С.Шаарийбуу: Шүүх хурал хэзээ дуусахыг мэдэхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Малайзад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн хэргийг шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сард Куала-Лумпур хотноо эхэлж, найм хоног үргэлжилсний эцэст завсарлага аваад байсан бол уг хурал ирэх тавдугаар сард үргэлжлэхээр болсон байна.

Шүүх хуралд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгч нар ар гэрийнхэнд нь туслалцаа үзүүлэн оролцсон бол гэрчээр талийгаачийн аав С.Шаарийбуу, хүү Б.Баярхүү, талийгаачийн үеэл Г.Намираа нар оролцоод эх орондоо ирээд байна.

Шүүх хуралд гэрчээр оролцоод ирсэн түүний аав С.Шаарийбуу “Шүүх өөр системээр ажиллаж байгаа учраас хурал хэзээ дуусахыг мэдэхгүй. Шүүх бүрэлдэхүүн өмнө нь хэрэгтнүүдэд үйлчилсэн. Одоо анх удаа үнэнийг эрсэн шүүх хурал болж байна. Манай хуульчид үнэнийг тогтоох бүхий л боломжийг ашиглахаар хичээж байгаа” хэмээжээ.

Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Малайзын шүүхэд 2007 онд нэхэмжлэл гаргаж байсан ба талийгаачийн бага хүү Мөнхтулгын Алтаншагай 2017 онд 15 насандаа өөд болсны дараа түүний нэрийг нэхэмжлэгчдийн нэрсээс хассан байдаг. Улмаар уг хуралд албан ёсны нэхэмжлэгчээр дөрвөн хүн оролцох юм.

Талийгаач Ш.Алтантуяагийн хүү Б.Баярхүү

Хэргийг эргэн сануулбал, одоогоос 13 жилийн өмнө Малайзын нийслэл Куала-Лумпурын ойролцоох ойд 28 настай Ш.Алтантуяаг буудан хөнөөж, цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарч байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Малайзын хоёр цагдаад 2015 онд цаазын ял оноосон билээ. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хурлын үеэр, батлан даалтаар суллагдаад байсан хоёр цагдаагийн нэг болох Сирул Азар Умар нь Австрали руу зугтсан. Тэрбээр гадаад улс руу зугтсаныхаа дараахан “Шинэ Засгийн газар надад бүрэн өршөөл үзүүлж, намайг сулласан тохиолдолд би энэ хэргийг шийдвэрлэхэд туслах болно” хэмээсэн байдаг.

Харин Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан хоёрдагч этгээд тус улсын экс ерөнхий сайд Нажиб Разакийн дотны найз, Батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда гэгч юм. А.Р.Багинда болон хохирогч эмэгтэй хоёр амрагийн холбоотой байсан гэх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээлж байв.

Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хоёр цагдаад цаазын ял оноосон хэдий ч хэрэгтнүүд сул чөлөөтэй байгаа хэвээр бөгөөд энэ хэргийг захиалагчийг одоо хүртэл илрүүлээгүй байгаа юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэгээ(202.179.2.210) 2019 оны 04 сарын 10

Шаарийбуу гуай тантай хамт сэтгэл зүрх нэг шүү. Та үнэхээр мундаг. Таниар бахархаж суудаг шүү, та эрүүл энх байгаарай, Бүх зүйл Монголын талд болно гэдэгт итгэлтэй байна

0  |  0
zochin(202.179.25.104) 2019 оны 03 сарын 19

gem buruutniig zaaval olj chorond esvel chaazaar av. Bid mongol chumuustei chairtai.

0  |  0
Zochin(66.181.160.7) 2019 оны 03 сарын 20

Huurhii aaw huugiin setgeliig n amraaj uguusei. Snuuh snudarga ajillaasai da. Nuhun tulbur malaiziin zasgiin gazar uguusei. Mongol hunii ami une tsenegvi gej bodood l hen araas n yawdagiin geed l hertsgii baidlaar ami nasand n haldsan gj bodoj bn. Harin Snaariibuu gyai tuusntai hun tuldaa l udii hurtel yawj bgan. Manai uls ene ger buld tus dem uzuuleesei.

3  |  0
Top