Б.Бадамцэцэг: Дотоод гоо сайхан эмэгтэй хүнийг илүү ҮЗЭСГЭЛЭНТЭЙ харагдуулдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

“Хэцүү анги” уран сайхны олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонтой анх уулзаж байсан Б.Бадамцэцэг “Miss Mongolia-2010” наадмын тэргүүн байрын шагналыг хүртэж, дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргаж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.  Өдгөө загварын тайзнаас илүү өөрийн мэргэжлийнхээ дагуу шүдний эмчээр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун яваа түүнтэй эмэгтэй хүний дотоод гоо сайхан, гэр бүлийн аз жаргал хийгээд сүүлийн үед тоглосон шинэ бүтээлийн талаар ярилцлаа. 


-Та “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан. Тэр цагаас хойш нийт хэдэн кинонд тоглов. Кинонд тоглосноос хойш хүмүүсийн зүгээс хэр их шүүмжлэл, магтаал ирж байв?

-“Хэцүү анги” кинонд наймдугаар ангийн сурагч байхдаа тоглосон. Анх намайг энэ киноны пробонд багын найз маань бүртгүүлчихсэн байсан. Би найзыгаа шатрын замналд хөтөлсөн. Бие биенээ сайн мэддэг болохоор найз гэдэг амжилтынх нь замд хөтөлдөг юм байна. Найз маань шатрын Их мастер А.Энхтуул. Бид хоёрыг ээжийнхээ гэдсэнд байхаас л ээжүүд маань найзалж, нөхөрлөдөг байсан юм.

Анх кинонд тоглосноос хойш “Валентины захидал”, “Анирлагч”, “Ану хатан”, “Аз жаргалын шок” зэрэг 4-5 кинонд тогложээ. Би их ичимхий хэр нь халдашгүй зарчимч хүүхэд байсан. Хүмүүс сайн, муугаар маш их хэлсэн. Янз бүрийн мэдээллийн хэрэгслээр миний тухай бичсэн нийтлэл дор доромжилсон, бүдүүлгээр дайрсан сэтгэгдлүүд маш их байдаг байсан. Тэр бүхнийг нь уншихгүй байя гэсэн ч уншчихна, уншчихаад уйлна. Өсвөр нас маань тэр бүхнийг дааж гарахад хэтэрхий балчирдаж байжээ. Ээж маань нэг удаа “Чамайг хараасан зүхсэн бүх хүнийг чамд зөвлөгөө өгч байна гэж эергээр бодоод үз” гээд хэлсэн чинь л бүх зүйлийг илүү хөнгөнөөр тусгаж аваад, эмзэглэхээ больчихсон.

-Сэтгэл зүрхээ дагаад жүжигчин болоод явчихмаар үе байсан уу?

-Ээж минь эмч хүн болохоор би багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан. Бас олон хүний шүүмжлэл намайг эмч болох ёстой юм байна гэдэг шийдэлд хүргэсэн. Жүжигчин байх хэцүү юм байна гэдэг бодлыг төрүүлсэн. Багаасаа хүмүүст царай зүс, гадаад үзэмжээрээ элдвээр хэлүүлж өссөн болохоор амьдрах итгэлгүй, өөртөө ч итгэлгүй, урагшаа явах тэмүүлэлгүй болдгийн зовлонг би мэднэ. Тиймээс өөр шигээ мэдрэмж туулсан хүмүүст туслах хүсэл тээж, гоо сайхны мэс засалч болно гэж шийдээд, Нүүр судлалын сургуулийг шүдний их эмч мэргэжлээр төгссөн. Шүд бол хүний гоо сайхны хамгийн анхны тодотгол учраас хүмүүст сэтгэл татам инээмсэглэлийг бэлэглэхийг хүссэн. Мэргэжлээрээ зургаа дахь жилдээ ажиллаж байна даа /Инээмсэглэв/.

-Таныг жил бүр өөрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг гэдгийг багагүй хүмүүс мэддэг болсон.  Ер нь хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хэр байна вэ?

