Монголын гүний усны нөөц 2023 оноос нөхөн сэргээгдэхгүй

2022 оны 03 сарын 24

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсад үүссэн усны асуудал, тэр дундаа усны нөөц, ундарга, эх үүсвэрүүдийг хамгаалахтай холбогдуулан "Цэнхэр алт" үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Үйл ажиллагааны үеэр усны асуудлыг олон нийтэд ойлгуулах, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх болон салбар хоорондын мэдээллийг нэгтгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар ярилцсан юм. Ингээд Дэлхийн усны өдрөөр “Цэнхэр алт” хэлэлцүүлгийг сурвалжилсанаа хүргэе.


 

50 ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛ УЛСЫН ЦЭВЭР УСНЫ НӨӨЦ 40 ХУВИАР БУУРЧЭЭ

 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, яамны мэргэжилтэн, олон улсын донор байгууллагын төлөөлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын мэргэжилтэн зэрэг олон төрлийн хүмүүс цуглажээ. Тэдний гол зорилго нь “цэнхэр алт” болсон цэнгэг усны нөөцийг хамгаалах талаар судалгааны ажлаа танилцуулах, санал зөвлөмж хүргүүлэх, хэрэгцээтэй мэдээллээ цуглуулах байлаа. Төрийн бус байгууллагын тэргүүнүүд болон  яам, тамгын газрын төлөөллөөс яаж, хэрхэн, хэзээ гэх асуултыг асуух гэж л ирсэн энгийн иргэд олон байв. Мөн хэлэлцүүлгийн үеэр Монгол орны усны салбарт тулгамдаж буй асуудлууд, цэвэр усны нөөц, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй ундны усны асуудал болоод гарц шийдэл, ОУ-ын гэрээ конвенц болон Монгол Улсад усны талаарх хууль тогтоомжуудын хэрэгжилтүүдийн талаар хөндсөн. Учир нь, Монгол Улс ундны болон аж үйлдвэрийн хэрэгцээнд 99 хувь гүний цэвэр ус ашигладаг байна.

Гэвч газар доорх гуний ус нь нийт Монгол Улсын усны нөөцийн дөнгөж 1.91 хувийг эзэлдэг. Мөн ус бохирдуулсны төлбөр, тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хэлэлцэн, цаашид усны төлбөрийг  нэмэгдүүлэх замаар ус бага ашиглах, хуулийг бүрэн хэрэгжүүлэх талаар санал нэгдсэн юм.1970-аад онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь нь цэвэр усны нөөц цэвдэгтэй байсан бол одоогоор 20 гаруй хувь болж бууран тасалданги буюу цэвдэг нь алаг цоог  болсон нь онцгой анхаарах ёстой үзэгдэл гэдгийг судлаачид онцолж байв. Ингээд хэлэлцүүлгийн үеэр уригдсан зочид болон илтгэгчдийн хэлэлцүүлсэн санал зөвлөмжийг хүргэе.

 

Т.ЦЭРЭН:УУЛ УУРХАЙ АСАР ИХ МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ УЧИР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЭНЭ ТАЛ ДЭЭР ДУУГАРДАГГҮЙ

 

МБОИЗ-ийн дэд тэргүүн Т.Цэрэн Монгол Улсын нэгдэж орсон усны нөөцтэй холбоотой гэрээ конвенцууд дутмаг байгаа талаар илтгэлдээ онцолж байв.Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд цэвэр усны ашиглалтын 22 хувийг уул уурхайд ашигладаг. Алтны уурхай газрын гүний усны цэвдэгийг гаргаж ирээд үүнийгээ ууршуулснаар хэр хэмжээний ус болдог тухай тодорхой тоо баримт байхгүй байна. Үүнийг зөвхөн тоолуураар л хэмжиж байгаа. Мөн эргээд нөхөн сэргэлт хийх үйл явц манай улсад бодлогын түвшинд алга байна. Олон улсын гэрээ конвенцуудад Монгол Улс нийтдээ олон улсын 18  гэрээ конвенцид  нэгдсэний хоёр нь устай холбоотой. Үүн дээр нэмээд дахиад нэгдэх ёстой конвенцууд байна. Түүний нэг нь Хил дамнасан усны нөөцийн тухай конвенц юм. Манай улсаас хойд хөршөө даваад урд хил рүү гарч урсаж буй голуудын нэгдсэн конвенцод нэгдэх нь чухал гэж үзэж байна.

