Ливанд амиа алдсан хүмүүсийн тоо НЭМЭГДСЭЭР БАЙНА

2020 оны 08 сарын 05

Ливаны нийслэл Бейрут хотод өчигдөр орой /2020.08.04/ дэлбэрэлт болж, 78 хүн амиа алдаж, 4000 хүн шархадсан харамсалтай явдал боллоо. Гэмтэж шархадсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд тэд дэлбэрэлтийн үеэр хот даяар шидэгдсэн чулуунд өртөж гэмтсэн байна. Бейрут хотын боомтын агуулахад хадгалагдаж байсан 2700 тонн аммонийн нитрат дэлбэрсэн нь 4.5 баллын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц байжээ.

Ливаны “LBC international” телевизийн мэдээлснээр дэлбэрэлт гагнуурын ажлын үеэр болсон гэсэн урьдчилсан дүгнэлт байгаа гэнэ. Агуулахын хананд үүссэн ан цав, нүх сүвийг бөглөхөөр гагнуурын ажил хийж байжээ.

Бейрут хотын боомтын агуулахад байсан аммонийн нитратыг 2015 онд Молдавын хөлөг онгоцноос хурааж авсан бөгөөд устгал хийхээр хадгалж байсан аж. Энэхүү бодис нь тэсрэх бодис бөгөөд азотын бордооны найрлагад ордог юм.

Ливаны нийслэлд болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн том үүл, тоос шороо Сирийн Дамаск хотод хүрсэн байна. Дэлбэрэлтийн долгионд цохигдсон олон арван байшин нурж сүйджээ.

Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн цогцос болон сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Ливан улсад дөрөв хоногийн гашуудал зарлажээ. Европын зургаан улс тус улсад хандан эмгэнэл илэрхийлээд байна.

Дэлбэрэлтийн үеэр НҮБ-ын 48 ажилтан болон тэдний гэр бүлийн 27 хүн шархаджээ. Ливаны засаг захиргаа Бейрут хотыг гамшгийн бүс гэж зарлаад байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ее(77.38.148.28) 2020 оны 08 сарын 06

еревдмеер аймаар юм болж.ум мани бадмэ хум\n

0  |  0
Со ах (202.179.27.87) 2020 оны 08 сарын 05

Ливан улсын Бейрут. Энэ улс дефолт зарласан гэж бна лээ. Манайх яадаг юм болдоо.

0  |  0
Top