-“Family dent” эмнэлэг маань жил бүр хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг болоод дөрөв дэх жилдээ орж байна. Ноднин 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилсэн. Хүүхдүүдийн шүдний өвчлөл яг үнэндээ коронавируснээс ч илүү аймшигтай  байна. Шүдний өвчинг чимээгүй тахал гэж хэлж болно. Шүдний өвчнөөс болоод хүний биед эргэшгүйгээр маш олон өөрчлөлт гарч, бие эрхтэний тогтолцоог гэмтээж, бүх өвчний суурь болж байдаг. Монгол Улсын хэмжээнд шүдний талаарх мэдлэг боловсрол хүүхдэд байтугай эцэг, эхчүүдэд ч байдаггүй нь тун харамсалтай. Хүүхдийнхээ сүүн шүдийг уначих юм чинь гээд хайхрахгүй орхичихдог. Сүүн шүд гэдэг ясан шүд нь цаашид хэр эрүүл, зөв ургах эсэхийг шийддэг. Сүүн шүдний өвчлөл их байх тусам хүүхдийн биеийн болон оюуны хөгжил хоцрогдолтой байдаг. Төрсөн өдрөөрөө ганцаараа баярлахдаа гол нь биш нийгэмд тустай зүйл хийж, хүүхдүүдийг баярлуулах нь илүү сайхан санагддаг.

ЭМЭГТЭЙ ХҮН УХААН, СЭТГЭЛ ХОЁРОО ӨНГӨЛӨХӨД ДОТООД ГОО САЙХАН НЬ ТОДООС ТОД ГЭРЭЛТДЭГ

-Таныг сайн дурын буяны үйлсэд сэтгэл харамгүй тусалдаг гэж сонссон?

-2004 онд багын найзтайгаа, хоёр ээжтэйгээ “Сэтгэлийн өглөг” нэртэй асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг өгөх үйл ажиллагааг анх зохион байгуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 2010 онд мисс болсныхоо дараа очиход нөгөө хүүхдүүд маань маш том болчихсон, яагаад ийм удаан ирээгүй юм бэ гэж надаас асууж байсан. Тэгээд л би “Энэ хүүхдүүд намайг санадаг юм байна" гэж бодоод ойр ойрхон очдог болсон. Мисс болсноосоо хойш тэр асрамжийн газраас гадна дахиад гурван ч асрамжийн газарт, бас хөгшчүүлийн асрамжийн төв дээр очдог болсон. Хайраар дутсан хүмүүст итгэл, найдварын оч асаах, хайр түгээх гэдэг хамгийн сайхан шүү дээ.

-Та 2010 онд Монголын сайхан бүсгүй шалгаруулах миссийн тэмцээнд түрүүлж эх орноо төлөөлж Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон. Анх энэ тэмцээнд орох болсон түүхээсээ хуваалцаач?

-Би багадаа эршүүд, эв хавгүй маягийн хүүхэд байлаа. Ээж маань чи наад алхаа гишгээгээ цэгцэлж, үе тэнгийнхээ гоё охидтой найзалж үз гээд Ч.Содтуяа багшийн “Азийн модел” агентлагт орж байлаа. Ороод сар ч болоогүй байтал багш маань “Чи миссийн тэмцээнд орж өөрийгөө сориод үз” гээд санал тавьсан. Юу ч бодолгүй орчихсон. Арван жилдээ сургуулийнхаа тайзан дээр гараад үзчихсэн, нүүр хагарчихсан болохоор тайзан дээр сандарч тэвдсэнгүй. “Miss Mongolia” тэмцээнд Т.Батцэцэг дэд байрт, Т.Туяамаа гуравдугаар байрт орчихлоо. Тийм гоё охид байр эзэлчихэж байгаа юм. "Тэргүүн миссээр Бадамцэцэг" гээд зарлахад нь өөрийгөө гэж бодоогүй ажиггүй зогсож байсан чинь "Чи гараач ээ" гээд намайг хэлэхэд нь маш их алмайрч гайхсан. 2010 онд “Miss international” 50 дахь удаагийн тэмцээнд орохоор боллоо. Энэ тэмцээнд өрсөлдөөн маш их байсан болохоор намайг “Инээхээр буйл нь гардаг, махлаг” гэх зэргээр янз бүрээр хэлэх нь бүр ч ихэссэн. Тэр их хэл амыг туулаад туучаад Шанхайг зорьсон доо. 76 орны мисс хуран чуулсан байлаа. Шанхайн буудлын хаалгаар ороод л ийм үзэсгэлэнтэй охид гэж байдаг аа гэж өөрийн эрхгүй ам ангайж байсан. Яг л барби шиг охидууд. Яаж тийм гоё, хөөрхөн байдаг байна аа. Өрөөндөө ороод л тэр их доромжлол, гутаалтыг бодон бодон, энэ гоё охидыг гайхан гайхан би шагнал авахгүй нь тодорхой гээд л уйлж гарлаа. Шагнал авахгүй харихаар хүмүүс намайг илүү их доромжилно, тийм болохоор эндээ цэвэрлэгч болоод үлдсэн минь дээр гээд л уйлж байгаа юм /инээв/.

