Францын Тэргүүн хатагтайн шинжилгээний хариу сөрөг гарав

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусний халдвараар өвчилсөн билээ. Тэрбээр өөрийгөө тусгаарлаж, ажил хэргээ зайнаас явуулж байгаа юм. Макронд ханиалгах, толгой өвдөх, сульдах шинж тэмдгүүд илэрсэн байна. Тэгвэл түүний эхнэр Брижит Макроны ковидын шинжилгээний хариу одоогоор сөрөг гарч байгаа гэнэ.

Францын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Брижит мөн өөрийгөө тусгаарлан ажиглаж байгаа юм. Францын Тэргүүн хатагтай хурлуудад цахимаар оролцож байгаа аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Twitter” хуудсаараа дамжуулан бие нь сайн байгаа талаар ард түмэндээ мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Макрон ковидоор өвчилсөн талаарх мэдээг түгшин хүлээж авснаа хэлээд, Францын Ерөнхийлөгчид хурдан эдгэрч, олон жил эрүүл энх байхыг ерөөжээ.

Макронтой энэ сарын 16-нд үдийн зоог барьсан Португалийн Ерөнхий сайд Антониу Кошта өөрийгөө тусгаарлан, бүх уулзалтаа цуцалсан байна.

 

Top