Нийлэг уут нийтийн хэрэгцээнд байсаар байна

2022 оны 03 сарын 15

Өдөр бүр гудамжинд төрөл бүрийн материалтай тор барьсан хүмүүс алхана. Нийлэг, даавуун, хайрцган, сүлжмэл, торон, цаасан гэх мэт. Нэг мэдэхэд л гэрт маань хүртэл даавуун болон нийлэг тор төрөл бүрээрээ өрөөстэй байв. Нийлэг уутны хэрэглээний тухай эрх зүйн акт гарсан ч бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байгаа учраас энэ талаар сурвалжилга бэлтгэсэн юм.

Дэлхийн дээр өдөрт хаяж буй нийт хог хаягдлын 30 хувийг нийлэг уут дангаараа бүрдүүлдэг байна. Улмаар 100-400 жил байгальд шингэлгүй үлддэг ба хөрсний эвдрэлийг үүсгэж, цөлжилтийг нэмэгдүүлээд зогсохгүй, өөрөөсөө хорт нэгдлийг үргэлж ялгаруулж байдаг ажээ. Тиймээс ч байгалиа хамгаалах гэсэн улс орнууд нийлэг уутыг хязгаарласан хуультай.

Тухайлбал, Дани улс нийлэг уутны хэрэглээнд 1995 онд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая уутны хэрэглээг 50 хувь бууруулсан байдаг. Ирланд улс 2002 оноос эхлэн нийлэг уут хэрэглэсэн иргэдээс татвар авдаг болжээ. Ингэснээр нийлэг уутны хэрэглээ 90 хувиар буурсан аж. Африкийн 15 улсад нийлэг утыг хориглох тухай хууль тогтоомж болон татварын бодлого үйлчилж байгаа бол Кени улс нийлэг уут импортлох болон бусад тохиолдолд 40 мянган ам.доллароор торгох эсвэл дөрвөн жил хорих хуулийг баталсан байна. Энэ мэт дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нийлэг уутны хэрэглээг багасгаж чадсан ажээ. Тэгвэл манай улсын хувьд нийлэг уутны хэрэглээ, худалдаа ямар түвшинд байгаа талаар судалсан юм.

 

НЭГ УДААГИЙН НИМГЭН УУТНУУД ОДОО Ч ЭРЭЛТТЭЙ ГЭВ

 

Зах, худалдааны газруудад одоо ч нэг удаагийн уутнуудыг бөөний үнээр зарах хүмүүс бий. Тэдний нэг бол худалдаачин Б.Ө /Өөрийн нэрийг гаргахаас татгалзсан/ юм. Бөмбөгөр худалдааны төвийн орчимд уут худалдаалдаг түүнээс хүмүүс хэр их уут худалдаж авдаг талаар асуулаа. Тэрбээр “Нэг үеэ бодвол хүмүүсийн даавуун уут худалдаж авах, хэрэглэх нь нэмэгдсэн байна. Гэсэн ч нэг удаагийн уутны эрэлт одоо ч их байгаа. Ихэвчлэн үйлчилгээний байгууллагууд авдаг. Махны худалдаачид, хоолны газрууд гэх мэт. Тэдэнд хамгийн ихээр хэрэг болдог. Хувь хүмүүс ч ирж авдаг” гэлээ.

Баянзүрх худалдааны төвд ч бөөний уут зарах хүмүүс байсан бөгөөд иргэд ихэвчлэн цэнхэр, цагаан, улаан өнгө бүхий нэг удаагийн уутнуудыг авдаг талаар хэлж байсан юм. Мөн ямар ч зах, худалдаа үйлчилгээний газраас хогны нэг удаагийн уутыг авах боломжтой. Энэхүү уут нь нимгэнээс зузаан хүртлээ байх бөгөөд өнгө өнгөөр нь эгнүүлэн тавьж зардаг билээ.

Иргэд нэг удаадаа 2-4 багц нэг удаагийн хогны уутыг худалдан авдаг байна. Харин үнийн хувьд 23х35 см бүхий тасалдаг уут 4300 төгрөг, хүнсний тасалдаг уут 2900-4500 төгрөг, шинэ жилийн бэлгийн уут 70-200 төгрөг, багцаараа 3500-4000 төгрөг, цэнхэр болон улаан өнгө бүхий уутнууд нэг ширхэг нь 100-150 төгрөг, багцаараа 5000-8500 төгрөгийн ханштай байв.

