НЯМСҮРЭН БА ”БОЛОР ЦОМ”-ЫН ДУУЛЬ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 29

Суу билигт найрагч Д.Нямсүрэн анд маань"Болор цом" наадамд оръё гэж нэг их бодож байгаагүй. Гэхдээ л ямархан нэгэн битүү догдлол хүлээлт түүнд байсан нь шүлгүүдээс нь тод мэдрэгдэнэ. Шөнө дөлөөр салхи хүүгэж, хаа нэгтэй хашааны хаалга савчиж, утасны модод умар зүгт шүгэлдэх Эрээнцав тосгоны нэгэн шөнө буюу 1997.12.24-нд "Шөнийн симфони" гэж сонин шүлэг бичсэн байдаг:

...Яг энэ цаг дор намайг шүлэг бичин мунгинаж суухад
Ядарсан нэгэн манай гаднаас түлээний мод авч оддог
Улаан хэлтгий сар баруун дээр гарахад муу хэрэг бүхэн мандаад
Улаанбаатарт "Болор цом" надгүйгээр болоод өнгөрдөг...
Жирийн салхитай ийм шөнүүд Эрээнцавд дандаа үргэлжилдэг
Жисчүү тэрлэгтэй бүсгүй хүн голоор яваадбайх шиг санагддаг
Жингийн хөсөг хөдөлгөх энэ арван хоёрдугаар сард
Жил жилийн гэгээн гуниг минь найруулсан дарсанд үлддэг...

Манай хүнд "Болор цом"-ын шүүлт ч юмуу, түүний дараах элдэв хэл яриа төдий л таатай байсангүй. Эсвэл уншсан шүлгүүд нь түүнд чамлагддаг байсан ч байж магадгүй. Ямартай ч сэтгэлийг нь долгисуулж өөрийн шүүлтийг шүлгэндээ шингээн үлдээдэг байж... Гэсэн ч гэгээн найрагч тэрбээр шүлэг бичиж тайтгараад, яруу найргийн төгөлдөршлийн тухай бодож эхэлнэ;

... Маргад эрдэнийн чулууг арчиж арччихсан мэт
Маргааш өдрийн тэнгэр яруу найраг шиг төгөлдөрсдөг...хэмээн сэтгэлээ ариусган цэлмээж маргааш өглөөгөө угтдаг байжээ.

" Шөнийн симфони" шүлгээ бичсэнээс нэг сарын дараа буюу 1998.01.28-нд "Болор цомын дараах дууль" хэмээх бас нэгэн шүлэг бичжээ. "Хананд өлгөсөн цаганд зүрх цохих", " Харанхуйд шувууд дуугарах", "Цайвар манан, үл үзэгдэх ахуй"-н сэтгэл үймцсэн элдэв дүрслэлт үйл явдлуудын дунд найрагч өөрөө " Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтүүлж" байгаа нь нэн гайхалтай. Тэрвээр үргэлжлүүлэн шүлгээ төгсгөхдөө;

...Ерөөл хараалаас ангид газар
Юм бүхэн байгальдаа багтахад би байдаг
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ердийн хуучин байшиндаа би нуугдан суудаг... гэжээ.

"Болор цом"-ын дараа ерөөл хараал юм юм л болох. Харин Нямсүрэн найрагч тэр бүхнээс ангид хөдөөх тосгондоо нуугдан сууж гэгээн алсаас ийн бичиж суусан байх юм. Яг нэг жилийн дараа буюу 1999 оны нэгдүгээр сард Зохиолчдын Эвлэлийн 70 жилийн ой болж их найрагч бээр Эрээнцаваасаа уригдан ирсэн юм. Биднүүс ч түүнийг " Болор цом"-д хир чинээгээрээ бэлдэв. Би түүнийг гэрийнхээ ойролцоох үсчинд аваачиж, үсчин ч түүний үсийг чадлаараа гоё болгож өглөө. Нямсүрэн бишрэн дагагч олонтой болсон үе л дээ. Тэд нь түүнийг дагуулж гараад орой "Болор цом"-д хөтөлж аваачихаар тохирсон юм. Их ойн "Болор цом" нижгэр болов. Зохиолчдын байгууллагын ойг хүндэтгэж Дашбалбар биднүүс бүгдээрээ л тайзнаа гарч шүлгээ уншсан юм. Энэ жилийн "Болор цом" Эрээнцавын Нямсүрэнгийнх болно гэх хүлээлт шүлгийн хорхойтнуудын тааварт баттай ороод байлаа. Үзэгч уншигчид Нямсүрэнг тайзнаа гарч ирэхэд халуун алга ташилтаар угтсан, харин мань хүн дараачийн даваанд унших шүлэгтэй дэвтэрээ өврөөсөө гээчихсэн юмуу, мартчихсан ч юмуу олоогүй... Мөнөөх өндөр тайзан баахан будилаад бууж одсон билээ. Ингээд л түүний хувьд "Болор цом" дууль болон үлдсэн түүхтэй.

Харин өнөөдөр тэрбээр амьдарч туурвиж асан Дорнод аймагт нь болж буй өөрийнхөө 70 жилийн ойн нэрэмжит "Болор цом"-ыг Шамбалынхаа өргөөнөөс сонссон шигээ, бас л "ерөөл хараалаас ангид" байгаа... Суу билигт найрагч түүний гэрэлт оюун сүнс, хэн гэгч шүлэгчийн ямархан шүлэг "сүмийн ширээний лаа шиг гэрэлтэх"-ийг анирлан өөрөө амьддаа аваагүй "Болор цом" хэний хүүд очихыг харахаар хүлээж суугаа нь лавтай. Харин бид түүнийг "Тэмээний нулимсанд бийрээ дүрж, Тэнгэр дээр шүлгээ бичиж байсныг" нь өнөөдөр илүү тод мэдрэх болно.

2017.01.28
Дөрвөн уулын дунд

Г.Мэнд-Ооёо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top