Мөн голуудын эхээ хамгаалах үлдсэн цэвдгээ яаж хамгаалах вэ гэсэн бодлого алга байна. Голуудын эхийг 2022 он гэхэд 90 хувь хамгаалалтад авна гэсэн боловч сүүлийн тайлан мэдээгээр 26.1 хувийн биелэлттэй байна гэсэн. Монгол Улс өргөн газар нутагтай цөөн хүн амтайн хувьд олонх нь хотдоо бөөгнөрдөг. Үүний гайгаар хөдөө орон нутагт ямар аюул  нүүрлэж байгааг хүмүүс мэдэхгүй өнгөрч байна. Төрийн бус байгууллагууд  нийлээд 2011 онд байгаль орчинд учруулсан хор хохирлын талаар судалгаа гаргасан. Судалгааны дүнд нэг их наяд 860 тэрбум гаруй төгрөгийн хохирол байгаль орчинд учирсан гэсэн тоо баримт гарсан” хэмээлээ.

 

Б.БАТСҮХ: ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРСАН БОХИР УСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА

 

Мянганы сорилтын сангийн Барууны эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх ус дахин боловсруулах үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр “2019 онд бид баруун бүсийн үйлдвэрийнхээ төсөл, хээрийн судалгааны ажлаа хийж дуусгасан. Дараа нь 2020 онд нарийвчилсэн зураг төслөө хийгээд 2021 онд сонгон шалгаруулалтаа зарлах гэх мэт үе шаттайгаар ажлаа явуулсан.  Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон.

Мөн Монгол Улсын Засгийн газраас гаргах хувь болох 192 сая ам.доллар бий. Ингээд 461 сая ам.долларын төсөл хэрэгжээд эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хоёр дэд бүтцийн төсөл хэрэгжүүлнэ. Нэг нь баруун бүсийн ундны усны шинэ эх үүсвэрийг гаргах юм. Хоёр дахь нь төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч байгаа усыг дахин боловсруулаад дулааны цахилгаан станцад нийлүүлэх том үйлдвэр барих ажил. Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар долоон эх үүсвэрээс ундны усаа хангаж байгаа. Харин одоо найм дахь эх үүсвэр буюу баруун бүсийн үйлдвэрийг барих гэж байна. 2015 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийн нөөцийг судалсан байдаг.  УСУГ жилд 150-160 мянгыг, дулааны цахилгаан станцууд 61 мянгыг хэрэглэж байна. Улаанбаатар хотод 12 мянган гүний худаг байна гэж дурдсан. Ингээд бодохоор бид өдөрт 300 гаруй мянган м.куб литр усыг хэрэглэж байна гэсэн тооцоо гарсан. Улмаар 2023 оноос эхлэн Монгол орны гүний усны нөхөн сэргээгдэх хэмжээ багасна гэсэн үг.

Үүнийг тайлбарлавал усаа зохисгүй ашиглаад байвал бид нөхөн сэргээсэн ч эргэж гүйцэхгүй нөхцөл байдалд ороход ганц жил дутуу байна. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд дараагийн эх үүсвэрийг яаралтай барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй юм. Баруун бүсийн эх үүсвэрийн үйлдвэр нь олны нэрлэж заншсанаар Шувуун фабрик орчимд 16, Био комбинатад 14 гүний худаг гаргаж ус олборлоно. Үүнийг аль 1980-аад онд Зөвлөлтийн эрдэмтдийн баг судлаад тус газраас хоногт 233 м.куб литр гүний ус гаргах олборлох боломжтойг тогтоосон байдаг. Мөн үүнийг шууд ундны хэрэгцээнд бус үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн зөвлөмжийг гаргасан. Харин бид тухайн бүсээс ундны хэрэгцээнд ашиглах зорилгоор орчин үеийн дэвшилтэт техологиор дахин боловсруулсан гүний ус олборлоно” гэж мэдэгдлээ.

