М.Анхцэцэг: Эх орон, ард түмэн минь надад ИТГЭЛ, УРМЫГ эн тэнцүү өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

"Токио 2020" зуны олимпын наадмын хүндийг өргөлтийн -87 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. 

Манай тамирчин эхлээд огцом өргөлтөд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм. Ингээд гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгосон. Улмаар түлхэлттэй өргөлтөд эхлээд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн өргөлтдөө 145 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсноор хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан юм. 

Тэрбээр тэмцээний дараа "Дөрвөн жилийн өмнө 18 настайдаа олимпод оролцож байсан Анхцэцэг, одоо байгаа Анхцэцэг хоёр тэс өөр. Би 3 жилийн өмнө ээж болсон. Цаашид хичээж, олимпын алтан медаль хүртэж, ард түмэндээ бэлэг барина. Дэмжиж, тусласан бүх хүмүүстээ баярлалаа" гэхчлэн сэтгэгдлээ хуваалцсаныг дэлгэрэнгүйгээр хүргэе. 
 


 

БИ ХЭДИЙ АЙЛЫН ГЭРГИЙ БОЛСОН Ч ЭХНЭР ХҮН ШИГ ҮРГЭЛЖ ГЭРТЭЭ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ...
НАМАЙГ ОЙЛГОЖ, ХАЙРЛАДАГ ХАНЬДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА

 

-Одоо л нэг сэтгэл тайвширч байна. Цар тахалтай энэ хэцүү цаг үед зохион байгуулж байгаа олимп маш өндөр түвшинд болж байна. Тамирчид бүгд карентинд бэлтгэлээ хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрт бүгд адилхан гэртээ, гараашид гээд байж болох бүх боломжийг ашиглан бэлтгэлээ хийлээ. Миний хувьд олимпод илүү том зорилготой ирсэн. Медальд хүрч чадаагүй ч надад хамгийн сайхан санагдсан зүйл нь ард түмэн, монголчууд, монгол хүн бүрийн хандлага байлаа. Эх орон, ард түмэн минь надад итгэл, урмыг эн тэнцүү өглөө. 

Би медальгүй үлдсэн гээд уйлмаар байвч надад зориулсан энэ их урам илүү өндөр амжилтад хөтөлж, Парисын олимпод төрийн дууллаа эгшиглүүлэх хэмжээлшгүй их хүч болж байна. Ингэж дэмжиж байгаад маш их баярлалаа.

Мэдээж үзэгч байхгүй бол спорт байхгүй, дэмжлэг байхгүй бол бас тамирчид амжилтад хүрэхгүй. Нэг тамирчны ард маш олон хүний дэмжлэг байдаг.

Намайг төрөхөд эх барьж авсан эмчээс эхлээд замд таараад өнгөрөхдөө ямар нэгэн урмын үг хэлсэн хүн болгон энэ амжилтад  хүрэх нэг шат, гишгүүр болж байдаг. Бага ангийн болон цэцэрлэгийн багш нар гээд тэр бүх хүмүүс өнөөдөр миний бүтээсэн би гэдэг хүний нэг нэг шат, гишгүүр, хүч болдог гэж би боддог. 

Хамгийн түрүүнд энэ биеийг минь хорвоо дэлхийд авчирсан аав, ээждээ болон үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ хамгийн хайртай.

Миний өнөөдрийн амжилтыг бүтээсэн Ц.Хосбаяр багшдаа маш их баярлалаа. Өөрийнхөө хүүхэд шигээ хайрлаж өсгөсөн, багш маань. Анх 13 настайдаа багш дээрээ ирсэн. Мэдээж аав, ээж минь үргэлж дэргэд байдаг ч бид тамирчид учраас байнгын гэрээсээ хол байрлана, байнгын бэлтгэл, сургуулилттай байна. Жирэмсэн болсон, амаржсан гээд нэг жилийн хугацааг эс тооцвол сүүлийн долоон жил би багштайгаа хамт байсан. Энэ бүх хугацаанд намайг хамгийн их мэдэрч, хэн хүнээс илүү ойлгож ирсэн таньдаа баярлалаа. Охин нь заавал олимпын аварга болж, таныхаа зорилгыг үргэлжлүүлж, Тавхайн Самбуу багшийнхаа хүслийг үргэлжлүүлж, хүндийг өргөлтийн спортоор олон жил хичээллэсэн үе үеийн бүх тамирчдынхаа итгэл, найдварыг биелүүлнэ

Ё.Цэрэнням багшдаа, Чука багшдаа, тэнгэрт байгаа Б.Гансүх багшдаа, багш нартаа бүгдэд нь баярлалаа. Арван жилийнхээ Батцэцэг багш руугаа залгаж, заавал тухтай ярина. Манай дунд сургуулийн бүх багш нар өнөөдрийн би болж төлөвшиж байгаа намайг бүтээлцсэн.

