Италид шинэ жилээр шалтгаангүй гарвал 400-1000 еврогоор торгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Италид шинэ жилийн үеэр хөл хорионы олон арга хэмжээ авч, хорио тогтоосон дөрвөн өдрийн турш гэрээсээ ямар ч шалтгаангүй гарсан тохиолдолд 400-1000 еврогоор торгох гэнэ.

Энэ сарын 31-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд ажил, эрүүл мэнд, зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарах хориотой. Хүнсний дэлгүүр, эмийн сан, сонингийн мухлаг нээлттэй.

Нэгдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд муж хооронд зорчих хөдөлгөөн хориотой, зөвхөн ажил хэргийн шугамаар, яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ авах болон гэртээ харих тохиолдолд зорчих эрх олгоно гэж журамд өгүүлжээ.

 

Италийн Засгийн газраас зул сар, шинэ жилийн баярын өдрүүдээр мөн эдгээр хориг арга хэмжээг мөрдөхөөр тогтоожээ. Үүнд:

 

12 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд

- Муж хооронд зорчих хөдөлгөөн зогсоно. Зөвхөн ажил хэргийн шугамаар, яаралтай эрүүл мэндийн үйлчилгээ авах болон гэртээ харих тохиолдолд зорчих эрх олгоно.

- 22:00-05:00 цагийн хооронд гэрээсээ гарах хориотой.

- Дэлгүүр, үсчин нээлттэй, ресторан үдийн хоолоор үйлчилнэ, бар 18:00 цаг хүртэл ажиллана.

12 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд

- Дэлгүүр, бар, ресторан хаалттай,

- Хүнсний дэлгүүр, эмийн сан, номын дэлгүүр цагийн хуваарийн дагуу ажиллана.

- Өөрийн амьдарч буй хот дотор зөвхөн ажил, эрүүл мэнд, зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй.

- Гэртээ дээд тал нь хоёр зочин хүлээн авах боломжтой.

- Агаарт биеийн тамираар хичээллэхээр гарч болно.

12 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд

- 12 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд мөрдөх хориг арга хэмжээ хэрэгжинэ.

 

Top