ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй

Ж.Баяр | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл гаргаад байлаа.

Эдгээр хуулийн заалтууд бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүмүүст тавигдах шаардлагыг дурдсан жагсаалт л даа.

Тодруулбал, 2020 тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын 50 нас хүрсэн иргэн нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах тухай заалт ороод байв. Гэвч УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа энэ дээр дурдсан хуулийн заалтуудын алинд ч “Нэг удаа зургаан жилийн хугацаатайгаар сонгогдох” тухай шаардлагыг тусгаж өгөөгүй гэдэг асуудлаар маргаан өрнүүлсэн хэрэг. Уг асуудал Цэц дээр гурван сар орчмын хугацаанд маргаан дагуулж өнгөрсөн баасан гарагт Дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн юм. Улмаар Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэжээ.

Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийн дараа Т.Доржханд мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх шийдвэр гарлаа. Энэ бол засаглалын эрх мэдлийн тэнцвэрийг хангах, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх зорилгод нийцсэн шийдвэр юм. Хууль засаглах уу, хувь хүн засаглах уу гэдэг дээр маш том хариулт өглөө. Цэцийн Дунд суудлын хуралдаан гурван цаг 30 минут үргэлжилж, нэлээд халуухан ч боллоо. Мэргэжлийн мэтгэлцээн болсон гэж болно. Үр дүнд нь Цэц УИХ Үндсэн хуулийг зөрчсөн байна, тусгах ёстой заалтыг тусгаагүй байна, үүнийг тусгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Одоо үүнийг УИХ цаашаагаа баталгаажуулах шаардлагатай. Энэ бол ардчиллыг бэхжүүлэхийн төлөө юм. Нийт монголчуудын төлөө зүйл боллоо. Өрсөлдөгчөө дахин ялахын тулд өөртөө эрх мэдлээ төвлөрүүлж авдаг Ерөнхийлөгч зөндөө байлаа. Ц.Элбэгдорж, түүний өмнөх Н.Энхбаяр гээд дурдаж болно. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч маш их эрх мэдлийг өөртөө авсныг бүгд мэдэж байгаа. Тэгээд авсан эрх мэдлээ ашиглаад өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, эрх мэдлээ ашиглаад хэн ч биш болгодог, ял өгдөг, бизнесийг нь булааж авдаг гээд энэ бүхэн чинь бодитой байдал шүү дээ. Дахин цаашдаа ийм хүмүүсийг бид дээрээ залаад явах ёстой юм уу. Би бол тэгж бодохгүй байна. Тийм болохоор хуулиараа засагладаг байя” гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.77.235) 2021 оны 04 сарын 19

ЕК ийг их хурал импичмэнт зарлаж хугацаанаас нь өинө огцруулая.

0  |  0
Z(202.9.46.146) 2021 оны 04 сарын 19

Еөк дахин 2 жил сунаж ажиллана

0  |  0
Top