Баянзүрх худалдааны төвөөс нэг удаагийн уут худалдан авч буй иргэн Б.Бат-Өлзий “Ихэвчлэн даавуун уутаа цүнхэлж явдаг ч уутандаа багтахааргүй бараа худалдан авсан үед том тор худалдан авахаас өөр сонголт байдаггүй. Гэхдээ нэг удаад худалдан авсан тороо нэлээдгүй хугацаанд ашигладаг. Гэвч урагдсан үед хаяхаас өөр сонголт байхгүй шүү дээ. Харин 100 төгрөгийн үнэтэй тор 200-300 болсон байна” гэв. Мөн тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэн А.Уранцэцэг “Торны хэрэглээг шууд хасах боломжгүй. Гэхдээ аль болохоор бага хэрэглэхийг боддог. Одоогоор зөвхөн ариун цэврийн өрөөний бохироо хийхдээ л ашиглаж байна” гэжээ.

 

“ТООСОНД ДАРАГДСАН” ХЭРЭГЖЭЭГҮЙ ТОГТООЛ

 

Зарим нийлэг, хальсан уутны хэрэглээг хориглох тухай эрх зүйн актыг манай улсад 2009 оны зургаадугаар сарын 11-ний өдөр баталж байжээ. Энэхүү актад “Монгол Улсын нутаг дэвсгэрт 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг хүнсний бүтээгдэхүүнд баглаа боодлын зориулалтаар импортлох, хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байв. Мөн энэхүү хуулийг зөрчсөн иргэнийг 30-50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 150-200 мянган төгрөгөөр торгох бөгөөд импортоор оруулж ирсэн иргэнийг 100-150 мянга, хуулийн этгээдийг 250-350 мянган төгрөгөөр торгохоор заасан байжээ. Гэвч энэхүү хуулийг 2012 онд хүчингүй болгосон.

Улмаар Засгийн газрын 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” эрх зүйн актыг баталсан юм. Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн боловч өнөөдрийн дүр зургаар харахад “тоосонд дарагдсан” тогтоол болсон хэмээн хэлэхэд буруудахгүй болов уу. Энэхүү тогтоолд “Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосугай” хэмээн заасан байдаг. Харамсалтай нь хориглох бүү хэл өнөөдрийг хүртэл хэрэглээнд байгаа.

Харин нийлэг уутыг хэрэглэх эсэх нь иргэд өөрсдийн ухамсраар шийдэх хэрэг болон хувираад байгаа юм. Гудамжаар хөглөрөх нийлэг уутны хог хаврын салхинд хотыг тойрон аялж, орон сууцнуудын дунд тасарсан, хөглөрсөн төрөл бүрийн уут хогны цэгийн хажууд хэвтэж байх жишээтэй. Айл бүрд ч нэг удаагийн уутны цуглуулгууд төрөл бүрээрээ байгааг ч үгүйсгэхгүй. Сүртэй нэртэй хууль, тогтоомж гаргадаг ч түүний хэрэгжилтэд хараа хяналт тавихгүй, тухайн цаг үед шуураад өнгөрөх сэдэв болгодог нь тун тоогүй. Тиймээс л өнөөх сүржин нэртэй хууль тогтоомж нь” тоосонд дарагдсаар”, хаа нэг хүн сөхөж харахыг нь хүлээгээд байж байдаг биз ээ.

 

ЯАГААД НИЙЛЭГ УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ

 

Нийлэг уутыг хэрэглээнээс хасах шаардлагатай өч төчнөөн шалтгаан бий. Өмнө нь дурдсанчлан дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг нийлэг уут дангаар бүрдүүлж байна. Манай улсын хувьд нэг жилд хоёр сая орчим тонн хог хаягдал гардаг гэх албан бус судалгааны тоо баримт бий. Үүнээс дийлэнх хэсгийг буюу 1.4 сая тонн хог хаягдал Улаанбаатар хотоос гардаг ажээ. Эдгээр хог хаягдлын дөрөвний нэг хэсгийг нийлэг уут дангаар эзэлдэг байна.

