Шинэ төрлийн титэм вирус хүнээс хүнд халдварлаж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Хятадын Ухань хотын эрүүл мэндийн хороо шинэ төрлийн титэм вирус хүнээс хүнд халдварлаж болзошгүй ч ийм эрсдэл харьцангуй бага хэмээн мэдэгджээ.

Одоогийн байдлаар вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол гараагүй байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр, шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа эхний үе шатанд хөнгөн хэлбэрээр буюу халуурах, ханиах зэргээр илэрдэг аж. Гэхдээ энэ өвчин ялангуяа өндөр настан, ужиг өвчтэй хүмүүсийн хувьд богино хугацаанд хүндэрч болзошгүй. Энэ вирусээр халдварласан 41 тохиолдол бүртгэгдсэнээс нэг гэр бүлийн гишүүд өвчилсөн тохиолдол гарчээ. Эхлээд Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах дээр ажилладаг нөхөр нь үл мэдэх вирусээр халдварласан бөгөөд дараа нь эхнэр нь өвчилжээ. Эхнэр нь тус зах дээр очоогүй гэж мэдэгдсэн байна.Үүнээс өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ өвчлөлийн газрын тэргүүн Мариа Ван Керкхове Ухань хотод бүртгэгдсэн шинэ төрлийн титэм вирус агаар, дуслын замаар хүнээс хүнд халдварлах боломжтой гэж мэдэгдэж байсан билээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын эрх баригчид Ухань хотод үл мэдэгдэх үүсгэгчтэй уушгины хатгалгаа дэгдсэн талаар мэдээлсэн. Судлаачид энэ өвчний үүсгэгч нь шинэ төрлийн титэм вирус болохыг тогтоосон билээ. Одоогийн байдлаар нийт 41 тохиолдол бүртгэгдээд байгаагаас нэг хүн нас барж,  өвчтөнүүдийн эмчилсэн эмнэлгийн ажилтнууд зэрэг олон зуун хүн эмнэлгийн хяналтад байна.

Титэм вирус нь 30 гаруй вирусийн нэг төрөл бөгөөд анх 1965 онд тодорхойлсон байдаг. Хүн, гэрийн тэжээмэл амьтан, мал, шувуу, гахай халдварладаг. Титэм вирус нь амьсгалын систем, хоол боловсруулах эрхтэн, мэдрэлийн системийг гэмтээдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top