Нэг тонн цемент 253-313 мянган төгрөгийн үнэтэй байна

2022 оны 03 сарын 19

Хаврын улирал ирсэнтэй зэрэгцэн манай улсын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Гэвч цар тахлаас хойш барилгын салбарын асуудлууд тасарсангүй. Барилгын материалын үнэ ээлж дараатайгаар нэмэгдсээр цементийн үнэ ч даган өслөө. Энэ удаад цементийн үнэ 30 хувиар нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн сурвалжилгыг бэлтгэлээ.


Нарийн ногоо, жимс жимсгэнэ, мах, шатахууны үнэ өссөнтэй зэрэгцээд барилгын материалын үнэ тасралтгүй өссөн билээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш өссөн барилгын материалын үнэ есдүгээр сард тогтворжих төлөвтэй байсан ч хил, гаалийн асуудлын улмаас тогтворжоогүй юм. Мөн тус оны сүүлээр л гэхэд барилгын материал 40 хувийн үнийн өсөлттэй байсан. Цар тахлын өдрүүдэд цементээс бусад материалын үнэ өссөн хэдий ч энэ удаад цементийн үнэ нэмэгдсэн юм. Тиймээс ч олон нийт ихэд бухимдалтай хандаж байна.

Өнөөдрийн байдлаар "Хөтөлийн Цемент шохой" компани задгай цементийн үнийг 26 хувиар нэмжээ. Мөн "Монцемент" компани ууттай цементийг 27.3 хувиар, задгай нь 30.6 хувиар, "Мөнхийн баянгал" компани 15 хувиар үнээр тус тус нэмсэн байна.


НЭГ ТОНН ЦЕМЕНТ ДУНДЖААР 280 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
 

Цементийг өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгөөр худалдаалж буйг судлахаар 100 айлд байрлах барилгын захыг зорилоо. Тус газрын худалдаачдын хэлж буйгаар цементийг шуудайгаар нь 18-20 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.

Харин нэг тонн цементийг дунджаар 270-280 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ажээ. Цемент худалдаалж буй Б.А /нэрээ гаргахаас татгалзав/-гаас иргэдийн цемент худалдан авалтын талаар тодруулав.

Тэрбээр “Иргэд цементийн үнийг сонсоод биднийг нэмсэн мэт харьцаж байна. Бид ч ашиг гэхээр мөнгө олдоггүй. Цементийн үнэ нэмэгдсэн талаар бидэнд гомдоллоод яахав дээ. Бөөндөж авсан цементэн дээрээ арай чүү таван мянга орчим төгрөг нэмээд л зардаг. Иргэд цементийн үнийг сонсоод л явчихдаг. Худалдан авах чадвартай хүн төдийлөн үйлчлүүлэхгүй байна” гэв.

100 айлд байрлах барилгын захад 42.5 марк бүхий "МАК евро" болон "Монцемент" цементийг борлуулж байлаа.

Харин цементийн үнэ судлан явах иргэн Ж.Бат-Ерөөлт “Барилгын материалын үнэ тасралтгүй өслөө. Дулааны улирал ирсэн учраас хашаандаа байр барих гэтэл цементийн үнэ өссөнийг мэдээд гайхлаа. Энэ жилдээ ч байр барихаа больдог юм уу даа гэж л бодож байна. Бараа, материалын үнэ буурах үеэр л авахгүй бол өрхийн орлогод маань хүндхэн тусах нээ” гэв.

Харин иргэн Б.Ундармаа “Юмны үнэ ч айхтар өсжээ. Цалин нэмэгдэхгүй энэ үед барааны үнэ өссөөр байгаа нь хаа хаанаа хүндрэл учруулж байна. Бүхий л зүйлсийн үнэ өсөж байхад цементийн үнэ өсөх нь гарцаагүй зүйл. Нэг талаасаа тухайн компаниудыг буруутгаж болохгүй юм даа. Гэвч бидэнд хүнд тусаж байгаа нь ч үнэн” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Мөн Хөтөлийн Цемент шохой компани энэ сарын 11-ний өдрийн байдлаар тонн цементийг 204,050 төгрөгийн үнэтэй байсан юм. Өнөөдрийн байдлаар шуудайтай нэг тонн цемент 42.5 марктай нь 253 мянга, 52.5 марктай нь 285 мянган төгрөгийн үнээр худалдаалж байгаа ажээ. Харин задгайгаар нэг тонн цемент 42.5 марктай нь 231 мянга бол 52.5 марктай нь 313,500 төгрөгийн үнэтэй байна.

 

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА НЬ ЦЕМЕНТИЙН ҮНЭ ӨСӨХ НЭГ ШАЛТГААН ГЭВ

 

Энэхүү асуудалд Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яам болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн оноос 30 хувь нэмэгдсэн шалтгааныг олж тогтоохыг даалгасан.

