Донецк, Луганскийн оршин суугчдыг Орос руу нүүлгэн шилжүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Украины Донецк, Луганскийн оршин суугчдыг Оросын Воронеж муж руу нүүлгэн шилжүүлж байна. Өнгөрсөн ням гарагт эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр насны эрэгтэйчүүд зэрэг нэг мянга орчим дүрвэгчтэй хоёр дахь галт тэрэг Воронеж ирсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны Воронеж мужийг хариуцсан ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Сергей Хреновын мэдээлснээр, нүүлгэн шилжүүлсэн хүмүүс дунд асрамжийн газруудын 113 хүүхэд байна. Дүрвэгсдийг тус мужийн 14 түр байранд байрлуулж байгаа аж.

Энэ сарын 20-ны өглөө Донецк, Луганскийн  910 оршин суугч бүхий анхны галт тэрэг иржээ.

Оросын Воронеж мужид нийт 4.5 мянган хүн байрлуулах 42 түр орогнох цэг байгуулаад байна. Донбассын оршин суугчдын нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан Воронеж мужид онц байдал зарлажээ. Ингэснээр тус мужийн амбан захирагч нөөц хөрөнгөөс дүрвэгсдийг шаардлагатай хүнс, эрүүл ахуйн хэрэгсэл, коронавирусний оношлуур зэрэг бүхий л шаардлагатай хэрэгслээр шуурхай хангах боломж бүрджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Донбассын 950 мянга орчим оршин суугч ОХУ-ын иргэншил хүссэн өргөдөл ирүүлжээ. Тэдний 770 мянга орчимд нь ОХУ-ын иргэншил олгоод байна.

Энэ сарын 15-ны байдлаар, ОХУ-ын 775620 иргэн Донецк, Луганскийн нутаг дэвсгэрт амьдарч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top