Иран зэвсэг худалдан авах эрхтэй болов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Иранд энгийн зэвсэг нийлүүлэх, худалдан авах хоригийн хугацаа өнгөрсөн ням гарагт /2020.10.18/ дуусгавар болжээ. Таван жилийн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах Үйл ажиллагааны иж бүрэн хамтарсан төлөвлөгөө болон энэхүү төлөвлөгөөг дэмжсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231 тогтоол хүчин төгөлдөр болж, дээрх хязгаарлалтын хугацааг тогтоож байв.

Үүнээс өмнө зөвхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлтэй Иранд шууд болон шууд бусаар цэргийн танк, хуягт машин, том калибрын их бууны систем, цэргийн онгоц, нисдэг тэрэг, усан онгоц, пуужин болон пуужингийн системийг нийлүүлэх, худалдах, шилжүүлэх боломжтой байжээ.

Тегеран 2018 онд АНУ гарснаас хойш Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээг хадгалж үлдэхэд чухал хувь нэмэр оруулсан улс орнуудаас зэвсэг худалдан авах сонирхлоо илэрхийлээд байна.

АНУ сүүлийн хэдэн сар Ираны эсрэг тавьсан зэвсгийн хоригийг цуцлахын эсрэг идэвхтэй байр сууриа илэрхийлж байсан билээ. Энэ хүрээнд тус улс өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хоригийн хугацааг сунгах асуудал оруулсан ч шаардлагатай санал авч чадаагүй. Их Британи, Франц, Герман зэрэг улс АНУ-ын байр суурийг дэмжиж байсан ч хоригийг сунгаснаар Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээ дуусгавар болох эрсдэлтэй байсан тул түдгэлзсэн юм. Зэвсгийн хоригийг сунгасан тохиолдолд Иран тус гэрээнээс гарна гэж анхааруулж байсан билээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп есдүгээр сарын 21-нд Иранд цөмийн технологи, баллистик пуужингийн технологи болон энгийн зэвсэг нийлүүлэхэд оролцсон этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top