Жолооч нарын зовлон дээр авлига цэцэглүүлж байна гэв

2021 оны 10 сарын 08

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх суурьшлын бүсийг “Ногоон бүс” хэмээн зарласан цаг саяхан. Хоёр сарын өмнө ийн зарлаж Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэлсэн. Гэвч жолооч нар хилээр гарахын тулд зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой болсон нь тээвэрлэгч компаниудад томоохон асуудал үүсгэжээ. Жолооч нарыг хилийн наана ПСР шинжилгээнд хамруулсны дараагаар Хятад улсын талд ч шинжилгээнд оруулдаг байна. Хоёр талын шинжилгээний хариу хоёул сөрөг гарсан нөхцөлд хил нэвтэрч, нүүрсээ тээвэрлэх зөвшөөрлийг өгдөг аж. Гэсэн ч тухайн шинжилгээний сорьц хоёр талд хоёр өөр хариу гардаг байна. Энэ талаар “Баян зам тээвэрчдийн холбоо”-ноос өчигдөр /2021.10.07/ “Лагшан” төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Цагаан хад “Ногоон бүс”-д тээвэр хийдэг жолооч Ц.Цээеэ “Миний шинжилгээний хариу Хятад улсын талд эерэг гарсан хэрнээ Монгол Улсын талд сөрөг гарсан. Шинжилгээний хариу зөрүүтэй байна. Үүнээс болж зөвхөн би гэлтгүй 39 хүн хохирлоо. Миний хариу эерэг гарснаас болж бусад 39 хүн Цагаан хадаас хөөгдөж гарсан. Улмаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд жуулчны баазад 28 хоног тусгаарлахаар болсон юм. Надаас болж тэдгээр хүмүүсээс гадна ар гэр нь ч хохироод үлдлээ. Улаанбаатар хотод ирээд хоёр ч  газар ПСР шинжилгээ өгсөн нь сөрөг гарсан” гэв.

 

Тусгаарлалтын байрны өртөг өссөөр байна

 

Улаанбаатар хотоос тээврийн жолооч нарыг Өмнөговь аймагт хүргэдэг байна. Тусгайлан заасан газарт 14 хоног тусгаарлан шинжилгээ өгч, улмаар “Цагаан хад”-аваачдаг аж. Уг 14 хоногийн тусгаарлалтад Онцгой комиссоос анх нэг жолоочоос гарах зардлыг хоногийн 70 мянган төгрөгөөр тооцоолжээ. Гэвч хоёр хоногийн дараа уг зардал Ханбогд суманд 88 мянга, Цогтцэций суманд 110-137 мянган төгрөг болж өссөн байна. “Цагаан хад”-д бөмбөлөг гэх зүйлд жолоочдыг байршуулдаг аж. Бөмбөлөг гэдэг нь хаашаа ч гарахгүйгээр тухайн газарт хооллож, ундалж, тусгаарлагдах битүүмжилсэн орчин бүхий байгууламж юм. Дотроо 35-40 хүн хамт амьдардаг. Одоогийн байдлаар тус газарт 150 бөмбөлөг үүсгэж, 3,500 орчим жолооч байгаа аж. Бөмбөлгийн хотхонд нэг орыг сарын 1.8 сая төгрөгөөр түрээсэлдэг байна. Харин өнөөдрийн байдлаар Даланзадгад, Цогтцэций, Ханбогд зэрэг сумдад 1500 орчим жолооч бөмбөлөгт орохоо хүлээж байгаа аж. Гэсэн ч жолоочдын нэгнээс дотооддоо өгсөн шинжилгээний хариу эерэг болон сул эерэг гарсан нөхцөлд нэг бөмбөлөгт хамт байгаа бүх жолооч Цагаан хаднаас гарч 28 хоног тусгаарлагддаг байна. Энэ нь манай улсын хаана ч байхгүй хамгийн өндөр өртөг бүхий тусгаарлалт болоод байгаа аж.