-Шалгаруулалт нь хэцүү байв уу. Миссийн тэмцээнд орохыг хүссэн охидод таны туршлага хэрэгтэй болов уу?

-Олон улсын миссийн тэмцээн сарын турш үргэлжилсэн. Финал дээр хятад, япон оролцогчдыг хятадууд маш их дэмжиж, хүмүүс зал дүүрэн орилоод л, алга ташаад л маш их дэмжигч ихтэй байсан. Бусад орны оролцогчдыг тайзан дээр гарахаар чив чимээгүй нам гүм, нөгөө олон дэмжигч байхгүй болчихоод байсан учраас цаанаасаа алга ташиж байгаа шум тавьчихдаг байсан. Тэр нь хүртэл сэтгэл зүйд нөлөөлдөг юм билээ. “Mонгол” гэж зарлаад намайг тайз руу гарсан чинь хүмүүс зал дүүрэн орилоод, алга нижигнүүлсэн. Би бүр өөртөө итгэхгүй алмайрч хоцорсон. Гараа даллаад, талархал илэрхийлэн мэндчилж байгаа, тэр үеийн агшинг хадгалсан зураг одоо хүртэл байдаг.

Шагнал гардуулах үйл ажиллагаан дээр тэргүүн миссийн титмийг Венесуелийн бүсгүй тэргүүндээ залсан. Үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй. “Miss active” өргөмжлөлд “Мисс Монголия” гээд зарлахад нь “Mисс Монако” гэж сонсоод алга ташаад зогсож байлаа инээв/. Тэгтэл хамт нэг өрөөнд байдаг байсан Непалийн охин маань “Чамайг дуудаад байна” гээд хашхирсан. Тэр үед бас л өөртөө итгэхгүй, ийш тийш хараад гайхаж байгаа бичлэг байдаг шүү. Дэлхийн 76 орноос наймдугаар байрт орно гэдэг том амжилт. Тэр үед үлгэрийн киноны гол дүрд тоглож байгаа ч юм шиг санагдаад, итгэж өгөхгүй байсан.

-Тэр их баяр хөөрөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Хамгийн түрүүнд ээж рүүгээ утасдаж залгасан. “Ээж ээ, би “Miss active” өргөмжлөл авчихлаа” гээд л догдлоод хэлсэн чинь “Өө, түрүүлээгүй юм уу” гэж үү /инээв/. Тухайн үед оролцож байсан охидоос би 17 настай, хамгийн бага нь байсан. Насанд ч хүрээгүй болохоор насаа нэмээд орчихсон. Тэр үед 20 гарчихсан ч эмэгтэйчүүд орсон байсан. Тэд бол маш олон тэмцээнд ороод үзчихсэн дадлага туршлагатай хүмүүс.

Хүний эх гэдэг үр хүүхдээ хамгийн сайхан нь, хамгийн сайн нь гэж боддог юм билээ. Түрүүлнэ гээд итгээд хүлээж байсан эхийн сэтгэлийн хүчээр би тэрхүү өргөмжлөлийг авсан ч юм билүү. Тухайн үед Монголдоо, миний авсан шагнал хоёрт эрэмблэгдэж байсан. 2004 онд Ч.Содтуяа багш маань шагнал авч байсан.

-Миссийн тэмцээн дээр эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүр, эх орны дахин давтагдашгүй үүх түүх, хувь хүний үзэл бодол гээд олон зүйлийг асуудаг байх. Таны хувьд эдгээр асуултад хэрхэн хариулж байсан бэ?

