Бүс нутагт тогтвортой байдлыг хангах Монгол Улсын байр суурийг илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

“Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2018 оны 9 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд тус улсын Монтро хотноо зохион байгуулсан Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх дугуй ширээний 7 дахь удаагийн уулзалтад оролцож үг хэлэв.

Дугуй ширээний уулзалтад Зүүн Хойд Азийн БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон зэрэг улсаас гадна АНУ, Швейцар Улс, Европын Холбоо-ны нийт 38 төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцлоо. Тэд 1) Зүүн Хойд Ази дахь стратегийн чиг хандлага, бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс, 2) итгэлцлийг бэхжүүлэх цэрэг, улс төрийн арга хэмжээ, 3) Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид болох үйл явцын цаашдын дүр зураг, 4) Солонгосын хойгт улс орнуудын харилцааг хэвийн болгох гарц шийдэл, 5) Зүүн Хойд Азид бат бэх, тогтвортой энх тайвныг тогтоох арга зам зэрэг багц таван асуудлаар үзэл бодлоо солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дугуй ширээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ дэлхий нийтийн аюулгүй байдлын яриа хэлэлцээнд эргэлт хийсэн хоёр Солонгос, мөн АНУ, БНАСАУ-ын дээд түвшний түүхэн уулзалтуудын дүнд  бий болсон эерэг чиг хандлагыг бэхжүүлэх, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон АНУ, БНАСАУ-ын анхны дээд түвшний уулзалтын дараахан Монгол Улс Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан тухай тэрээр дурдаж, холбогдох талууд  яриа хэлэлцээ хийхэд манай тал цаашид ч дэмжиж ажиллахыг мэдэгдлээ.”

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top