Өртгөө нөхсөн тэдэнд хуу хамах л үлдсэн юм биш байгаа...

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Урагш нь тос урсгаад чамгүй удаж байгаа Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани нефтийн 449  цооногоо хооронд нь хоолойгоор холбоод байгаа талаар эх сурвалжууд ярьж байгаа юм. Тэгэхээр  тосны гарц, экспортын хэмжээ нэмэгдэж таарах нь. Биднийг гаднаас тос авах гэж үгээ хэлж байхад манай нутаг дээр хятадын компаниуд тосоор “дургиж” байгаа нь зэрэгцүүлж харахад сонирхолтой л юм. Уг нь Тамсагийн сав газрын олборлолт 2016 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадалдаа бүрэн хүрнэ гэдэг ч нэгэнтээ экспортод гаргаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Тэр талаараа байр сууриа илэрхийлэхдээ “Газрын тосны олборлолт жил бүр өсөн нэмэгдэж буйтай холбогдон технологийн хүндрэлүүд үүсэхээс урьдчилан сэргийлж, олборлож буй тосыг газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох хүртэл хугацаанд экспортлох шаардлагатай болсон”  хэмээн тайлбарладаг.Эргэн санахад манай улсад  анх 93 оноос  газрын тосны салбарт Канад, Америкийн хөрөнгө оруулагч компаниуд ажиллаж байгаад, тухайн үед газрын тосны үнэ хямд байснаас мөн хөрөнгө мөнгөний бололцооноосоо болоод гарсан байдаг.  19, 21, 22-р талбайнуудыг “эзэмшиж” байсан “Соко интернэшнл”  компани гарч явахдаа  Хятадын Си Эм Пи Си-гийн Дачинд эрхээ шилжүүлсэн бол Зүүнбаянгийн сав газар дахь талбайн эрх Доншенд шилжиж байсан байдаг юм.

Ер нь газрын тосны салбарын сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад улсын хэмжээнд хайгуулын 30 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 21 талбайд 16 аж ахуйн нэгжтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа аж. 8 талбайд сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд 1 талбайд нээлттэй тендер зарласан байгаа. Үүнээс “Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “БХГ-97” талбайд “Доншен Газрын тос (Монгол)” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаа. Бусад 18 талбайд хайгуулын ажил хийгдэж байгаа юм. Экспортлосон хэмжээг аваад үзэхээр улсын хэмжээнд 1998 оноос 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, 13.3 сая баррель буюу 1.8 сая тонныг БНХАУ-д экспортлосон байгаа юм.  Ер нь бол  Дорнодын сав газар дахь тосоор Хятадын компаниуд хөлжиж байгаа нь маргаангүй үнэн.

Хэдийгээр Газрын тосны газрын зүгээс “...Монголын Засгийн Газарт аль нь ашигтай санал, хамгийн их хэмжээг өгч байна. Бид тэр газартай л ажиллана. Бид Монголын ард түмний төлөө ажиллаж байгаа болохоос аль  нэг улсын юм уу, эсвэл аль нэг компанийн төлөө ажиллаагүй. Ийм ч үүднээсээ бид Монголын Засгийн Газард  буюу Монголын ард түмэнд хамгийн ашигтай хувилбарыг хаана, ямар компани өгнө. Бид тэд нартай л ажиллах болно. Тэгж ч ажиллаж байгаа. Ерөөсөө ямар нэг улс төрийн байдлаар юмуу, аль нэг улсын геополитикийн талаас нь авч үзээгүй” гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн ч, бодит байдлаа харахаар манайхаас илүү гадныханд өгөөж нь очсон шийдвэрүүд л гарч ирсэн байгаа юм.

Түүнчлэн Дорнод аймагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн компаниас хамгийн томдоо тооцогддог гэх  “Петро Чайна дайчин Тамсаг” компани аймгийн төсөвт нэмэр болдоггүйг спикер айлчлалынхаа үеэр нэхэн илрүүлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймагт ус, агаар бохирдуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, тээвэр, газрын төлбөрийн зэрэг дөрвөн төрлийн татварт нийтдээ 335 сая 980 мянган төгрөг л төлсөн аж. Гэсэн мөртлөө 60-100 тонны хүнд даацын машинуудаар талыг там болтол нь талхиж ирсний уршиг нь байгаль орчинд хүндээр туссан нь тогтоогдож тус компаниас байгаль орчныг доройтуулсны нөхөн төлбөр 1.3 тэр бум төгрөгийг гаргаж авах ёстой гэдгийг шат шатны шүүх тогтоожээ гэж харахад болохоор байгаа. Уг нь арваннэгэн он гэхэд Тамсагаас Бичигтийн боомт хүртэл авто зам тавих ёстой байсан ч, таг мартчихсан байсан бололтой юм.

Мэдээж тэдний өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэнгүй. Спикер тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Хятадын тал манай улсад 1,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1,37 сая тн газрын тос БНХАУ-д экспортолж, түүхий тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын төсөвт 251,4 тэрбум төгрөг оруулсан гэх мэдээлэл өгч байсан. Түүнчлэн  “Петро Чайна Дачин Тамсаг” компани түүхий нефтиэ экспортлож байгаагаас хамаараад хоёр хөрштэй хэлэлцэх нефтийн бодлого өөрчлөгдөнө гэсэн хүлээлт манайханд байгаа юм.

Газрын тосны газраас өгсөн мэдээллээс үзэхэд Тосон-Уул XIX, Тамсаг-XXI болон 1997 оны БХГ-т талбайн газрын тос нь дэлхийн газрын тосны аж үйлдвэрт мөрддөг түүхий тосны шинж чанарын хувьд дунд зэргийн, хүхэр багатай тосонд хамаардаг аж. Тамсагийн сав газраас олборлож буй газрын тосыг Сингапурын бирж дээр борлогддог “Дачин 33” маркийн, Дорноговийн сав газраас олборлож буй түүхий тосыг Лондонгийн бирж дээр борлогддог “Брент” маркийн тосны тухайн үеийн борлуулах үнээр тус тус борлуулж иржээ. Тэгэхээр туршилтын журмаар экспортлож ирсэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК дэлхийн таваарын зах дээрх түүхий тосны ханштай ижил хэмжээнд тосоо нийлүүлдэг гэхээр ашигтай ажиллаж байгаа нь тодорхой юм. Бүтээгдхүүн Хуваах Гэрээний дагуу гэрээлэгч нь олборлон экспортолж буй түүхий тосны 40 хувиар өртгөө нөхөх ба үлдсэн тосны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээнд заасан хувь бүхий тодорхой хэсэг нь Монгол Улсын Засгийн газарт ногддог юм. Петрочайна Дачин Тамсаг ХХК 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 17,7 хувь буюу 294,8 сая ам.долларын өртгөө нөхөөд байгаа гэх мэдээллийг Газрын тосны газраас өгч байна. Харин Доншен газрын тос Монгол ХХК нийт 216 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 39,1 хувь буюу 84,6 сая ам.долларын өртгөө нөхжээ.  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн мэдэл дэх Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” болоод “Доншен Газрын тос (Монгол)” ХХК –ийн мэдэл дэх “БХГ-97” талбайн нийт баталгаат нөөц 332,64 сая тонн,  үүнээс 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг. Ямартай ч  15 жилийн хугацаанд 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлосон гэж үзэхээр ирэх жилүүдэд Тамсагаас Хятад тийш урсах тосны хэмжээ чамгүй  байж таарах нь. Харин тэгж урсгахдаа хууль, дүрэм зөрчсөн хэвээрээ л байгаад байх юм биш байгаа...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top