"Коронавирусний тархалттай олон жилийн турш нүүр тулна"

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт шинээр хоёр оронд КОВИД-19 халдвар бүртгэгдэж, дэлхийн 205 орон халдварлалаа. НҮБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ "Улс орон болгон эв санаагаа нэгтгэвэл цар тахлын ард гарч чадна" хэмээн хэлсэн. 

Дэлхийн олон орон хууль эрх зүйн өөрчлөлт хийж байна. Өчигдөр ОХУ хөл хорионы үед баримтлах хууль баталсан.

Манай улсад эмчлэгдэж байгаа 12 хүний биеийн байдал хэвийн байна. Хүндэвтэр байсан хоёр хүний биеийн байдал сайжирсан. Манай орны хувьд өвчтөнүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг илэрч байгаа учраас нууц үеийн хугацаанд халдвар тараах эрсдэлтэй байна" гэв. 

Түүнчлэн "Өвчлөл, тархалт ойрын хэдэн сард буурахгүй бөгөөд олон жилийн турш нүүр тулж явах магадлалтай гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна. АНУ-ын эрдэмтдийн судалснаар нийт өвчтэй хүмүүсийн 10.9 хувь нь чихрийн шижинтэй, 78 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн суурь өвчтэй, 9.2 хувь нь уушгины өвчтэй хүмүүс байна. Тамхи татдаг хүмүүс КОВИД-19 халдвараар өвчлөх, халдвар авсны дараа хүндрэх, амь насаа алдах магадлал өндөр байна. Тийм учраас дэлхий нийтээр тамхины хэрэглээнээс татгалзаж, тамхиа багасгах гэсэн чиглэл, зөвлөмжийг өгч байна.

Хөл хорио, тусгаарлалт коронавирустэй тэмцэхэд маш чухал арга хэмжээ гэж судлаачид үзэж байна. Хэрвээ нэг өдөр алдаж хөл хорио, тусгаарлалт хийвэл өвчлөл 40 хувиар нэмэгдэнэ. Шинж тэмдэггүй хүнээс халдвар авах эрсдэл өндөр байна.

Жишээлбэл, БНХАУ-д 1541 шинж тэмдэггүй хүн өвчлөлийн тоонд бүртгэгджээ. Шинж тэмдэггүй хүнийг хэн ч өвчтэй гэж мэдэхгүй учраас иргэд амны хаалтаа зүүх нь зөв. Олон улсын эрдэмтдийн судалгаагаар амны хаалт зүүгээгүй хүмүүс шинж тэмдэггүй хүнээс халдвар авах нь хоёр дахин илүү байна гэж үзсэн. Тийм учраас иргэддээ амны хаалтаа байнга зүүж яваарай гэж зөвлөе" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.1) 2020 оны 04 сарын 01

мэдэж байна аа

1  |  0
Top