Туркийн тусгай албад дэлхий даяар ангуучилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

Турк улсын Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоганы дайснуудыг дэлхий даяар эрэн хайх ажиллагааг тус улсын тусгай албад гүйцэтгэн, тэднийг хулгайлан хууль бусаар эх оронд нь аваачсаар байна. Тэдгээр “дайснуудыг” эх оронд нь шорон, тамлалт хүлээж буй.

Турк улс парламентын засаглалаас супер-ерөнхийлөгчийн засаглалд шилжсэнээр Эрдоган сүүлийн үед хязгааргүй бүрэн эрхэт удирдагч болжээ. Тэрээр төр, засгийн бүхий л удирдлагыг гартаа төвлөрүүлсэн бөгөөд саяхан болж өнгөрсөн ээлжит бус сонгууль түүний хүчин чадлыг улам бэхжүүлсэн байна.

Түүний энэхүү байдалд саад хийхийн тулд 2016 оны долдугаар сарын дундуур тус оронд төрийн эргэлт хийхээр оролдсон юм. Босогчдын талд орсон нисэх хүчнийхэн Анкара дахь ерөнхийлөгчийн өргөө болон парламентын ордныг бөмбөгдсөн билээ.  

Тухайн үед засгийн эрх мэдэл Зэвсэгт хүчний ерөнхий штабт шилжсэн тухай босогчид мэдээлж байсан хэдий ч Эрдоган тэднийг дарж чаджээ. Ингээд тус улсад өргөн хүрээт “цэвэрлэгээ” эхэлсэн юм.


Турк улсад Онц байдал тогтоон, орон нутгийн эрх баригчдын зүгээс энгийн ард иргэдийг өчүүхэн төдий шалтгаанаар торны цаана суулгасаар байв. Сэтгүүлчид, цэргийн албан хаагчид, эрдэмтэд, төрийн албан хаагчид гэх олон мянган хүмүүс терроризмын хэргээр буруутгагдан шоронд хоригдож эхэлжээ.

АНУ-ын Пенсильванид амьдардаг исламын номлогч Фетхуллах Гюлен болон түүний дагалдагчдыг төрийн эргэлт хийх оролдлогын гол зохион байгуулагчид хэмээн буруутгаж, тэдэнтэй холбоотой гэгдэх хэдэн мянган хүнийг баривчилсан юм. Гэвч номлогчийн талын олон хүмүүс хилийн чанадад оргон зугатаж амжсан учраас ийнхүү дэлхий даяар тэднийг ангуучлах их авыг Туркийн тусгай албад эхлүүлсэн аж.

2017 оны 11-р сард Туркийн үндэсний тагнуулын байгууллагад Гюлены талынхныг хилийн чанадад мөрдөх зорилго бүхий шинэ тусгай хэлтэс байгуулагджээ. Энэхүү ажил нь их үр дүнд хүрч байгаа тухай Туркийн хэвлэлүүд мэдээлсээр байна.

Саудын Араб, Азербайжан, Гүрж, Малайз, Мьянмар, Судан, Пакистан, Афганистан болон бусад олон орны эрх баригчид өөрийн улс орнуудад амьдарч, үйл ажиллагаа явуулж байсан бизнесмэнүүд, эрдэмтэн багш нар болон тэр ч байтугай, НҮБ-ээс дүрвэгчийн статус авсан хүмүүсийг хүртэл Анкарад дамжуулан өгсөн аж.


“Гюлены бүлэглэлтэй холбоо сүлбээ бүхий нийт 80 хүнийг дэлхийн 18 улс орноос Турк руу баривчлан авчирлаа. Энэ маягаар бид их амжилтад хүрэхээр байна. FETO одоо сандралд ороод байгаа” хэмээн энэ оны дөрөвдүгээр сард шадар сайд асан Бекир Боздаг мэдэгдэж байжээ.


Эдгээрээс хамгийн дуулиантай нь 2018 оны гуравдугаар сард Косовод явуулсан тусгай ажиллагаа аж. Туркийн тусгай албад Косовогийн тагнуулынхны дэмжлэгтэйгээр Гюлентой холбоотой гэх зургаан иргэнийг баривчлан, Туркийн тагнуулын онгоцонд нууцаар суулган авчирсан байна.

Тэдний тав нь Косово дахь Мехмет Акифын коллежийн багш нар байжээ. Тэднийг ийнхүү баривчилсан нь Приштинд олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч тэднийг хэдийн эх оронд нь аваачаад, торны цаана суулгачихсан байв.

Харин Косовогийн эрх баригчид энэхүү үйлдлийг хатуу чангаар шүүмжилсэн байна. Тус улсын ерөнхий сайд Рамуш Харадинаж өөрийн тусгай албадыг хүчтэйгээр буруутгажээ. Тэрээр энэ тусгай ажиллагааны тухай ямар ч ойлголтгүй байсан тухайгаа мэдэгдээд, хэрэв мэдсэн байсан бол хууль ёсны хэм хэмжээний дагуу шийдвэрлэх байсан гэдгээ твиттер хуудсандаа өгүүлсэн байна.

Энэ үйл явдлын дараахан тэрээр Гадаад хэргийн сайд Фламур Сефай болон Тагнуулын байгууллагын удирдагч Дритон Гаши нарыг албан тушаалаас нь огцруулсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top