тиймээс судалж үзэх нь зүйтэй байх. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж ерөнхийд нь л мэдэж байна. Өнөөдөр надад хэлэх зүйл алга.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Петрочайна дачин тамсаг”-тай танилцах Ажлын хэсэг байгуулж ажиллана гэж өнгөрсөн онд төлөвлөсөн юм. Цар тахлаас болж хойшлуулчихсан байгаа. Гэхдээ ирэх сард явж үзнэ, холбогдох хяналтын байгууллагыг оруулсан хэлэлцүүлгийг хийнэ. Харин бүтээгдэхүүн хуваах гэрээг бол харж байсан, хэдэн хувь гэдгийг нь бол сонсож байсан. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(59.153.112.66) 2022 оны 03 сарын 24

Ийм гэрээг мэдэхгүй юм бол та нар бүгд зайлах хэрэгтэй.Өмхий хужаагийн шээснүүдийн хийсэн гэрээ.Энэ гэрээг хийсэн хулгайчуудыг ил болгооч.

0  |  0
АРД(66.181.179.59) 2022 оны 03 сарын 24

УИХ-д тангараг өргөөд УИХ-ын гишүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг санаа зовохгүй явдаг Петрочайна дачин тамсагын гэрээ эх орныхоо баялагыг өдөр болгон үнэгүй хилээр гаргаж байна...

0  |  0
Top