Хөнгөн гурван жинд ДАГЕСТАНУУД АВАРГАЛАВ

2020 оны 10 сарын 17

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2020 оны ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2020.10.16/ Наро-Фоминск хотын “Магат” спортын ордонд эхэллээ.

Оросын аварга өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Буриадын Улаан-Үдэд болох ёстой байсан ч коронавирусийн улмаас цуцлагдсан. Улмаар есдүгээр сард Москвад тогтсон ч эцэс сүүлдээ Наро-Фоминскт зохион байгуулагдаж байна.

Эхний өдөр 57, 61, 65 кг-ын жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болсон. Хөнгөн гурван жинд Дагестаны бөхчүүд түрүүллээ. Өнөөдөр 70, 74, 79кг-ын жингийн барилдаан болно.

Эхний өдрийн жин тус бүрийн тойм мэдээллийг хүргэе.

57 кг: Дэлхийн хошой аварга Завур Угуев гурав дахь (2017, 2018, 2020 он) удаагаа Оросын аварга боллоо. Тэрбээр Якутын Петер Константинов, Алексей Копылов, Чечений Муслим Садулаевыг тус бүр оноогоор цэвэр (10:0), шигшээд 2020 оны Европын аварга Хойд Осетийн Азамат Тускаевыг сүүлийн оноогоор буюу 1:1-ээр ялсан. Угуев Токиогийн олимпийн дараа жин өгсөхөө мэдэгдсэн. Энэ жинд 2019 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Муслим Садулаев болон Дагестаны Ахмед Идрисов нар хүрэл медаль зүүв.

Өнгөрсөн жилийн Оросын аварга Рамиз Гамзатов хагас шигшэнд Тускаевт оноогоор цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Идрисовт 1:3-аар дийлдэж медальгүй хоцров.

61 кг: Европын наадам болон Европын аварга, ОХУ-ын гурван удаагийн аварга Буриадын Александр Богомоев, сүүлийн хоёр жилийн аварга Магомедрасул Идрисов нар өнжжээ. Тэднийг эзэд өнгөрсөн жилийн мөнгөн медальт Дагестаны Рамазан Ферзалиев үүнийг ашиглах боломж гарсан ч шигшээ барилдаанд нутгийн Абасгажи Магомедовт 7:9-өөр ялагдлаа. Иван Ярыгиний мөнгөтэй даруухан амжилттай Магомедов Оросуудын өндөр амжилт үзүүлдэг уг жинд анх удаагаа түрүүлэв.

65 кг: Хамгийн анхаарал татсан жин. Сослан Рамонов, Гажимурад Рашидов, Бекхан Гойгереев, Алан Гогаев, Ахмед Чакаев гээд бидний сайн мэдэх олон шилдгүүд хүч үзсэн. Энэ жилийн Европын аварга 20 настай Курбан Шираев жин өгссөн бол манайхны эчнээ танил Тувагийн Начын Куулар барилдаагүй. Өнгөрсөн жил жин өгсч 65 кг-д барилдаж дэлхийн аварга болсон Г.Рашидов шигшээд Чакаевыг 2:0-ээр ялж гурав дахиа улсын аваргадаа түрүүлэв.

Олимп, дэлхийн аварга Сослан Рамонов 1/4 шигшээд 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга Дагестаны Загир Шахиевээс ганц оноо салгаж чадалгүй 0:8-ээр ялагдсан. Олимпийн аваргыг "нураасан" түүнийг хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ахмед Чакаев туршлага заан 5:2-оор ялжээ.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН

57 кг (16 бөх):

1. Завур Угуев (Дагестан)

2. Азамат Тускаев (Алания)

3. Ахмед Идрисов (Дагестан), Муслим Садулаев (Чечень)

61 кг (18 бөх):

1. Абагажи Магомедов (Дагестан)

2. Рамазан Ферзалиев (Дагестан)

3. Ибрагим Абдурахманов (Дагестан), Жаргал Дамдинов (Буриад)

65 кг (22 бөх):

1. Гажимурад Рашидов (Дагестан)

2. Ахмед Чакаев (Дагестан)

3. Загир Шахиев (Дагестан), Алан Гогаев (Алания)

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top