Төсвийн зарлага түүхэнд анх удаа 14 ИХ НАЯДЫГ шүргэх нь

2019 оны 09 сарын 27

Уг нь улсын төсөв гэдэг ойлголт иргэн бүрийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой. Гэвч нийгмээрээ, нийтээрээ жил жилийн өдийд л  төсөвт анхаарал хандуулдаг жишигтэй. Зүй нь төсөв хуульчлагдан батлагдсаны маргаашаас эхлээд дараагийн жилийн төсвийн тоонуудыг бодлого боловсруулагчид тооцож, сахилга баттай, орлого, зарлагын тэнцвэрийг зохистой түвшинд барьсан төсвийг зохиохын тулд анхаарах ёстойг мэргэжилтнүүд хэлдэг. Харин бодит байдал дээр төсвийн зураглал хөрсөн дээр буухдаа эрх баригчдын ая данд нийцсэн байдалтай болдог нь  нэгэнтээ ил болсон зүйл. Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулийн жилийн буюу ирэх оны нэгдсэн төсвийн төслийг спикерийн ширээнд тавихаасаа өмнө хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө төсвийн сахилга батыг цаашид үргэлжлүүлэн сахина гэсэн. Гэвч сайдын танилцуулсан тоонууд  өөрийг өгүүлж байгаа юм. Энэ оны төсвийг батлахдаа алдагдлыг нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр баталж байсан бол 2020 оны хувьд энэ хувь хэмжээг бууруулж, алдагдлыг нь 5.1 хувьтай тэнцүүлэн барихаар төсөлд тусгасан гэсэн л дээ.

Тэгвэл 2020 оны нэгдсэн төсвийн орлогыг энэ оныхоос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг байхаар тооцсон бол зарлагыг нь 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буюу орлого, зарлагын зөрүү нь  -2.1  их наяд төгрөг болж байгаа юм. 2019 оны тухайд төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байсантай зэрэгцүүлж харахад 2020 оны төсвийн алдагдлын тоо хэмжээ энгийн үзэгдэл мэт боловч орлогыг өсгөж тооцоод зарлагаа нэмжээ.

Энэ оны тухайд төсвийн орлого 9,676.5 их наяд төгрөг, зарлага нь 11,589.1 их наяд төгрөг байхаар тооцож, хуульчилсан. Төсөвт тодотгол хийгээгүй учраас энэ тоо хэмжээ хэвээрээ. Тэгэхээр ирэх онд төсвийн зарлагыг 14 орчим их наяд төгрөгт шүргүүлж тооцоод буйг айсуй хямралын өмнө амжиж хийж байгаа зүй зохистой зарцуулалт гэх үү. Эсвэл сонгуулийн жилийн онцлог бүхий төсөв гэх үү гэдэг асуудал яригдаж таарна.

Дашрамд өгүүлэхэд, улсын төсвийн тооцоолол  их наядаар хэмжигддэг болоод 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай улсын төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм. Харин энэ 2019 оноос анх удаа 10 их наядыг давсан бол 2020 онд түүхэнд анх удаа 14 их наяд төгрөг шүргэсэн зарлагыг хуульчилж мэдэх нь. Сангийн сайд хоёр их наяд төгрөг давсан алдагдлыг нэг их наяд руу оруулах боломж бий гэж байна лээ.

Түүний тайлбараар бол ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байхаар тооцсон гэж байгаа юм. Гэхдээ 12.9 их наяд гэсэн орлогын энэ тооцооллыг биш 11.8 их наяд төгрөг гэсэн тооцооллыг төсвийн хуулийн төсөлд тусгаж оруулж ирж байгааг нь дахиад тодотгоё.

