Болор цом НААДАМ нь хэрэгтэй юу, Болор цомын ЭЗЭН нь хэрэгтэй юу...

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

Болор цом болдгоороо болж өнгөрөв. Мэдээж түрүүлсэн нөхөр өмнөх цомын эздийн жишгээр үгээр зодуулж хат муутайхан эр бол үзгээ чулуудчихаад ахиж шүлэг бичихгүй ээ би гээд буцаад алхмаар болтол балбуулав. Гэхдээ энд Болор цомд хэн түрүүлэх айрагдах нь сонин биш. Энэ наадам уншигчдын хүсэн хүлээсэн наадам хэвээрээ байгаа гэдгийг Дорнодод болдог Болор цом харуулж өгөв. Хэдэн өдрийн өмнөөс дээл хувцсаа бэлтгэж хүсэн хүлээж байдаг яруу найрагчдаа ойроос харах торгон боломжийг алдахгүйн тулд ихэд хичээсэн гэж дуулаад магнай тэнийн баясав. Зургаан зуун тавин хүний суудалтай аймгийн хөгжимт театрын танхим багадаж ахиад нэмж зуун сандал тавиад ч үл багталцав.

Гадуур хэзээний мартагдсан үлгэр болох шагийн тасалбарын наймаа ч сонстож байлаа.

Энэ яахав.хамгийн чухал нь Эрээнцавын Д.Нямсүрэн ахын 70 насны ойд зориулсан энэ жилийн Болор цомыг Дорнодчууд эрвийх дэрвийхээрээ хичээн зүтгэж хийсэн шиг хийж чадав. Батлан хамгаалахын сайдын өгсөн автобусны тохилогт манай хэдэн найрагчид жаргаж яваад 660 км харгуйг туулж ирэв. Ирээд мэдээж Дорнод аймгийн төв Хэрлэн сум буюу Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн буудалд тухлан тэнд хоногуудыг үдэн хоолыг хороов. Шаварт унасан шарын эзэн МЗЭ-ийн Дорнод салбарын тэргүүн Жамбалгарав тосон авч байрлуулж эртэлж ирсэн Ж.Нэргүй гавьяат, Ц.Төвшинтөгс гавьяат нартай хуучлаад аль алийг нь амжуулаад авсан гэж байгаа. Тэр хоорондоо бэлтгэлийн талаар хэн хэн ямар хандив өгч байгаа тухай ч ам хуурай байсангүй. За тэгээд Болор цом наадмын тэргүүн шүүгч Модернист фронт хамаандлагч Баатарын Галсансүх МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, Ү.Хүрэлбаатар гавьяат, хөтлөгч Бямбацогт нар хүрэлцэн ирснээр зочдын цуваа татарч эхний өдрийн алжаал тайлахаар тус тусын өрөөгөө зорив.

Хэдэн нэрийг зориуд дурдаад байгаа учрыг сайтар болгоон анхаарна буй заа.

Эхний өдрийн өглөө Хатагин овгийн билигт хүмүүн, төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэн абугайн хөшөөнд цэцэг өргөснөөр арга хэмжээ эхэлж аймгийн төв номын сангаар заларч уншигдын эхний уулзалтыг дэглэж Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Төгсжаргал Дорнод нутгийн унаган хөвгүүн яруу найрагч Б.Содномнамжилын Ганцхан түүврийг эмхэтгэснээ нээлтийг нь хийн олны сэтгэлийг хөдөлгөөд орхив. Дараа нь Д.Нямсүрэн ахын шүлгийн хөшөөнд очиж хүндэтгэл илэрхийлэн хэрхэн тэнд болзож болох, зугаацаж болох бас нөхөрлөлийг үүтгэж болох хийгээд ууж болох тухай Жамбалгарав, Нэргүй нарын дурсамжаас анирдаад авлаа.

Шүлгийн хөшөөнд МХЗЭ–ийн болоод ВЛКСМ-ийн тэмдэг илүүдсэн байсныг энд эс нуршин Болор цомын тайзнаа морилж наадмыг үүтгэлээ.

