Алтанбулаг, Сүхбаатар сумын хатуу хөл хориог энэ сарын 24 хүртэл сунгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил ээлжит мэдээлэл хийлээ.


12 дугаар сарын 08-нд аймгийн эрүүл буюу вирусын тохиолдол бүртгэгдээгүй 14 сумаас нийт 808 иргэн Улаанбаатар хот болоод бусад орон нутагт зорчихоор хөдөлгөөнд оролцсон байна.

Вирусын тохиолдлын тоо 3-аар нэмэгдэж 207 боллоо. Эдгээр 3 тохиолдол Сүхбаатар сумын 1-р багт 6, 13 настай нэг айлын хүүхдүүд мөн 4-р багт 1 эмэгтэй бүртгэгдлээ. Тус иргэд өмнөх тохиолдлын ойрын хавьтал байна.

Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталын 132 иргэнд шинжилгээ хийхэд 129 иргэний хариу сөрөг гарлаа. Дээрх 3 иргэний хариу эерэг гарсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 12 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн байна.

Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорионы дэглэмийг Алтанбулаг, Сүхбаатар суманд 12 дугаар сарын 24-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.

Алтанбулаг, Сүхбаатар сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнд иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрсдийнхөө боломж, бололцоогоор шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо. Ялангуяа түлээ, нүүрсийг айл өрхүүддээ тэгш хүртээмжтэйгээр хэн нэгэнд давуу байдал үүсгэлгүйгээр хүргэх, иргэдийг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр тасалдуулахгүй байхад онцгой анхаарууллаа.

Аймгийн хэмжээнд 13 тусгаарлалтын байранд 163 иргэн байна.

Ковид-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 18872, бусад сумдад 16224 иргэнийг хамрууллаа.

Шаамар зургаа, Ерөө, Хушаат, Жавхлант, Сайхан, Баруунбүрэн, Мандал, Баянгол сумдад бүсчилсэн түргэвчилсэн шинжилгээний цэгүүд ажиллаж байна. Иргэд өөрийн харьяа орон нутгийн цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж зорчих хөдөлгөөнд оролцоно.

Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 7 галт тэрэгний 290 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд 5 галт тэрэг 267 вагон, 10 ажилтныг нэвтрүүллээ.

“Алтанбулаг” боомтоор Улсын Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн улсын хилээр орох чиглэлд 1, гарах чиглэлд ОХУ-ын 6 иргэнийг явганаар нэвтрүүллээ.

Сүхбаатар суманд давтан ариутгалыг УБТЗ-ын Сүхбаатар өртөө, ачаа тээврийн цех, вокзал, өртөөний байрууд, УБТЗ-ын 1-р ангийн Сүхбаатар замын хэсэг, Төмөр замын ПТО, Сүхбаатар, Мандал сумдын түргэвчилсэн болон суурин оношилогооны цэгүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна.

Улс, аймаг, сумынхаа Онцгой комиссын шийдвэрүүдийг дагаж мөрдөн, аюулт цар тахлаас өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалах хамгийн найдвартай арга маскаа тогтмол зүүж, хүн хоорондын зайг баримтлах, аль болох гэртээ байх юм шүү иргэд ээ.

Аюулт вирусыг устгах, тархалт халдварыг таслан зогсоох тэргүүн эгнээнд төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байж 24 цагаар өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаа хяналт шалгалт, харуул хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлт, шинжилгээ, судалгааны багийнхан, төрийн албан хаагчиддаа нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Top