-Олон улсын тэмцээнд хувь хүний үзэл бодлыг маш их чухалчилж асуудаг юм билээ. “Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг зөвхөн гадаад гоо сайхан биш дотоод гоо сайхан нь хамгийн сайхан. Дотоод гоо сайхнаа илүү өнгөлж, зүлгэж гялалзуулах юм бол эмэгтэй хүн гадаад төрхөөрөө ямар ч харагддаг байлаа гэсэн хамгийн үзэсгэлэнтэй” гэж хариулж байсан. Мөн Монгол Улсын хөгжлийн талаар ярихад тухайн үед дийлэнх хүн нь Монгол гэж мэддэггүй байсан. Өмнө нь оролцож байсан оролцогчид монгол дээлтэй сувинер, монгол гэрийн сувинер авч явж, эх орноо сурталчлан танилцуулж байсан бол би Монголынхоо нийслэлийг илүүтэй танилцуулсан нь зөв сонголт болсон.

-10-аад жилийн өмнөх Бадам­цэцэгийн гоо сайхны хэмжүүр одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Огт өөрчлөгдөөгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүний гоо сайхан нь илүү хүчирхэг, оюун бодлын хувьд, хийж бүтээхүйн цараа хүрээ, хүсэл мөрөөдөл нь ч тэлдэг юм байна. Тэр чигээрээ л гоо сайхан нь гэрэлтэнэ шүү дээ.

-Та хоёр хүүхдийн ээж болсон. Ээж байх нандин мэдрэмжийн талаар хуваалцвал?

-Манай хоёр хүүхдийн том нь дөрвөн настай, бага нь ой зургаан сартай. Ээж болно гэдэг энэ орчлонгийн утга учир, аз жаргал юм байна. Ээж болно гэдэг хүсэл тэмүүлэлтэй байх, нинж зөөлөн байх, хүний төлөө амьдрахын утга учрыг таниулдаг юм байна. Ээж болсноор ээжийгээ илүү ойлгодог юм байна. Ээж минь намайг хүүхэд байхад тариа хийлгэхэд харж чаддаггүй, байсныг,  30 минут тутамд хаа явна гэж залгадаг байсныг нь өөрөө ээж болоод л ойлгож байна. Эмэгтэй хүн энэ хорвоод ээж болох эрхэм нандин үүрэгтэй төрдөг. Энэ нандин мэдрэмж, эх үрийн хүйн холбоог мэдэрч яваагийн хувьд үрсээ эх орондоо сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх л хамгийн чухал юм даа.

-Залуу ээжийн хувьд хүүхдүүддээ юунаас л эхэлж зааж  сургаж байна даа?

-Манай гэр бүл үүрэг хуваарилалтын тал дээр маш тэнцвэртэй ханддаг. Хэн амжиж байгаа нь шаардлагатай зүйлсээ хийж, дор бүрд нь асуудлаа шийдээд, бие биеэ нөхөж, дэмжиж явахыг хичээдэг дээ. Тийм болохоор ядарч, бухимдах зүйл гардаггүй.  Өглөө 07 цагт босоод шүдээ угаахаас амьдрал эхэлнэ дээ. Шүд угаах, өглөөний цай уух хоёрыг зайлшгүй хийх ёстой дадал гэж боддог. Ер нь хүүхдүүд шүдээ угаах дургүй, шүдийг нь угаах гэхээр уйлах хандлага их байдаг шүү дээ. Тиймээс хүүхдээ багаас нь эхлээд өөрөө шүдээ угааж байгаагаа харуулж, тэр нь гоё зүйл гэдгийг мэдрүүлж, дараа нь сойз гэж юу вэ, сойз яагаад хэрэгтэй вэ, шүд угаах гоё зүйл үү, муухай зүйл үү гэдгийг харуулж, гайхуулан тайлбарлаж өгөх хэрэгтэй.

-Хүүхдүүд нь томорч цэцэрлэг, сургуульд орно. Нийгэмд хүүхдээ даатгаад оруулна гэдэг эх хүний хувьд хэр айдастай байдаг вэ. Өөрөөр хэлбэл хүүхэд сурч боловсрох орчин Монголд  хэр байна гэж боддог вэ?

