Египет улсад хэт халалт болж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Египет улсад хэт халалт болж, өнөөдөр нийслэл Каир хотноо агаарын температур нэмэх 45 хэмд хүрчээ.

Тавдугаар сард тохиогоод байдаггүй ховор үзэгдэл энэ долоо хоногийн эхээр эхэлсэн бөгөөд өнөөдөр /2019.05.23/ оргил үе нь болсон байна.

Тус улсад үүсээд буй цаг агаарын гамшигт үзэгдэлтэй холбогдуулан Египетийн боловсролын сайд өнөөдөр улс орон даяар нэгдүгээр ангийн сурагчдын дунд болох ёстой байсан гадаад хэлний шалгалтыг хойшлуулсан байна. Хэд хэдэн их сургуулиуд мөн шалгалтуудаа хойшлуулжээ.

Хэт халуун цаг агаар Египетийн газар нутгийг бүхэлд нь хамраад байна. 45 хэмийн халуун Каир хот, Газар дундын тэнгисийн эрэг орчим болон Дээд Египетийн өмнө, хойд хэсэгт бүртгэгдлээ гэж тус улсын Цаг уурын ерөнхий газар мэдээлжээ.

Цаг уурчдын өгсөн мэдээгээр, энэ сард олон жилийн дунджаас даруй 7-8 хэмээр дулаан байгаа бөгөөд иргэдэд аль болох гадагш гарахгүй, сэрүүн газар байхыг зөвлөж байгаа аж.

Ирэх бямба гарагаас эхлэн халуун буурах төлөвтэй байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top