Нийлэг уут нь хорт хавдрыг үүсгэхэд нөлөө үзүүлдэг аж. Учир нь олон жижиг хэсэг болж, далай, ус, газрын хөрсөнд нэвчиж, хоол хүнсэнд нөлөөлснөөр хорт хавдар тэргүүтэй өвчний эх үүсвэр болдог байна. Хорт хавдрын эрсдэлийн үнэлгээний олон улсын агентлаг нийлэг уутны найрлага хамар, залгиурын хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй бодистой болохыг нотолсон байдаг.

Манай улсын хувьд нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт хорт хавдар ордог ажээ. Мөн жилд дунджаар 6700 гаруй хортой хавдрыг шинээр бүртгэдэг байна. Тиймээс бидний хоол хүнс, хөрсөнд нөлөөлдөг нийлэг уутыг хэрэглээндээ багасгахыг уриалж байгаа юм.

Нийлэг уут нь бүр мөсөн устах хүртлээ байгальд 1000 жил оршдог байна. Тиймээс гялгар уутыг шатаах хүмүүс бий. Ингэснээр хөрсний бохирдлоос сэргийлэх боломжтой хэмээн боддог ч үгүй юм. Нийлэг уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэхээс гадна авто машины дугуй шатсантай тэнцэх хэмжээний хар тугалга ялгаруулдаг ажээ.

Мөн гэдэсний савханцар, сальмоннеллёз буюу хоолны хордлого хэлбэрээр үрэвсэл үүсгэдэг нянгийн гаралтай гэдэсний цочмог өвчин, стафилококк буюу арьс, салст бүрхүүл дээр гарах тууралт хэлбэрийн өвчин /бохирдсон хоол хүнс хэрэглэснээс үүсэлтэй/ зэрэг нян, бактери дамжих суурь болж өгдөг байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас манай улсад хэрэглэж буй нийлэг уутанд хийсэн судалгаагаар химийн 58, хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авсан байдаг. Ингэхэд нян судлалын шинжилгээнд 10 хувийн нянтай, бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарч байжээ.

Мөн хор судлалын шинжилгээгээр 16 дээжинд формальдегидийн хэмжээ их гарч байсан аж. Формальдегид гэдэг нь өнгөггүй, хортой, уусдаг хурц үнэртэй, ус, туйлын уусгагч, спиртэд агуулагдах аюулын нэгдүгээр зэрэгтэй хий юм. Мөн энэхүү бодис нь агаарыг бохирдуулагч гол бодис. Хүний нөхөн үржихүйн эрхтэнд нөлөөлж, үр удамд нөлөөлөх эрсдэлтэй, төв мэдрэлийн системд нөлөөлөх, амьсгалыг замыг цочроох гэх мэт олон төрлийн эрсдэл бүхий хорт бодис ажээ.

Монгол хүний дундаж наслалт 65 байдаг. Гэтэл бидний хаясан гялгар уут 500-гаас дээш жил хөрс, ус, агаарыг бохирдуулж байна. Энэ нь бидний хаясан гялгар уут байгальд шингэх хугацаандаа таны 8-9 үеийг хордуулдаг гэсэн үг. Бид нэг л өдөр нийлэг уутыг хэрэглээнээсээ хасаж чадахгүй. Гэвч хүмүүс ухамсартайгаар нийлэг уутны хэрэглээгээ багасгах нь түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх нэгэн арга зам юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(49.97.102.13) 2022 оны 03 сарын 15

Mgl ard tumen hun bur uhamsaraa naad gilgar uutn.s tatgalzaj uz⁉️ bugd davuug.r uut hiij huvdaa avj yav yadaj ard tumen mine amdarj bga orchind b aigal ornoo hun bur hamgaathgai ulsd turgen hamaagui Ard tumnii hun buriin uhamsiin asuudal busd orond gyalgar uutnaas tatgalzaj hun uurtu taarsan huviin daavuun uuttai yavdag bolson bid gesen dor burnee hariuthlaga\naa medej hecheebel chadah asuudal bailgaj ornoo hamgaalah hereggui

0  |  0
Top