Үүтгэхийн өмнө Хөгжимт театрын Симфони оркестрын сонгодог аялгууг түр анирдан сэтгэлээ хөглөснийг дурдах нь таатай байна. Наадам болдгоороо болж шалгарсан нөхөд шагналаа гардаж авсныг дурдах нь илүүц биз. Гайхалтай нь Дорнодчуудын халуун алга ташилт байсныг энд ахин дахин дурдмаар байна. Орой нь Бадамсүрэн даргын хүлээн авалт хийгээд бас бусуудыг ч нурших нь илүүц.
Хоёр дох өдрийн өглөө цайндаа орсны дараа л ДИС, Политехникум, Зэвсэгт хүчний 0132,327-р ангиуд руу уншигчидтайгаа уулзахаар мордов. МЗЭ-ийн Яруу найргийн төвийн гишүүн Баатарын Галсансүхээр ахлуулсан МУСГЗүтгэлтэн Ай.Төмөр-Очир удаатай бидний хэдэн нөхөд хурандаа Өсөхбаяр захирагчтай ЗХ-ний 327-р ангид саатан уншигчидтай уулзалт хийж тэдний халуун сэтгэл, нугаршгүй итгэлд өлгийдүүлэн бусад бүлгээс цаг хэтрүүлэн донгодуулсан гэж байгаа. Хэрлэнгийн цагаан жаварт чичрүүдэс хүрэн алхсаар жагсаалын талбайд очин зургаа авахуулахаар суух агшинд эх орны хөвгүүд ирэн нөмөрлөхөөр тэдний сэтгэлийн илч жаврыг ч уясаах чадалтай байгааг бодоход таатай байсан шүү.

Манай Ай.Төмөр-Очир дуу алдсан гээч.

Бидний очдог анги ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол улсын баатар Г.К.Жуковын нэрэмжит байсан. Бахарахмаар биш гэж үү. Уулзалтаа өндөрлүүлээд мордох болоход Өсөхбаяр захирагч ганцхан хүсэлт байна гэж байгаад Б.Галсансүхээр Бурханд хэлэх зөвлөгөөг нь уншуулж, Ай.Төмөр-Очироор азарга адуу зуруулаад л үлдсэн дээ. Тэдний царайнаас сэтгэл ханасан баярын инээмсэглэл тасраагүй гэдгийг хэлэн 327-р ангийнхандаа амжилтыг хүсье.
Дээр нэр дурдаад байсан нууцаа дэлгэж бяцхан наргиан шигтгэхэд найрагчдын хөлийг залгуулсан БХЯамны сайд Б.Бат-Эрдэнэ, Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Наадмын тэргүүн шүүгч Б.Галсансүх, МУСГЗүтгэлтэн Ж.Нэргүй, МУГЖ Ц.Төвшинтөгс, хөтлөгч Бямбацогт нар бүгд Хэнтийнх байснаас гадна шүүгч МУСГЗ Ү.Хүрэлбаатар ах Хэнтийн хүргэн байсныг энд дурдан Дорнодын Болор цомыг чимсэн Хэнтийчүүддээ талархсанаа илэрхийлье.
Энэ наадмын гол учир шалтгааны нэг нь Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн хэлсэнчлэн яруу найрагчид минь эх орны тухай шүлгээр уруй буулгаж үр хойчсоо эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд сэтгэл зүтгэл, бүтээл туурвилаа зориулахыг уриалахад байсан шүү.
Эцэст нь тэмдэглэхэд Болор цом бол уншигч бүтээлчдийг нүүр тулган уулзуулдаг манай гарагийн цөөхөн наадмуудын нэг тул буруушаахаасаа илүүтэйгээр сэтгэлээ дэвсэн дэмжин оролцдог байгаасай гэж бодно. Уран бүтээлч хүмүүн тухайн жилийн шилдэг бүтээлээ уншигчдадаа өргөн барьдаг золголт, цагаан сар гэж болох Болор цомоо ад үзэхээсээ хамтдаа шинэчлэн улам илүү өргөн цар хүрээтэй сайхан наадам болгоход хичээн зүтгэе л. Зарим нэгний хэлээд байгаа шиг Болор цом уран бүтээлч яруу найрагчдын бүтээлийн шалгуур биш, шүлэг бичиж байгаагынх нь утга учир биш тул сэтгэлээ хичээн хандваас зохилтой гэж мунхаглана. Болор цомоо зүгээр л уншигчидтайгаа уулзах индэр л байлгая.

Болор цомыг бид өөрсдөө л хэт өндөрт өргөн дээдэлснээс ийм гаж гэж болох хамаарал руу хүчээр чирж оруулаад байна бус уу.

Хэт ихээр цээж дэлдэгсэд олшрохын хэрээр Болор цомын эзэн болохын төлөөх тэмцэл хүрээллээ тэлж байгааг харахад эмгэнэлтэй байна. Бидэнд Болор цомын эзэн нь бус Болор цом наадам л хэрэгтэй байгаа билээ. Цаг ирж нөхцөл бүрдэхэд гэж ярьдаг даа.
Болор цом наадмыг наадам шиг сайхан зохион байгуулж чадсан алга ташилт сэтгэлийн өглөгөө харамгүй хайрласан Дорнодчууддаа эх орны минь өглөө бүрийн өрхийг инээмсэглэл дүүрэн татаж явахыг хүсье.

Ерөөл талбигч МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Харнууд Дугаржавын Гансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top