Шадар сайд “Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж, үнээ зайлшгүй нэмэх шаардлага үүслээ гэхэд бүх компаниуд нэгэн зэрэг 30 хувиар үнээ нэмсэн нь үгсэн хуйвалдсан хэрэг эсэхийг шалгах хэрэгтэй. Зайлшгүй үнээ нэмэхээс өөр гарцгүй бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлнэ. Мөн цементийг авч нөөцлөн, зохиомол үнийн хөөрөгдөл гаргахаас сэргийлэх хэрэгтэй” гэсэн юм.

Цементийн үнийн өсөлтөд анхаарал хандуулснаар энэ оны 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг гацаахгүй байх ажээ. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас Хөтөлийн Цемент шохой компани, Монцемент компаниудад үнээ тогтвортой барьж, зургаадугаар сарын 01 хүртэл нэмэхгүй байх тухай санал солилцсон ч ТУЗ-ийн шийдвэрээр шийднэ гэх хариуг өгсөн хэмээн мэдээлэв. Түүнчлэн тухайн ААН-үүд цементийн үнээ нэмсэн шалтгааныг цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбар өгсөн гэлээ.

Энэ талаар Хөтөлийн Цемент шохой компанийн зүгээс “Шатахуунын үнийн өсөлтөөс үүсэлтэйгээр тээврийн зардал нэмэгдсэн. Мөн хэрэглээний барааны үнийн өсөлт байна. Ажилчдын цалин, урсгал зардлаас шалтгаалан цементийн үнийг нэмсэн” хэмээх тайлбарыг өглөө.

Харин Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан Монцемент компанийн цементийн үнэ нэмсэн шалтгаан нь шинэ Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой гэжээ. Тэрбээр “Шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар үйлдвэрүүдэд дахин нэг ээлж нэмэгдсэн. Учир нь хүнсний зардал 40 хувь өссөн учраас иргэдийн амьжиргааны түвшин багасаад байна. Тиймээс ажилчдын цалинг нийтээр нэмэх шаардлагатай тулгарсан юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын шаардлагаар ажиллах хүчний тоог 14/14 ростерийг хэрэгжүүлбэл 40 хувиар нэмэх шаардлага үүсч байгаа нь бас нэгэн шалтгаан болсон” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн. Манай улсын цементийн жилийн нийт хэрэглээ 2.2 сая тоннд хүрээд байна. 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурчээ. Энэ нь цар тахлын үеийн хөл хориотой холбоотой юм. Мөн нэг тонн цементийг 141,600 төгрөгөөр худалдан авдаг байсан ажээ. Гэвч 2020 оны эцсээс хойш цементийн үнэ долоон удаа нэмэгдсэн байна. Иргэдийн хувьд цементийн үнэ нэмэгдсэнд хоёр талын байр суурьтай байгаа юм.

Зарим иргэд бүхий л барааны үнэ нэмэгдэх явцад цементийн үнэ тогтвортой байсан учраас өнөөдрийн эдийн засаг болон нийгмийн байр сууринд цементийн үнэ нэмэгдэх нь цаг хугацааны зүйл байсан хэмээн хүлээн авч байна. Учир нь цар тахлын үеэр бараа материалын үнэ 40-98 хувь хүртэл өссөн бол цементийн үнэ дөрвөн хувь өссөн үзүүлэлттэй байсан юм. Мөн Хөгжлийн банктай холбоотой асуудлыг дарахын тулд үйлдвэрлэгчдийг ашиглалаа хэмээн хардах хүмүүс байлаа.

Нөгөө талаас барилга, дэд бүтцийн ажил эхлэхтэй зэрэгцэн цементийн үнэ нэмснийг эсэргүүцэх барилгын компаниудын төлөөлөл байв. Мөн Хөгжлийн банкны өрөө дарахын тулд цементийн үнийг нэмлээ хэмээн зарим иргэд бухимдсан байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хан(103.57.94.159) 2022 оны 03 сарын 19

Арслан барын төрхтэй Гарамжав авгай Хөгжлийн банкны өрөө яаралтай төл. Үхсэн ацны чинь ханшийн зөрүү яриад гуцаад байгаачээ

0  |  0
Zochin..(103.57.93.210) 2022 оны 03 сарын 19

Odoo ingej mungu hugjliin baknaas avch uildveree bosgochood oligtoi tsement ugch chdhgui hl hyatadaas tsement oruulj iriii. Tghgui bl batilgiin m2 usluu ard tumen suhurluu

0  |  0
uui(192.82.82.219) 2022 оны 03 сарын 17

ajilchidin tsalin uil ajillagaani 10hubid ch hurdgui shu

0  |  0
Top