Ноолуурын үнэ өнгөрсөн жилийнхээс 2-3 дахин өндөр байна

2022 оны 03 сарын 19

Махны үнэ өсөх намрын цагаар малчид оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бэлтгэнэ. Харин үүнтэй адил ноолуурын үнэ хамгийн өндөр дүнд хүрэх хаврын энэ үед түүхий эдийн худалдаачдын ажил ундарч, малчдын орлого өсдөг үе. Зарим аймгуудад ноолуур нэг килограмм нь 200 мянган төгрөг хүрсэн гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Тиймээс энэ удаа ноолуурын ханшийн талаар сурвалжиллаа.


 

БҮС НУТГИЙН ОНЦЛОГООС ШАЛТГААЛАН НООЛУУРЫН ХАНШ ӨӨР ӨӨР БАЙДАГ

 

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуур жилийн жилд хамгийн өндөр ханштай байдаг. Харин баруун бүсийн аймгуудаас бэлтгэсэн ноолуур төдийлөн өндөр үнэд хүрдэггүй бөгөөд Увс, Баян-Өлгий аймгийн ноолуурын үнэ хамгийн бага байдаг аж. Тэгвэл төвийн бүсийн аймгийн ноолуурын ханш тийм ч их зөрүүтэй байдаггүй.

 

Тухайлбал, баруун аймгууд дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр ямаагаа самнадаг байна. Тиймээс өвлийн сүүлч хаврын эхэн үед ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд аль болох эрт ямаагаа самнасан аймгуудаас өндөр үнээр авснаар тухайн бүсийн үнэ жилээс жилд өндөр байдаг аж.

Өнгөрсөн оны энэ үед Эмээлт захад ямааны ноолуур килограмм нь 70-90 мянган төгрөгийн ханштай байжээ. Харин өнөөдөр тус захад нэг килограмм ноолуур 120-150 мянган төгрөгийн ханштай байна.

Манай улс жилд ойролцоогоор 97 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Жил бүрийн онцлогоос хамаарч энэ тоо бага зэрэг өөрчлөгдөж болно. Аймаг бүрд хаваржилтын нөхцөл байдал өөр байгаагаас үүдэн ямаагаа самнах цаг хугацаа адилгүй байгааг дээр дурдсан.

Энэ талаар Архангай аймгийн Хайрхан сумын малчин Д.Галбаяраас тодруулахад, “Архангай аймаг одоогоор ямаагаа самнаагүй байгаа. Гуравдугаар сарын сүүлээр ноолуураа бэлтгэх төлөвтэй байна. Энэ жилийн хувьд үнээ тогтоож амжаагүй, өнгөрсөн жил  нэг килограмм ноолуур 130 мянган төгрөгөөр авч байсан” гэв.

Мөн Дорноговь аймагт нэг килограмм ноолуурыг 130-150 мянган төгрөгөөр худалдан авч байгаа аж. Өнжмөл буюу өнгөрсөн жилийн хавраас зун хүртэлх хугацаанд самнасан ноолуурын үлдэгдлийг харин 110 мянган төгрөгөөр худалдаж байгааг тус аймгийн түүхий эдийн худалдаачин хэллээ. Нэг үгээр хэлбэл ноолуур гэдэг түүхий эд “дарс шиг” удах тусмаа чанарждаг зүйл биш гэсэн үг. Үйлдвэрлэгчид аль болох цэвэрхэн, шинэхэн, боловсруулахад ажиллагаа бага орох түүхий эд авах гэж эрмэлздэг нь түрүүлж ямаагаа самнасан аймгуудад давуу тал олгодог байна.

Баруун бүсэд тавдугаар сард ноолуураа бэлтгэдэг учир тэр үед үйлдвэрлэгчид аль хэдийнээ түүхий эдийн нөөцөө бүрдүүлчихнэ. Нөөц бүрдүүлэлт дуусах дөхөөд ирэхээр зах зээлийн жамаар үнэ буурч намар гэхэд хамгийн бага үнийн дүндээ очдог. Ерөнхийдөө гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд ноолуур самнаж, борлуулдаг ид үе таардаг байна.

Хамгийн өндөр үнэтэй гэгдэж буй Дорнод аймагт одоогийн байдлаар нэг килограмм ноолуур 230 мянган төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жилийн өдийд тус аймагт нэг килограмм ноолуур дээд талдаа 150 мянган төгрөг хүрч байсан бол 2020 онд 80 мянган төгрөгөөр зарагдаж байсан аж. Хэнтий аймагт одоогоор нэг килограмм ноолуур 150 мянган төгрөгийн ханштай байгааг иргэд хэлж байна. Өнгөрсөн оны мөн үед тус аймагт нэг килограмм ноолуур 120 мянган төгрөг байсан бол 2020 онд 60 мянган төгрөг болж үнэ буурсан байдаг.