 

Шинжилгээний хариуг санаатайгаар эерэг гаргаж болзошгүй гэв

 

Тусгаарлалтын горимд хүлээцтэй хандаж болох ч гэсэн сорьцын хариунд итгэхгүй байгаагаа жолооч нар хэллээ. “Цагаан хад”-д гарч буй хамгийн гол зөрчил нь сорьц шинжилгээний хариу дотооддоо ч зөрчилтэй байгаа явдал аж. Тээврийн жолооч Б.Мөнхбат “Аравдугаар сарын 3-нд компанидаа түргэвчилсэн шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тус сарын 4-ний өдөр “Цагаан хад”-д шинжилгээ өгөхөд 5-ны өдрийн өглөө эерэг гэж гарсан юм. Эерэг гарснаа баталгаажуулах гээд компанидаа тус өдөр түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Гэтэл сөрөг гэсэн хариу гарав. Улмаар энэ сарын 5-ны өдөр хот руу буцаж 6-ны өглөө ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн юм л даа. Хариу нь сөрөг гэж гарсан. Ийм учир нь олдохгүй үйл явдал болоод байна” гэлээ.

Үүнээс улбаалж жолооч нар харилцан адилгүй тоогоор нүүрс тээвэрлэж байгаа аж. Тухайлбал, таван удаагийн тээвэрлэлтийг нэг, дөрвөн удаагийн тээвэрлэлтийг 72, гурван удаагийн тээвэрлэлтийг 250, хоёр удаагийн тээвэрлэлтийг 1110 жолооч хийжээ. Гэсэн ч цаана нь тээвэрлэлт хийгээгүй хохирч үлдсэн жолоочид бөмбөлгийн гадна хохирсоор байгаа аж. Нэг бөмбөлгөөс эерэг тохиолдол бүртгэгдвэл тэр бөмбөлөг хагарч дараагийн бөмбөлөгт буй жолооч нар тээвэр хийх эрхээ авна. Тиймээс “Санаатайгаар шинжилгээний хариуг эерэг гаргаж, авлигатай холбоотой байж болзошгүй” хэмээн жолооч нар хардаж байгаа аж. Тэд шинжилгээний хариугаа бичгээр авахыг хүссэн ч сорьц шинжих багийн зүгээс өгдөггүй нь асуудлыг улам лавшруулахад хүргэжээ.

 

П.БАЯРХҮҮ: СОРЬЦЫН ХАРИУ АСУУДАЛТАЙ БАЙГАА НЬ ДӨРВӨН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ

“Баянзам тээвэрчдийн холбоо” нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлд тээвэрчдийн эрх ашиг, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, төрийн бодлогод судалгаа шинжилгээ өгөх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү уг асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг хийсэн юм. Тэрбээр “Гашуунсухайт боомтын тээвэр нь манай орны экспортын 40 хувийг дангаараа эзэлдэг. Өдөрт 1000 хүртэлх машин хилээр гардаг байсан. Харин цар тахалтай холбоотойгоор 100-280 машин л гарч байна. ПСР шинжилгээний сорьцны асуудлаас болж өдөрт хил гарах машины тоо багасаад байна. Хамгийн сүүлийн мэдээгээр есөн сая.тонн нүүрсийг хилээр гаргаж чадахгүй байгаа. Надад ирсэн эх сурвалжийн мэдээллээр бөмбөлөг тойрсон маш том авлигын систем явж байна. Дөрвөн байгууллага үүнд хамааралтай гэж сэрдэж байна. Үүнд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн үндэсний төв болон Хилийн боомтын зөвлөл багтана. Тэдний хэн нь ч уг асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа. Хохирч буй жолооч нарын гомдлыг барагдуулах эзэн алга. Бүгд нэгэн рүүгээ л чичлээд байна. Харин сорьцын хувьд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас өгдөг юм билээ. Гэтэл бүх сорьц эерэг байх боломж байх уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын тээврийн ажлыг дэмжиж ажиллана гэж хэлсэн. Гэтэл энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Асуудал томрох тусам экспорт нэмэгдэхгүй. Энэ нь манай улсын эдийн засагт нөлөөлнө. Яагаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм том асуудлыг нүдээ аниад өнгөрөөж байна вэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top