СУРЪЯ, СЭРГИЙЛЬЕ АЯН | Хүүхдийн ДАРХЛААГ хэрхэн дэмжих вэ?

2020 оны 08 сарын 21

СУРЪЯ СЭРГИЙЛЬЕ АЯН - Хүүхдийн дархлаа дэмжих сар

 

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Тиймээс бид багачуудын дархлааны талаар анхан шатны ойлголт өгөхөөр СБД-ийн ЭМТөвийн тэргүүлэх зэргийн хүүхдийн эмч Л.Алтансувдтай ярилцсан зөвлөгөөг хүргэж байна.


-Дархлаа гэж юу вэ. Тэр дундаа бага насны хүүхдийн дархлааны тухай бидэнд мэдээлэл өгнө үү?

-Дархлаа нь заавал бага насны гэлтгүй хүн болгонд байх ёстой. Энэ нь бие организм гадаад орчноос өөрийгөө хамгаалахын тулд дасан зохицох урвалыг хэлж байгаа юм. Аливаа өвчлөлийг үүсгэх нян, бактери, вирус зэрэг нь бие организмд ороход эрхтэн систем өөрийгөө хамгаалж, өвчлөхөөс сэргийлэх тодорхой хэмжээний системтэй үйл ажиллагаа явагдаж, бактерийн эсрэг тэмцэх бодисыг ялгаруулж байдаг. Ялгарсан бодис бактерийг устгаж байдаг дархлааны систем ийм нарийн зохион байгуулалттай юм.

Зориудаар дархлааг сайжруулах үүднээс 0-15 нас хүртэлх хугацаанд хүүхдийн амь насанд маш аюултай А, В хэлбэрийн шар өвчин, саа, сахуу татран, улаан бурхан, улаанууд, гахайн хавдар гэх зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх  вакцин хийдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хийдэг. Ийм дархлаажуулалтын үйл ажиллагаанд хугацаанд нь хамрагдаж байх ёстой бөгөөд үүнд хамрагдсанаар хүүхдийг аливаа халдварт өвчнөөс сэргийлж байна гэсэн үг юм.

-Хүүхдийн дархлаа сулрахад ямар ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

-Хүүхдийн дархлаа буруу хооллолтын үед, тухайлбал нярай хүүхдийг хөхөөр хооллоогүйгээс болж дархлаа нь мууддаг. Эсвэл хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна. Үүнээс гадна гадаад орчин, ахуйн нөхцөл, хүүхдийн асаргаа сувилгаа, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хооллох зэрэг хүүхдэд үзүүлж байгаа янз бүрийн орчны нөхцөл байдал хүүхдийн дархлаанд нөлөөлж байдаг.

-Хүүхдийн дархлаа өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бие организмын дархлаа сул байх нь мэдээж хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлнө. Өвчлөмтгий, дархлаа султай хүүхдийн өсөлт бойжилт бусад хүүхдийг бодвол бие жижигтэй, хөдөлгөөн багатай гэх мэт хоцрогдмол байна.

-Дархлаа суларсан хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Дархлаа султай хүүхэд ерөнхийдөө амархан өвчлөмтгий л байна. Юу л болно хамгийн түрүүнд ханиад хүрнэ, хоолондоо дургүй болно. Мөн багахан зэргийн юманд л харшил өгч, амархан харшламтгай болчихдог. Ер нь гаднаас нь харахад иймэрхүү ерөнхий шинж тэмдгүүд л илэрдэг.

-Бага насны хүүхдийн дасгал хөдөлгөөн, нойр дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Сүүлийн үед хүүхдүүд компьютер, гар утасны  тоглоом их тоглож, зурагт их үздэг болчихсон. Энэ нь хүүхдийг ядаргаанд оруулж, ядаргаанаасаа болоод дархлаа нь сулардаг. Үүнийг эцэг, эхчүүд онцгой анхаарч, зурагт компьютерийн урд суухыг нь хязгаарлаж, цаг нартай байлгах хэрэгтэй. Компьютер, зурагтын оронд гадаа тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах нь илүү тустай юм.

-Хүүхдийн дархлааг дэмжих амин дэм, витамин, эм бэлдмэлийн тухай дурдвал?

-Хүүхдийн биеийн өсөлт хөгжил, нас насанд нь тохирсон бүх комплекс витаминууд байдаг. Ерөнхийдөө 0-1 насны хүүхдэд ихэвчлэн сиропоор, 2-оос дээш насны хүүхдэд голдуу шахмал хэлбэртэй, өдөрт нэг удаа уух хуваарьтайгаар эмийн сангуудад худалдаалдаг. Эдгээрийг авч өгөхөд илүүдэхгүй, гэхдээ мэдээж эмчийн зөвлөгөө зааврыг зааврын дагуу хэрэглэх ёстой.


Монос эмийн сангийн бүх салбараар хүүхдийн дархлаа дэмжих 200 нэр төрлийн бүтээгдэхүүн 5-20% хүртэл хямдрарлаа. Та бүхэн амжиж аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top