Энэ 2019 оны төсвийг хоёр их наяд шүргэсэн алдагдалтай баталж байх үед зарлагаа танах бололцоо байгааг хэлэх эдийн засагчид байсан. Харин төсвийг тооцдог салбарын сайд хэлэхдээ төсвийн зөв бодлого явуулсны үр дүнд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь сүүлийн таван жил буурч байгаа гэх мэдээллийг өгч байсан юм. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барихдаа “2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн, зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж, уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар, гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байна” гэлээ. Гэхдээ эрсдэлүүд байгааг тэрбээр хүлээн зөвшөөрч байна. Манайхаас хамаарах дотоод эрсдэл гэхэд “Саарал жагсаалт”-ын гадаа үлдэж чадах эсэх, банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт хийсэн шалгалтын үр дүнг хамааран асуудал үүсэхгүй байх эсэх, өвөлжилт хүндэрч болзошгүй гэхчлэн сөрөг үр дагавар дагуулж болзошгүй эрсдэлүүдийг сайд нэрлэсэн. Гадаад эрсдэлийн эхэнд  тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны маргаан, технологийн салбарт үүсэж буй асуудал нь манай түүхий эдийн экспортод сөргөөр нөлөөлж болзошгүйг мөн дурдаж байсан. Эдгээрээс гадна тухайлан яригдах ёстой асуудал бол 2021-2024 онд төлөх ёстой гурван тэрбум орчим ам.долларын өр юм. Тэгвэл Сангийн сайдын хэлж буйгаар энэ өрийг эдийн засагт, төсөвт дарамт учруулахгүйгээр зохицуулахаар ажиллаж байгаа гэх. Төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэндээ анх удаа хоёр  их наяд төгрөг байхаар тооцоолохдоо энэ мөнгийг бонд босгохгүйгээр олно гэж байх юм. Тийм байж болох ч төсөвт дарамт учруулахгүйгээр шийдчихнэ гээд буй экс бондын өрүүдээ дахиад л өрөөр санхүүжүүлэхээс өөр гарцгүй бид хаа хаанаа гадарлаж суугаа. Тэгэхээр төсөвт суулгаж өгөх тоонууд ард хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдгийн үлгэрийг л сануулсан байр байдалтай байхаар анзаарагдаж байна.

Ч.Хүрэлбаатар сайдын өгч буй мэдээллийн агуулга бол бид одоо хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа үеэ  л ашиглахгүй бол орлого муудчихсан, эрсдэл тулсан үед  ингэж хөрөнгө оруулалт төлөвлөж чадахгүй гэж байгаа юм л даа. Нэг талаас тийм. Өрийн графикаас хальж давж сэтгэж чадахгүй тулсан үед нэг тэрбумаар нэг сургууль барьж чадахгүй зүдэрч мэднэ. Гэхдээ ингэж харах нь нөгөө талдаа зарлага хэр “бай”-гаа онож байна вэ гэдэг асуудлыг тодотгохыг шаардаж таарна. Төсвөөс түүхэнд анх удаа хоёр их наядыг хөрөнгө оруулалтад зарцуулах гэж буй бол тэдгээр нь эргэн үр өгөөж дагуулах, үр өгөөж харьцангуй өндөртэй, шигшигдсэн төслүүд байх хэрэгтэй л дээ. За тэгээд 14 их наяд шүргэсэн зарлагыг задалж харвал 2.6 их наяд нь цалингийн зардал байгаа юм. Цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэж сайд хэлсэн. Үүнд 160 тэрбум төгрөгийн нэмэлт зардал, Төрийн албаны шинэ хууль хэрэгжихтэй холбоотой 140 тэрбум төгрөгийн зардал, нэмж тусгагдсан.  Багш нарын дундаж цалин 1.5 сая төгрөг болно. Цэцэрлэг, сургуулийн “Үдийн цай”-ны төсвийг 50 хувиар нэмнэ гэхчлэн нийгмийн чиглэлийн тоонуудыг мөн хэлж байсан.

Сануулахад, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөс манай эрх баригчдад төсвийн сахилга батаа хадгалахыг хэдхэн хоногийн өмнө сануулсан. Мөн Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчид ч мөн  ийм зүйл хэлнэ лээ.  Харин өнөөдөр спикерийн ширээн дээр байгаа төсвийн төслийг харахад эрх баригчид сахилгагүйтэхээр санаархаж байх шиг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top