У.Хүрэлсүх: ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой алс дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно

Ж.Баяр | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. ОХУ-ын “Их Евразийн түншлэл” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна. Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно” гэжээ.

Мөн тэрбээр “Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна. Гадаад худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах, манай улсаас бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцох оролцоонд ийм төрлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж байна. Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдахыг хүсэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байна. Тухайлбал, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн Техник, эдийн засгийн үнэлгээний ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно.

Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын энэхүү газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логисткийн сүлжээ, ачаа тээврийн  урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Цаашид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна. Эдгээр бүс нутгийн болон үндэсний хэмжээний, үр ашигтай, ирээдүйтэй, хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байна” гэсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын Якутад гарсан гал түймрийн Улаанбаатар хотод төдийгүй Хойд мөсөн далай хүртэл тархаж, Монгол Улсаас дэгдсэн шороон шуурга Хятад, Япон, Солонгос төдийгүй Номхон далайн ай сав газарт хүрч байгааг дурдаад нийтээрээ байгаль, экологийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриалжээ. Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх явдал чухал байна. Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах,  манай улсад усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетийн хувьсал зэрэг олон хүчин зүйлс мал, амьтнаас хүнд халдварлах шинэ болон сэргэж байгаа халдварын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Хил дамнасан халдварт өвчний аюул занал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд нэн тэргүүнд мэдээлэл шуурхай солилцох механизмыг боловсронгуй болгох, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нь ирээдүйн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4321(59.153.113.159) 2021 оны 09 сарын 06

Бүтэхгүй энэ одоо наад попролоо болиоч ээ

0  |  0
Top