-Хүүхдэд чиглэсэн боловсролыг бүрэн гүйцэд олгож буй нэг хэсэг байгаа, хоцрогдсон системээр явж байгаа нөгөө хэсэг бий. Боловсролын тал дээр сэтгэл хангалуун бус байдаг. Хүүхэд гэдэг цав цагаан цаасан дээр багш нар өөрийнхөө сэтгэмжээр байлгах тухай заагаад байдаг. Гэтэл хүүхэд гэдэг өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэдэг байх ёстой. Хүүхэд өөрийнхөө сэтгээд нар зурлаа, наран дээрээ хөөрхөн хүүхэд тоглуулаад, цэцгийг нь нисгээд зурчихсан байхад багш нь "Үгүй, хэзээ ч наран дээр хүүхэд тоглодоггүй, хэзээ ч цэцэг нисдэггүй" гэсэн баригдмал сэтгэлгээгээр хайрцаглаад байдаг. Ийм сургалтын тогтолцоонд хүүхэд задгай сэтгэхээ больчихдог. Нэг хайрцагт орчихсон хүүхэд хөгжих чадваргүй болдог. Европ сэтгэлгээгээр хүүхдийн унаган мөн чанарыг нь хөгжүүлээд явбал илүү хөгжиж амжилтанд хүрдэг гэж боддог. Шинэ үеийнхэн буюу “Z” үеийнхэн бидний үеийнхнээс хавьгүй илүү өөр сэтгэхүйтэй болжээ. Тиймээс хуучны “Орос школоор” явах нь ч тохиромжгүй болж байгаа юм.

-Сүүлийн үед ямар ажил амжуулж бай­на даа. Кино, шинэ уран бүтээлийн урилга ирж байна уу?

-Киноны урилга гэхээсээ илүү нийгэмд өгөөжтэй зүйлд цаг заваа зарцуулж байгаа. Жишээ нь, түүхэн сэдэвт дэлгэцийн шоу нэвтрүүлэгт анх удаа орж үзлээ.

Шоу маань гуравдугаар сарын 18-нд буюу Цэргийн баяраар цацагдаж эхэлнэ. Тайзан дээр жүжиглэнэ гэдэг надад маш том сорилт болж байна. Бас айдас төрүүлэх хэр нь амьдралын аз жаргалтай мөч минь болж өнгөрлөө.

Бид Сүхбаатар жанжин, Бодоо, Данзан гээд түүхэн хэдхэн хүмүүсээ мэддэг юм байна. Гэтэл түүхэнд маш олон хүн Тусгаар тогтнолын төлөө сэтгэл зүрхээ зориулж байжээ гэдгийг энэ шоунд оролцох явцдаа мэдэж авлаа. Түүхээ хайрлах, улам их уншиж, судлах ёстой юм байна гэсэн бодол төрж үлдсэн. Өнөөдөр бидний тайван амгалан, халуун бүлээрээ ийм жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэх гэж өвөг дээдэс минь амь биеэ үл хайрлан тэмцжээ. Тэд ямар их зориг, тэвчээр гаргаж байсан талаар уншиж судлан, дүрдээ бэлдэх бүртээ бахархаж байлаа. Түүхэнд хэн нэгэн муу нэрээр үлдсэн ч үнэн хэрэгтээ түүхийн золиос болсныг мэдэрч ойлгох нь хүртэл шүүрс алдмаар санагдаж байлаа. Түүхээ мэдээд ирэхээр илүү их эх оронч болдог юм байна. Эх орныхоо төлөө эгэл жирийн ардаас эхлээд эхчүүд, эмэгтэйчүүд ч үүрэг гүйцэтгэж явжээ гэдгийг мэдрэх тусам огшоод л байсан. Энэ бүтээлийн багт хамтарч ажилласандаа маш их баяртай байгаа. Шоу нэвтрүүлгээ дэлгэцэнд гарахыг сэтгэл догдлон хүлээж байна. 
 


-Монголынхоо эмэгтэй­чүүдийн талаар та юу гэж боддог вэ. Ажиглаад байхад амьдралын хамаг л ачааг нуруун дээрээ үүрч яваа хүчирхэг эмэгтэйчүүд их олон болсон шиг?

-Тантай санал нийлж байна. Гэхдээ бүгд тийм биш  л дээ. Нийтлэг дутагдал нь  залуучууд жаахан залхуудуу болоод байна уу даа.  Шууд л албан тушаалд хүрэх хүсэл сонирхолтой болсон юм шиг санагддаг. Би эмэгтэй хүмүүсээ бусдаас илүү боловсрол эзэмшээд, нийгэмд манлайлж яваад нь маш их бахархдаг. Бас монгол ёс заншилдаа хавчигдаад монгол эмэгтэй хүн гэртээ хүүхдээ хараад сууж байх ёстой гэсэн бодлын эсрэг байдаг. Дуртай зүйлээ хийгээд явахад өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, өөрийгөө таниулах боломж их гардаг юм шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
Top