Би хэдий айлын гэргий болсон ч эхнэр хүн шиг үргэлж гэртээ байж үзээгүй шахуу. Спортдоо амжилт гаргахын тулд бид яах аргагүй гэр бүлийн амьдралаа хойш тавих шаардлагатай болдог. Намайг ойлгож, хайрлаж, үргэлж хамт байсаар ирсэн ханьдаа маш их баярлалаа, хайртай шүү. Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын хүндийг өргөлтийн холбоо гээд тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. МҮОХ-ны нийт хамт олондоо маш их баярлалаа.
 


Би хамт бэлтгэл хийдэг охидоо бэлтгэл хангагч гэж ярих дургүй. Бэлтгэл хангагч гэхээсээ илүү бид яг нэг хүн шиг нэг хамт олон байсаар ирсэн. Тиймээс үндэсний шигшээ багийнхандаа маш их баярлалаа. Та нар байгаагүй бол өнөөдөр би олимпод ирэхгүй.

Нэг зүйлийг залруулахад, манай хүү дөрвөн сартай биш одоо 10 сард гурван нас хүрнэ. Дөрвөн сартай байх үед нь олимпын эрх цуглуулах анхны тэмцээндээ оролцож эхэлсэн юм. Миний хувьд олимпын оноо цуглуулах шаардлагатай байсан гурван жилийн хугацаанд хамгийн хэцүү өнгөрсөн үе нь энэ оны тав, зургаадугаар сар байсан. Учир нь эхний тэмцээнүүддээ нялх биетэй оролцсон учир тэмцээний оноо бага байсан. Бусад бүх тэмцээндээ сайн орсон байсан ч эхний тэмцээний оноонууд нэлээд хойш дарсан. Миний олимпод орох эрх үүсэхгүй байх ч магадлал үүсэж болохоор байсан тул энэ үед маш их хямарсан. Гэхдээ тэр бүхнийг даваад, олимпын эрхээ аваад, эх орныхоо нэрийг олимпын тэнгэр дор дуудуулж яваадаа өнөөдөр баяртай байна. 

Олимпын тосгонд улсаа төлөөлөн Монгол Улсын төрийн далбааг дэлхий дахинд таниулах гэж ирсэн 43 тамирчин маань бүгд маш их хөдөлмөр, сэтгэл, бэлтгэлээ зориулж байж, олимпын эрхийг авсан юм шүү. 

Зарим спортын төрлүүд дээр зөвхөн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байж эрхээ авдаг. Манай монгол тамирчид тэдгээр тэмцээнд оролцож чадаагүй төрлүүд ч бий. Олимпод орох эрхээ авч чадаагүй олон мундаг тамирчид гэртээ үлдсэн. Тиймээс эх орноо төлөөлөн олимпод оролцох нь тамирчдын хувьд бас нэгэн бахархал, үүрэг хариуцлага гэж боддог. 

Медальд хүрч чадаагүй ч гэсэн өнөөдөр ард түмний минь өгч байгаа сэтгэлийн дэм, урам зориг, тэдний эерэг сэтгэгдэл надад маш сайхан мэдрэмж өгч, тайвшруулж чадлаа. 

Өмнө нь зөвхөн тэмцээнээ бодож хариуцлага хүлээдэг байсан бол одоо цар тахлын үед баг, хамт олноо бодох, хамгаалах давхар хариуцлага тамирчдад ирж байна. Би өвдвөл бид өвдөнө. Монголыг төлөөлж олимпод ирсэн 43 тамирчнаас гадна ард ажиллаж байгаа бүх хүмүүс өвчлөх магадлал ихтэй. Тэгвэл бид бүгд тэмцээндээ оролцож чадахгүй, бүгдийг зогсооход хүрнэ.

Токиогийн олимпод оролцох тамирчдын дунд тэтгэлэг зарлаж, бидэнд сар бүр урамшуулал олгодог байсан ОУОХ-нд маш их баярлалаа.

Монголын нийт ард түмэндээ, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж дахин дахин хэлэхийг хүсэж байна. Та нарынхаа ачийг олимпын алтан медалиар хариулахыг улам их зорьж байна. 

Эх сурвалж: "Токио-2020" олимпын наадам дахь Монголын багийн штаб
 




Нэг зүйл тэмдэглэхэд, М.Анхцэцэг олимпын өмнө шилбэндээ гэмтэлтэй байжээ. Энэ талаар түүний нөхөр фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.71) 2021 оны 08 сарын 04

сайн хичээх хэрэгтэй дээ олимп гэдэг зүгээр нэг хүн оролцдог ч уралдаан биш байхаа манай монгол бөхчүүд таимрчид эцсээ хүртэл үзэхгүй зоримог биш шантрах асуудал хүн бүрт харагдлаа үнхээр зорьсон л бол эцсээ хүртэл үзэх хэргтэй дээ

0  |  0
Y(174.248.17.69) 2021 оны 08 сарын 03

Mundag bsan !!!!!!!!!!!!!

0  |  0
Y(174.248.17.69) 2021 оны 08 сарын 03

Mundag bsan !!!!!!!!!!!!!

0  |  0
Mongol busgui (64.119.20.25) 2021 оны 08 сарын 03

Emegtei hun, eej hun, tamirchin em….\nTaniar bi baharhaj bna.\nDaraagiin temtzeend ,, Ta chadna‘‘\nTand itgej bna.

0  |  0
Top