Малайзын экс Ерөнхий сайд Ш.Алтантуяаг хорооход оролцоогүй гэдгээ Аллахын нэрээр тангараглав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 22

Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак доогоос 13 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хороох хэрэгт ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдгээ Аллахын нэрийг барьж тангараглажээ.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт гэр бүлийнхнийхээ хамтаар шашны мөргөлд оролцож байхдаа ийнхүү мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Ш.Алтантуяагийн амь насыг хороосон алуурчдын нэг нь Нажиб Разак хороох захиалга өгсөн гэж мэдүүлсэн юм. Тодруулбал түүний бие хамгаалагч байсан Азила Хадри мэдүүлэгтээ “...Тагнуултай холбоотой нууц мэдээлэл мэдэж байсан тул монгол иргэний амь насыг хороох тушаалыг Нажиб Разак өгсөн” гэж дурдсан билээ. Тэрбээр энэ хэрэгт холбогдож, шалгагдаж эхэлсэн цагаасаа хойш Нажиб Разакыг хэрэгт шууд оролцоотой болохыг ийнхүү анх удаа мэдэгдсэн юм.

Нажиб Разак өнгөрсөн жил албан үүргээ өгснөөсөө хойш авлига, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх хэд, хэдэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй.

“Үнэн хэрэгтээ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа гэх хүнтэй уулзах нь бүү хэл зүсийг нь ч харж байгаагүй. Амь насыг нь хороох тушаал ч өгөөгүй. Хэрэв би худал хэлсэн байх юм бол Аллах намайг гэсгээг” гэж Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак мэдэгджээ.

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 оны аравдугаар сард Куала Лумпур хотын захад ширэнгэн ойд цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр амь насыг нь хороосон юм. Улмаар уг хэрэгт Нажиб Разакын бие хамгаалагчид татагдаж шалгагдаж, цаазын ял сонсоод байгаа билээ.

Хэдийгээр талийгаачийн амраг байсан гэх Абдул Разак Багиндаг энэ хэрэгт холбон шалгаж байсан ч баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нажиб Разак гурван удаа Аллахын нэрээр тангараглаж байв. Исламын шашинт орнуудад Аллахын нэрээр тангараглах нь эрхэм боловч Малайзын хуульд энэ тухай тусгаагүй байдаг юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.164.43) 2019 оны 12 сарын 23

Бурхан минь хаа газрын бохир улстөрчи д ийм л б айх юм худлаа ярьж ам тангараг өгөөд. Хөөрхий бүсгүйн хэргийг ядаж үнэн зөв шүүгээд тэнгэрт байгаа сүнсийг н ь амирлуулдаг болоос ой.

0  |  0
Top