 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД: 2050 ОН БУС 2025 ОНД ЦЭВЭР УСГҮЙ БОЛНО ХЭМЭЭН ЗАРЛАЯ

 

Монголын тандан судлаачдын холбооны гүйцэтгэх захирал н.Эрдэнэ “Конвенцуудад нэгдэх нэн шаардлагатай байна гэж сая ярилаа. Энэ бол ганц удаа яриад болчихдог амар зүйл биш. Айлын хүүхдийг өргөж авч байгаа мэт шууд дэргэдээ аваад ирж болохгүй. Үүнийг дагаж ирэх эрсдэл олон бий. Тэгэхээр эрсдлүүдийг тооцоод сэтгэл хөөрлөөр хандах асуудал биш гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Мөн санал бодлоо илэрхийлсэн бусад оролцогчид ярих бус хийх ажил их байгааг санал нэгтэйгээр илэрхийлсэн юм. Усны нөөц хомстож буй энэ үед 2050 онд цэвэр усгүй болно гэсэн тоог урагшлуулж 2025 гэж сануулахгүй бол энэ явдлыг хүмүүс тэр бүр анхаарахгүй байна гэсэн саналыг мөн дэвшүүлсээр байлаа. Урт нэртэй хуулийг бодитоор хэрэгжлүүлэх нэн шаардлагатай байгааг саналаа илэрхийлсэн хүн бүр тодотгож байсан нь энэ ажлыг нэн яаралтай урагшлуулах ёстой гэсэн дохиог өгч байв.

 

Б.СҮХБАТ: ШАМБАРАМ, ТУЛАЙ, ҮЕ МӨЧНИЙ АРХАГ ӨВЧИН, АРЬСНЫ ХАРШИЛ УСНААС ҮҮСДЭГ

 

Монголын уламжлалт зан үйлийн холбооны тэргүүн Б.Сүхбат “Шамбарам, тулай, үе мөчний архаг өвчин, арьсны харшил гээд бүхий л төрлийн өвчин уснаас үүсдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Үүнийг сонсоод магад шоолж мэднэ. Усан дотор алтан ус гэх зүйл бий. Үүнийг нарийвчлан судалж хүмүүст таниулах хэрэгтэй байна. Туул голын усанд орсон хар тугалганы хэмжээ 500 дахин их байна гэсэн судалгаа гарсан. Энэ мэт зүйлээс үүдэн голын орчимд хөндийрөл үүсэж аюултай түвшинд очсон байна. Үүн дээр онцгой анхаарах цаг болжээ ” гэсэн саналыг мөн илэрхийлэв.

Илтгэл болон хэлэлцүүлэг хоёр гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд р төр хувийн хэвшил гэж биенээ алагчилж, эрэмбэлж “би-чи” дээрээ тулах бус алтнаас үнэтэй цэвэр усны нөөцийг хамгаалах, түүний төлөө өдөр бүр тэмцэх хүсэл тэмүүлэлтэй үлдэх нь энэхүү тэмдэглэлт өдрийн зорилго байлаа.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(66.181.190.196) 2024 оны 04 сарын 08

Уул уурхайгаа болиочээ

7  |  1
Говийн хүн(202.9.40.250) 2024 оны 03 сарын 18

Говийн гүний усыг уул уурхайд ашиглахыг хориглох шийдвэрийг маш түргэн гаргах хэрэгтэй.

6  |  1
Top