Орон нутгийн сонгууль “гологдсон улстөрчид”-ийг дарга болгодог талбар биш

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Харьж яваа бөхчүүд шиг “улстөрчид” улс төрийг спорттой, тэр дундаа бөхийн спорттой харьцуулж хэлж болмоор санагдах.

УИХ-ын сонгуульд “өвдөг шороодсон” бөхчүүд орон нутгийн сонгуульд оролцохоор зүтгэх нь аанай л хөгширч, хүч чадалгүй болсон улсын цолтон бөх аймаг, сумын наадмуудад очиж зодоглоод бай шагналыг нь түүгээд байдгийг санагдуулам. Давж л байвал сумын наадам ч байсан яахав гэсэн бодолтой харьж яваа улсын цолтой бөх шиг, ДАРГА Л БОЛЖ БАЙВАЛ ХААНА Ч БАЙСАН ЯАХАВ гэсэн бодолтой улстөрчид олон болжээ.

УИХ-ын сонгуульд ороод ялагсдсан заримыг нам нь түүнд ямар нэг өртэй мэтээр аль нэг газар дарга болгож байгаа нь угтаа буруу жишиг. Улс төрийн сонгуульд ороод ялагдана гэдэг нэгэнт иргэд, ард түмний дэмжлэгийг хүлээж чадахгүй болсон гэсэн.

Хөгжингүй улс орнуудад ийм нөхцөлд ихэнхдээ иргэддээ гологдсон улстөрчид “тэтгэвэртээ гарч”, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, их дээд сургуульд багшлах, бусдад зөвлөх чиглэлээр ажилладаг бол манайд яаж ийгээд дарга болохоор зүтгэдэг. Зарим нэгэнд нь монгол төр ямар өртэй юм бол гэж бодоход хүрмээр нэг байгууллагын даргаас чөлөөлөгдөөд нөгөө байгууллагын дарга болсоор бараг л насан эцэслэтлээ “дарга"-аар ажиллана.

УИХ-ын сонгуульд өрсөлдөөд гишүүн болж чадаагүй ч иргэдэд танигдсан учраас орон нутгийн сонгуульд оролцвол төлөөлөгч болох магадлалтай гэж бодож яваа зарим хүмүүст иргэд сонгогчид та бид орон нутгийн сонгуулиар тэдэнд “ҮГҮЙ” гэж хэлж ойлгуулж өгөх нь зүйтэй юм. Тэгэхгүй бол өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эсвэл гудамжинд орилж байсан нэг нэгэн маргааш танай дүүрэг хорооны дарга болчихсон сууж байхад гайхах хэрэггүй болно. Тэд дарга болох нь маньд ямар хамаатай аж гэхэд таны амьдарч байгаа улс орон, сум дүүрэг, хороо хорины хөгжил бахь байдагаараа үргэлжилнэ гэдгийг санахад илүүдэхгүй биз.

Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодогсдын, иргэдэд гологдсон улс төрчдийн эрх мэдэлд хүрэх гэсэн талбар биш гэдгийг харьсан бөхчүүд шиг улстөрчдөд мэдүүлэх цаг болжээ.

Ц.МӨНХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.95) 2020 оны 09 сарын 01

mash zuv asuudlyg hundsun bn\n

0  |  0
Top