 

НООЛУУРЫГ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОВОЛ АШИГ НЬ 40 ДАХИН ӨСНӨ

 

Цар тахлын эхэн үед манай улсын ноолуурыг худалдан авдаг гол хоёр орон болох Хятад, Италийн үйлдвэрүүд үүд хаалга барихдаа тулж байлаа. Тиймээс Монголд ноолуурын үнэ навс унаж 2017 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн. 

2020 оны гуравдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ ноолуурын үнийг бүс нутгаас үл шалтгаалан 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч дээрх мэдэгдэл тухайн үедээ ажил хэрэг болоогүй тул малчид ихээхэн бухимдалтай байсан юм. Учир нь тухайн үедээ хамгийн өндөр ханшаар борлуулж эхэлж байсан Дорнод аймагт нэг килограмм ноолуур 80 мянган төгрөгийн ханштай байв. Улмаар малчид Ерөнхий сайддаа итгэж 100 мянга болон түүнээс дээш төгрөгөөр худалдан авах цаг ирнэ хэмээн ноолуураа хав дарж байлаа.

Үүнээс үүдэж Эмээлт захын худалдаачид түүхий эдийн хомстолд орж малчдын хүсэн хүлээсэн үнээр худалдаж авч чадахгүйгээ мэдэгдсэн тул хэсэг хугацаанд хямрал үүссэн юм. Холбогдох яамнаас тодорхой чиглэл ирэх хүртэл яах учраа олоогүй байсаар тэр жилийн ноолуурын борлуулалтын оргил үе тэгэсгээд дууссан. Харин энэ жилээс манай оронд цар тахлын хязгаарлалтууд суларч хамаг бүхэн эргэн сэргэж байгаагаас гадна, урд хөршийн  чинээлэг давхаргын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор экспортоор гаргах түүхий ноолуурын хэмжээ өсөж байгааг судлаачид тэмдэглэж байна.

Манай улс одоогоор түүхий эдийнхээ 20 хүрэхгүй хувиар эцсийн бүтээгдэхүүн хийгээд 80 гаруй хувийг нь түүхийгээр нь гадагш нь гаргадаг. Эсрэгээр нь болгочихвол Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлэх нөөц боломж бий гэдгийг  Техникийн ухааны доктор, судлаач Р.Бадмаанямбуу хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдээлж байсан юм. Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувийг анхан шатны боловсруулалт хийн, угааж гадаадад экспортлодог. Тиймээс ХХААХҮЯ-наас цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлйг эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ өнгөрсөн онд мэдэгдсэн.

Мөн дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг манай улс хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго хадан экспортлож буй ноолууран бүтээгдэхүүний хэмжээ олон улсын зах зээлийн 10 орчим хувийг эзэлдэг байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаалах тоо хэмжээ нь түүхий ноолуур нийлүүлдэг дүнтэйгээ дүйцэж очвол манай улсын экспортын орлого хэд дахин өсөх боломжтой юм.

Тоо баримт дурдахад, 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243.5 сая ам.доллар байсан бөгөөд үүний 76 хувийг угаасан,  долоон хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Үүнээс үзэхэд бид малынхаа буяныг ихэвчлэн угаагаад л зарчихдаг гэдгийг төвөггүй ойлгож болно. Ноолуурыг угаасны дараах ашиг 2-5 хувь, боловсруулсан ноолуур гаргаж авахад 10 хувь, ээрэх үйлдвэрлэлээс 15 орчим хувийн ашиг гардаг байна. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүн гаргахад ашиг нь 40 орчим хувиар өсдөг аж. Тиймээс аль болохоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашиг нь төдий чинээ их байх юм.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.66.47) 2022 оны 04 сарын 20

Учралын эцэг бол мал дээр өссөн Учрал гэхдээ арайСайханбилэг шиг бишСайхан билэг 1996 онд сайд болоод Дундговьд цагаан сараар малчдад гэр бэлэглэхээр очоод зуух бараадаадхэвтэж байгаа хар ишгийг гөлөг гэж андуурч асуугаадбаларсанбайдаг

0  |  0
Отгонжаргал(202.126.89.98) 2024 оны 04 сарын 11

Судалгаа шинжэлгээгээ сайн хийж байж мэдээгээ тавь. Монгол улсад дэлхийн ноолуурын зах зээлийн 40 орчим % байдаг 9 мянган тонн орчим. 2021 онд зүүн аймагуудын ноолуур 150.000 баруун аймагын ноолуур 100.000 төгрөгөөс буугаагүй Баруун 5 аймагтаа Увс Завханы ноолуур хамгийн сайн чанартайд орно.

2  |  0
Top